Илчлэлт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22


Бүлэг 11

Тэгээд надад таяг мэт хулс өгөөд—Бос. Бурханы сүмийг болон тахилын ширээг хэмж. Дотор нь мөргөгсдийг тоол.
2 Сүмийн гадна байгаа хашааг нь орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Тэд ариун хотыг дөчин хоёр сарын турш хөл дороо гишгэчих болно.
3 Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв.
4 Эдгээр нь дэлхийн Эзэний өмнө буй хоёр чидун мод, хоёр дэнлүүний суурь юм.
5 Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүссэн бол тэр хүн ингэж алагдах ёстой.
6 Өөрсдийнхөө эш үзүүлэх өдрүүдийн туршид тэд бороо оруулахгүйн тулд тэнгэрийг хаах хүч тэдгээрт бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих хүч бий.
7 Тэднийг гэрчлэлээ дуусгахад ёроолгүй гүнээс гарч ирэгч нэгэн араатан тэдэнтэй тулалдаж, тэднийг дийлж алах болно.
8 Тэдний цогцос нь, сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ.
9 Ард түмэн, овгууд, хэлтнүүд, үндэстнүүдээс ирсэн хүмүүс тэдний цогцсыг гурван хоног хагасын турш харах бөгөөд тэдний цогцсыг булшинд тавихыг зөвшөөрөхгүй.
10 Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч цэнгэцгээнэ. Тэд нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.
11 Гурван хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал гарч тэдний дотор ороход тэд хөл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нөмөрлөө.
12 Тэнгэрээс чанга дуу гарч—Наашаа гараад ир гэж өөрсдөд нь хэлэхийг тэд сонсов. Тэд үүлэн дотор тэнгэр өөд одлоо. Дайснууд нь тэднийг харав.
13 Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөнд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.
14 Хоёр дахь гай тотгор өнгөрлөө. Харагтун, гурав дахь гай тотгор даруй айсуй.
15 Долоо дахь тэнгэр элч бүрээгээ таттал, тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.
16 Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд суугч хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөж—
17 Байгаа, байсан, Төгс хүчит Эзэн Бурхан минь ээ, Танд бид талархал өргөе. Яагаад гэвэл Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилж эхэллээ.
18 Үндэстнүүд хилэгнэсэн бөгөөд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон Таны боолууд болох эш үзүүлэгчид ба ариун хүмүүст, Таны нэрээс эмээгч их, бага хүмүүст шагналыг нь өгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ.
19 Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.