Илчлэлт
Бүлэг 13
Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа.
2 Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг өгөв.
3 Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан юм шиг байсныг харлаа. Үхлийн шарх нь эдгэсэн байв. Дэлхий даяараа гайхширч, араатны араас дагалаа.
4 Луу араатанд эрх мэдлээ өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд—Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайн хийж чадах юм бэ? гэцгээв.
5 Агуу юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж.
6 Тэр амаа нээн Бурханыг доромжилж, Түүний нэр, Түүний асар буюу тэнгэрт нутаглагсдыг доромжлов.
7 Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа.
8 Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө.
9 Хэрэв чихтэй хүн байвал сонсогтун.
10 Хэрэв хэн нэгэн нь баригдах тавилантай бол баригдана. Хэрэв хэн нэгэн нь илдээр алдаг бол тэр илдээр алуулах ёстой. Энд ариун хүмүүсийн тэвчээр, итгэл байна.
11 Газар доороос өөр нэгэн араатан гарч ирэхийг би харав. Тэр араатан хурга мэт хоёр эвэртэй бөгөөд луу мэт ярив.
12 Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг нь хэрэгжүүлдэг. Тэгээд дэлхий болоод тэнд нутаглагсдыг үхлийн шарх нь эдгэсэн анхны араатанд мөргүүлдэг ажээ.
13 Тэр агуу тэмдгүүдийг үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газарт гал буулгадаг.
14 Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул илдний шархтай атлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагсдад хэлэн, тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг.
15 Түүнд араатны хөрөгт амьсгал өгөх нь өгөгджээ. Ингэснээр тэрхүү араатны хөрөг ярьж, араатны хөрөгт мөргөдөггүй бүх хүнийг алуулах юм.
16 Тэрээр том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүсийн болон бүгдийн баруун гаран дээр нь, эсвэл духан дээр нь тэмдэг тавиулснаар
17 тэмдэг, араатны нэр, эсвэл нэрийнх нь тоотой хүнээс өөр нэг ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ.
18 Энд мэргэн ухаан байна. Ухаантай нэгэн нь араатны тоог бодогтун. Учир нь энэ нь хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм.