Тооллого

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


Бүлэг 30

Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгуудын тэргүүлэгчидтэй ярин, хэлсэн нь—ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой.
2 Хэрэв эр хүн ЭЗЭНд андгайлан, өөрийгөө үүрэг хариуцлагад хүлэхээр тангарагласан бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гарсан бүхний дагуу үйлдэх ёстой.
3 Бас хэрэв эмэгтэй хүн ЭЗЭНд андгайлан, залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэг хариуцлагад хүлээд,
4 түүний эцэг андгайг нь болон өөрийгөө хүлсэн үүрэг хариуцлагыг нь сонсоод, түүнд юу ч хэлэхгүй бол, охины бүх андгай тангарга нь хүчинтэй бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь биелэх ёстой.
5 Гэвч хэрэв эцэг нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлагын аль нь ч тогтох ёсгүй. Эцэг нь түүнийг хориглосон тул ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
6 Харин хэрэв тэр эмэгтэй өөрийн амлалтын дор, эсвэл өөрийгөө хүлсэн амныхаа яаруу тунхаглалын дор байхдаа нөхөрт гарвал,
7 нөхөр нь үүнийг сонсоод, сонссон өдрөө түүнд юу ч хэлэхгүй бол, түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага нь тогтох ажгуу.
8 Гэвч хэрэв нөхөр нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас тэгвэл тэр эмэгтэйн дээр буй амлалт болон өөрийгөө хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
9 Гэвч бэлэвсэн эхнэр болон салсан эмэгтэйн тангараг, өөрөө өөрийгөө хүлсэн болгон нь түүний эсрэг тогтох болно.
10 Харин хэрэв тэр нөхрийнхөө гэрт тангарагласан, эсвэл өөрийгөө үүрэг хариуцлагад андгайлан хүлсэн бөгөөд
11 нөхөр нь үүнийг сонссон боловч түүнд юу ч хэлээгүй, хориглоогүй бол, тэгвэл түүний бүх тангаргууд нь тогтох бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь тогтох ажгуу.
12 Гэвч хэрэв нөхөр нь сонссон өдрөө тэдгээрийг нь үнэхээр хүчингүй болгосон бол, тэгвэл түүний тангараг, түүний үүрэг хариуцлагатай холбогдох, тэр эмэгтэйн амнаас гарсан юу нь ч тогтохгүй. Түүний нөхөр нь тэдгээрийг хүчингүй болгосон бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
13 Тэр эмэгтэй өөрийгөө даруу байлгах андгай болон хүлэх тангараг бүрийг нь нөхөр нь баталж, эсвэл хүчингүй болгож болно.
14 Гэвч хэрэв нөхөр нь өдрөөс өдөрт түүнд юу ч хэлэхгүй байвал тэр түүний дээр байгаа бүх тангараг, бүх үүрэг хариуцлагыг нь баталж байна. Нөхөр нь тэдгээрийг сонссон өдрөө түүнд юу ч хэлээгүй учраас тэдгээрийг баталсан байна.
15 Гэвч хэрэв тэр тэдгээрийг сонссоныхоо дараа үнэхээр хүчингүй болговол эмэгтэйн гэм бурууг тэр үүрэх ёстой гэв.
16 Эдгээр нь нөхөр ба эхнэрийн хоорондох болон залуу насандаа, эцгийнхээ гэрт байгаа охин ба эцгийн хооронд байх, ЭЗЭНий Мосед тушаасан тогтоолууд юм.