Илчлэлт
Бүлэг 16
Сүмээс долоон тэнгэр элчид—Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.
2 Эхнийх нь явж аягатайгаа дэлхий дээр асгав. Араатны тэмдэгтэй болон түүний хөрөгт мөргөсөн хүмүүст муухай, хортой яр гарав.
3 Хоёр дахь нь аягатайгаа тэнгист асгалаа. Тэнгис нь үхсэн хүний цус мэт болоход түүн доторх амьд юм бүхэн үхэв.
4 Гурав дахь нь аягатайгаа гол мөрөн болон усны ундаргууд дээр асгасанд, цус боллоо.
5 Усны тэнгэр элч—Өө, Ариун Нэгэн минь, Та эдгээрийг шүүсэн тул, байгаа, байсан Та зөвт юм.
6 Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.
7 Тахилын ширээ—Тийм ээ, Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны шүүлт бол үнэн бөгөөд зөвт гэхийг би сонсов.
8 Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ.
9 Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжиллоо. Тэд Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.
10 Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуй болж, тэд өвдсөндөө хэлээ хазалж,
11 зовуур, шархнаасаа болж тэнгэрийн Бурханыг доромжлов. Тэд өөрсдийнхөө үйлсэд гэмшсэнгүй.
12 Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдэх юм.
13 Лууны амнаас, араатны амнаас, хуурамч эш үзүүлэгчийн амнаас мэлхий шиг гурван бузар сүнс гарахыг би харав.
14 Учир нь тэд бол тэмдгүүдийг үйлдэн, Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайнд хамтад нь цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр гарч очих чөтгөрүүдийн сүнснүүд юм.
15 (Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)
16 Тэд хаадыг еврейгээр “Хармагедон” гэгддэг газарт цуглуулав.
17 Долоо дахь нь аягатайгаа агаарт асгав. Сүм дотроос сэнтийнээс—Энэ дууслаа гэх чанга дуу гарав.
18 Цахилгаан гялбаж, дуу гарч, аянга бууж, газар асар хүчтэй хөдлөв. Хүнийг дэлхий дээр байх болсноос хойш болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хөдлөлт болов.
19 Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдсан учраас Бурхан Өөрийн догшин уур хилэнгийн дарсны аягыг түүнд өгөв.
20 Арал бүр зугтаж, уулс олдсонгүй.
21 Нэг талант жинтэй асар том мөндрүүд хүмүүсийн дээр тэнгэрээс буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж агуу байлаа.