Тооллого
Бүлэг 11
Ард түмэн ЭЗЭНий чихэнд гай зовлонгоос болж гомдоллогсодтой адил болов. ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзсэн ба ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зарим зах хаяаг шатаав.
2 Ард түмэн Мосе уруу хашхирахад, Мосе ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав.
3 ЭЗЭНий гал тэдний дунд шатсан учир уг газрын нэр нь Табера хэмээн дуудагдах болжээ.
4 Тэдний дунд байсан холилдсон хүмүүс дэндүү шунахайрч, мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж—Хэн бидэнд идэх махыг өгөх вэ?
5 Бид Египетийн нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, зэрлэг сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна.
6 Харин одоо бидэнд идэх дур алга. Энэ маннагаас ондоо харах юм энд юу ч алга гэцгээв.
7 Манна нь кориандрын үртэй адил бөгөөд бделлиум адил төрхтэй байв.
8 Ард түмэн эргэн тойронд яван, түүнийг түүж, тээрмийн хоёр чулууны хооронд хийж нунтаглан, эсвэл ууранд нүдээд, тогоонд буцалган түүгээр боов хийдэг байв. Түүний амт нь тостой жигнэсэн боовны амттай адил байлаа.
9 Шөнөөр хуаранд шүүдэр унахад манна түүнтэй хамт унадаг байлаа.
10 Ард олон өөрсдийн ургууд даяар, хүн бүр майхныхаа үүдэнд уйлан байхыг Мосе сонсов. ЭЗЭНий уур хилэн ихэд дүрэлзэн байсан ба Мосед таалагдахгүй байлаа.
11 Тийнхүү Мосе ЭЗЭНд хандан—Та Өөрийн зарцдаа юунд ийм хатуу хандсан бэ? Яагаад би Таны мэлмийд тааллыг эс олон, юунд Та энэ бүх ард түмний ачааг над дээр тохсон юм бэ?
12 Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад “Хөхүүл нялх хүүхдийг асрах хүн мэт тэднийг өөрийн цээжиндээ тэвэрч, өвөг дээдэст нь Таны амласан газар уруу авч явагтун” хэмээн хэлэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү?
13 Энэ бүх ард түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ?” Бидэнд идэх мах өгөөч” хэмээн тэд миний өмнө уйлж байна.
14 Би ганцаараа энэ бүх ард түмнийг авч явах чадваргүй юм. Учир нь надад энэ хэт хүнд байна.
15 Тиймээс хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол намайг нэгмөсөн алаач. Мууг минь бүү үзүүлээч гэлээ.
16 Тиймээс ЭЗЭН Мосед—Ард түмний ахмадууд болоод тэдний тэргүүлэгчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Миний төлөө цуглуулан, тэднийг хурлын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо.
17 Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй Сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэх болой. Ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүй болно.
18 Ард олонд хандан “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Учир нь та нар ЭЗЭНий чихэнд уйлан «Хэн нэгэн бидэнд идэх махыг өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж байсан. Тиймээс ЭЗЭН та нарт мах өгнө. Та нар идэх болно.
19 Та нар нэг өдөр ч биш, хоёр өдөр ч биш, таван өдөр ч биш, арван өдөр ч биш, хорин өдөр ч биш,
20 харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө уйлан «Бид ер нь юунд Египетийг орхив?» хэмээсэн” гэж хэл гэв.
21 Харин Мосе—Миний дунд нь буй ард түмэн зургаан зуун мянган явган хүнтэй атал “Би тэдэнд бүтэн сар идэх махыг өгөх болно” хэмээн Та айлдав.
22 Тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө хонин сүрэг болон үхэр сүрэг нядлах болж байна уу? Эсвэл тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө далайн бүх загас хамтдаа цуглуулагдах болж байна уу? гэв.
23 ЭЗЭН Мосед хандан—ЭЗЭНий хүч хязгаартай юу? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдав.
24 Тийнхүү Мосе гарч, ард олонд ЭЗЭНий үгсийг хэлэв. Мөн тэрээр ард олны ахмадуудын далан хүнийг цуглуулаад, майхныг тойруулан зогсоов.
25 Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж, түүнтэй ярив. Мосегийн дээр байсан Сүнсийг Тэр аван, далан ахмад дээр байрлуулав. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээв. Гэвч тэд дахин үүнийг үйлдсэнгүй.
26 Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр оршив (тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч майхан уруу очоогүй байв). Тэд буудалд эш үзүүлцгээв.
27 Тэгтэл нэг залуу хүн гүйн, Мосед хандан—Елдад, Медад нар хуаранд эш үзүүлж байна гэв.
28 Залуу наснаасаа Мосегийн зарц байсан Нуны хүү Иошуа нь—Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв.
29 Харин Мосе түүнд—Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид байгаад ЭЗЭН тэдний дээр Өөрийн Сүнсийг тавьдаг ч болоосой хэмээн хэлэв.
30 Тэгээд Мосе болон Израилийн ахмадууд хуаран уруу буцав.
31 Тэнд ЭЗЭНээс салхи гаран, далайгаас бөднө шувуудыг авчран, тэдгээрийг хуарангийн дэргэд, хуарангийн эргэн тойронд наад талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, нөгөө талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, газрын гадаргуу дээр хоёр тохой орчим зузаан болтол унагав.
32 Ард олон бүтэн өдөр, бүтэн шөнө, мөн дараагийн бүтэн өдрийг зарцуулан бөднө шувуудыг цуглуулав. (Хамгийн бага цуглуулсан нэгэн нь арван хомерыг цуглуулсан байлаа.) Тэд өөрсдөдөө зориулан тэдгээрийг хуарангийн бүх эргэн тойронд тараан дэлгэв.
33 Мах нь тэдний шүдэн завсар байх зуур, зажлахаас нь ч өмнө ЭЗЭНий уур хилэн ард олны эсрэг дүрэлзсэн байлаа. ЭЗЭН ард олныг маш хүнд гамшгаар цохив.
34 Тиймээс уг газрын нэр нь Киброт-хаттаава хэмээн дуудагдсан. Учир нь тэд шуналтай байсан хүмүүсийг тэнд оршуулсан байлаа.
35 Киброт-хаттааваас ард олон Хазерот уруу хөдлөн нүүж, тэндээ үлдэв.