Илчлэлт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22


Бүлэг 3

Сардей дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Бурханы долоон Сүнс ба долоон одтой Тэр үүнийг айлдаж байна. «Би чиний үйлсийг, чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ.
2 Сэрэгтүн, үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Миний Бурханы өмнө чиний үйлс гүйцэлдснийг Би олсонгүй.
3 Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийг сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр очихыг чи мэдэхгүй.
4 Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Яагаад гэвэл тэд зохистой хүмүүс мөн.
5 Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Өөрийнхөө Эцэгийн өмнө болоод Түүний тэнгэр элч нарын өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө.
6 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.
7 Филаделфи дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, үнэн бөгөөд ариун Нэгэн үүнийг айлдаж байна.
8 «Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг Би чиний өмнө тавьсан. Юу гэвэл чиний хүч бага бөгөөд чи Миний үгийг сахиж, Миний нэрийг үгүйсгээгүй билээ.
9 Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.
10 Миний тэвчээрийн үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.
11 Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт байгаагаа бат сахь.
12 Би ялагчийг Өөрийн Бурханы сүм дэх багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Өөрийн Бурханы нэр, тэнгэрээс Миний Бурханаас буун ирэх шинэ Иерусалим буюу Өөрийн Бурханы хотын нэр, Өөрийн шинэ нэрээ бичнэ.
13 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.
14 Лаодик дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Анхдагч нь үүнийг айлдаж байна.
15 «Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юм уу, эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна.
16 Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээвтэр тул Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана.
17 Яагаад гэвэл чи ”Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна.
18 Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, өөрийгөө хувцаслахын тулд болон нүцгэн байдлын чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох нүдний тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе.
19 Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.
20 Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.
21 Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно.
22 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»” гэв.