Тооллого

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


Бүлэг 16

Левийн гуч, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений хөвгүүд болох Датан, Абирам болон Пелетийн хүү Онтой хамт хөдөлж
2 Израилийн хэсэг хөвгүүдийн хамт Мосегийн өмнө хөндөлдөн босжээ. Тэдгээр нь чуулганд сонгогдсон, цуглааны хоёр зуун тавин удирдагчид буюу нэр алдартай хүмүүс байв.
3 Тэд хамтдаа Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд—Та нар хэт хол явчихлаа. Учир нь бүх чуулган, түүний хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Тиймээс та нар юунд өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв.
4 Мосе үүнийг сонсоод нүүрээрээ унав.
5 Тэрээр Кора болон түүний бүх нөхдөд хандан—Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Тэр тусмаа Өөрийн сонгох хүнийг л Тэр Өөртөө ойртуулах болно.
6 Үүнийг хийгтүн. Кора болон түүний нөхөд та нар өөрсдөдөө зориулан бойпоруудыг аваад,
7 дотор нь гал хийн, түүн дээр маргааш ЭЗЭНий оршихуйд утлага тавь. Тэгээд ЭЗЭНий сонгох тэр хүн нь ариун нэгэн болох болно. Левийн хөвгүүд та нар л хэт хол явчихсан байна гэв.
8 Дараа нь Мосе Корад—Левийн хөвгүүд та нар одоо сонсогтун.
9 Израилийн Бурхан та нарыг Өөртөө ойртуулахаар, ЭЗЭНий асрын үйлчлэлийг хийлгэхээр, чуулганы өмнө зогсоон тэдэнд үйлчлүүлэхээр Израилийн цуглаанаас та нарыг тусгаарласан нь та нарт хангалтгүй байна уу?
10 Мөн Тэр Левийн хөвгүүд болох чамайг, ах дүүсийн чинь хамт ойртуулсан нь хангалтгүй байна уу? Та нар бас тахилчийн үйлчлэлийг эрнэ үү?
11 Тийм учраас чи болон чиний бүх нөхөд ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан байна. Харин Аароны хувьд гэвэл, та нар түүний эсрэг гомдоллох тэр хэн юм бэ? гэлээ.
12 Дараа нь Мосе Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг дуудан ирүүлэхээр хүн илгээсэн боловч тэд—Бид очихгүй.
13 Чи биднийг цөлд үхүүлэхээр сүү балаар урссан нутгаас авч гарсандаа ханахгүй, бас биднийг захирах нь уу?
14 Үнэхээр чи биднийг сүү балаар урссан нутагт аваачсангүй, тариалангийн талбай, усан үзмийн цэцэрлэгийг ч бидэнд өв болгон өгсөнгүй. Чи эдгээр хүмүүсийн нүдийг ухах гэж байна уу? Бид очихгүй хэмээн өгүүлэв.
15 Тэгтэл Мосе ихэд уурлан, ЭЗЭНд хандан—Тэдний өргөлийг бүү хүлээж аваач! Би тэднээс ганц ч илжиг аваагүй, тэдний хэнд нь ч би хор учруулаагүй гэлээ.
16 Мосе Корад—Чи болон чиний бүх нөхөд маргааш ЭЗЭНий өмнө оч. Чи болон тэд Ааронтай хамт байцгаа.
17 Танай хүн бүр өөрийн бойпорыг авч, дотор нь утлага хийгтүн. Танай хүн бүр өөр өөрийн бойпорыг буюу хоёр зуун тавин бойпорыг ЭЗЭНий өмнө авчир. Бас Аарон та хоёр тус тусын бойпорыг авчрагтун хэмээн өгүүлэв.
18 Тиймээс тэд тус бүр өөрсдийн бойпорыг авч, дотор нь гал хийн, дээр нь утлага тавив. Тэд Мосе, Аарон нартай хамт хурлын майхны үүдэнд зогслоо.
19 Тийнхүү Кора бүх чуулганыг тэдний эсрэг хурлын майхны үүдэнд цуглуулав. ЭЗЭНий цог жавхлан бүх чуулганд үзэгдэв.
20 Дараа нь ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин айлдахдаа—
21 Би тэднийг даруй устгах учраас өөрсдийгөө энэ чуулганаас салга гэв.
22 Гэвч тэд нүүрээрээ унан—Бурхан, бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд бүхэл чуулганд хилэгнэнэ гэж үү? гэв.
23 Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
24 Чуулгантай ярин, тэдэнд “Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаа” хэмээн хэл гэв.
25 Дараа нь Мосе босон, өөрийг нь дагаж буй Израилийн ахмадуудын хамт Датан, Абирам нар уруу яван,
26 чуулганд хандан хэлсэн нь—Эдгээр хорон муу хүмүүсийн майхнаас одоо холдон салж, тэдэнд харьяалагдах юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний бүх нүгэлд устгагдах болно гэв.
27 Тиймээс тэд Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаав. Датан, Абирам нар гарч ирэн, өөрсдийн эхнэрүүд, хөвгүүд болон багачуудынхаа хамт майхнуудынхаа үүдэнд зогсов.
28 Мосе—Эдгээр бүх үйлсийг хийлгэхээр ЭЗЭН намайг илгээснийг та нар үүгээр мэдэх болно. Учир нь энэ бол миний өөрийн хийж буй зүйл биш юм.
29 Хэрэв эдгээр хүмүүс бүх л хүний үхлээр үхэж, эсвэл бүх хүний хувь тавилангаар зовох аваас ЭЗЭН намайг илгээгээгүй болно.
30 Харин ЭЗЭН цоо шинэ зүйлийг авчирч, газар амаа нээж, тэднийг бүх зүйлсийнх нь хамт залгин, тэд амьдаараа Үхэгсдийн оронд очих аваас эдгээр хүмүүс ЭЗЭНийг басамжилсныг та нар ойлгох болно гэв.
31 Тэрээр энэ бүх үгсийг хэлж дуустал, тэдний доорх газар хагаран цуурч,
32 газар амаа нээн, тэднийг болон гэрийнхнийг нь, мөн Корад хамаатай бүх хүнийг эд хөрөнгөтэй нь хамт залгилаа.
33 Тийнхүү тэд болон тэдэнд харьяалагдах бүхэн Үхэгсдийн орон уруу амьдаараа доош явав. Газар тэдний дээр хаагдаж, тэд чуулганы дундаас мөхөв.
34 Тэдний эргэн тойронд байсан бүх Израиль тэдний хашхирах дуунаас болж зугтжээ. Учир нь тэд—Газар биднийг залгиж болзошгүй гэцгээж байв.
35 Бас ЭЗЭНээс гал гарч ирэн, утлагыг өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.
36 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
37 Тахилч Аароны хүү Елеазарт хандан, бойпорууд нь ариун учраас тэдгээрийг авч, шатаж буй нүүрсийг нь тараан цац хэмээн хэл.
38 Өөрсдийн амийн үнээр нүгэл үйлдсэн тэдгээр хүмүүсийн бойпоруудын хувьд гэвэл, тэд тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирсан бөгөөд тэдгээр нь ариун учраас тэдгээрийг тахилын ширээг бүрэхэд зориулан давтсан ялтас болгогтун. Тэдгээр нь Израилийн хөвгүүдэд тэмдэг болж байг гэлээ.
39 Тиймээс шатаагдсан хүмүүсийн утлага өргөж байсан хүрэл бойпоруудыг тахилч Елеазар авав. Тэд тэдгээрийг тахилын ширээг бүрэх ялтас болгон давтсан нь
40 ЭЗЭН Мосегээр дамжуулан түүнд айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны удмын биш ямар ч жирийн хүн ЭЗЭНий өмнө утлагыг шатаахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.
41 Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган Мосе, Аарон нарын эсрэг гомдоллон—ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн хүмүүс бол та нар юм гэв.
42 Харин чуулган Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, хурлын майхан уруу эргэтэл, харагтун, майхныг үүл бүрхэж, ЭЗЭНий цог жавхлан үзэгдэв.
43 Дараа нь Мосе, Аарон нар хурлын майхны урд талд ирэв.
44 ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
45 Би тэднийг даруй устгахын тулд энэ чуулганы дундаас холдон зайл гэв. Тэгээд тэд нүүрээрээ унав.
46 Мосе Ааронд хандан—Өөрийн бойпорыг авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавь. Тэгээд түүнийгээ чуулган уруу хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь уур хилэн ЭЗЭНээс гарч, гамшиг нэгэнт эхэлжээ гэв.
47 Мосегийн хэлсэн ёсоор Аарон бойпороо авч, чуулганы дунд гүйн оров. Харагтун, гамшиг нь ард олны дунд эхэлчихсэн байлаа. Тийнхүү тэр утлагыг тавьж, ард олны төлөө эвлэрүүллийг хийлээ.
48 Тэр амьд болон үхэгсдийн хооронд зогсов. Ингэснээр гамшиг нь зогслоо.
49 Гэвч Корагийн улмаас үхэгсдээс гадна гамшгаар үхэгсэд нь арван дөрвөн мянга долоон зуу байлаа.
50 Дараа нь гамшиг зогссон учир Аарон хурлын майхны үүдэнд Мосе уруу эргэж ирэв.