Илчлэлт
Бүлэг 7
Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэр элчийг харав.
2 Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэр элч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэр элчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран—
3 Бурханыхаа боолуудын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.
4 Тамгалуулсан хүмүүсийн тоог би сонсов. Израилийн хөвгүүдийн овог бүрээс тамгалуулсан хүмүүсийн тоо нэг зуун дөчин дөрвөн мянга байв.
5 Иудагийн овгоос арван хоёр мянга тамгалуулсан бөгөөдРеубений овгоос арван хоёр мянга,Гадын овгоос арван хоёр мянга,
6 Ашерын овгоос арван хоёр мянга,Нафталийн овгоос арван хоёр мянга,Манассегийн овгоос арван хоёр мянга,
7 Симеоны овгоос арван хоёр мянга,Левийн овгоос арван хоёр мянга,Иссахарын овгоос арван хоёр мянга,
8 Зебулуны овгоос арван хоёр мянга,Иосефын овгоос арван хоёр мянга,Бениамины овгоос арван хоёр мянган хүн тамгалуулсан байлаа.
9 Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.
10 Тэд чанга дуугаар—Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа.
11 Сэнтий, ахлагчид болон дөрвөн амьтны эргэн тойронд бүх тэнгэр элч нар зогсож байлаа. Тэд сэнтийн өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж,—
12 Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв.
13 Ахлагчдын нэг нь хариулж, надад хандан—Цагаан дээлтэй эдгээр хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? гэлээ.
14 Би түүнд—Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад—Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ.
15 Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ.
16 Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халах ч үгүй.
17 Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.