Лук
Бүлэг 6
Нэгэн Амралтын өдөр Тэр тариан талбайгаар дайран өнгөрч байлаа. Шавь нар нь тариан түрүү шувтран авч гартаа цайруулан идэж байжээ.
2 Харин фарисайчуудын зарим нь—Та нар чинь Амралтын өдөр хууль бус зүйл юунд үйлдэнэ вэ? гэхэд
3 Есүс—Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг нь та нар уншаагүй юу?
4 Тэр Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас авч идсэн төдийгүй мөн нөхөддөө өгсөн шүү дээ гээд,
5 тэдэнд—Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн гэлээ.
6 Өөр нэгэн Амралтын өдөр Түүнийг синагогт орж, сургаалаа зааж байхад тэнд баруун гар нь хатангиржсан хүн байжээ.
7 Фарисайчууд болон хуулийн багш нар Түүнийг буруутгах шалтаг олохын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх эсэхийг нь ажиглан ширтэж байлаа.
8 Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд—Бос, урагшаа гар гэсэнд, тэр босож урагшаа гарлаа.
9 Есүс тэдэнд хандан—Би та нараас асууя, Амралтын өдөр сайныг эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь ёсонд нийцэх вэ? гээд,
10 тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд—Гараа сунга гэв. Тэр хүн гараа сунгахад гар нь зүгээр болсон байлаа.
11 Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.
12 Тэдгээр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.
13 Өглөө болоход Тэр шавь нараа Өөр уруугаа дуудаад, тэднээс арван хоёрыг сонгон, элч нар гэж нэрлэжээ.
14 Тэдгээр нь Петр гэж нэрлэгдсэн Симон болон түүний дүү Андрей, Иаков, Иохан, Филип, Бартоломай,
15 Матай, Томас, Алфайн хүү Иаков, Зеалот гэгдэх Симон,
16 Иаковын хүү Иудас, урвагч болсон Искариотын Иудас нар болой.
17 Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд буун ирж зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн
18 Түүнийг сонсохоор, бас өвчнөө эдгээлгэхээр иржээ. Мөн бузар сүнсэнд зовоогдсон хүмүүс ч илааршиж байв.
19 Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв.
20 Есүс шавь нарын зүг харцаа хандуулан—Ядуус та нар ерөөлтэй еэ! Учир нь Бурханы хаанчлал та нарынх юм.
21 Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар инээх болно.
22 Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!
23 Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ. Учир нь тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.
24 Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвширлаа дүүрнээр хүлээн авсан.
25 Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Учир нь та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Учир нь та нар гашуудан уйлах болно.
26 Бүх хүмүүс та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.
27 Харин сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд.
28 Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир.
29 Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Дээлийг чинь булаан авсан хүнээс цамцаа бүү харамла.
30 Гуйсан хүн бүрд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх.
31 Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд.
32 Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг шүү дээ.
33 Хэрэв та нар өөрт чинь сайныг үйлддэг хүмүүст сайныг үйлдвэл та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл мөн л тийн үйлддэг шүү дээ.
34 Хэрэв та нар эргүүлэн авна гэсэн хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг.
35 Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм.
36 Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун.
37 Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана.
38 Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ.
39 Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр—Сохор нь сохроо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү?
40 Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Харин бүрэн суралцсаныхаа дараа хүн бүр багш шигээ болно.
41 Өөрийн нүдэн дэх дүнзээ ажиглаагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ?
42 Эсвэл чи нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж яаж хэлж чадна вэ? Хоёр нүүртэн чи эхлээд өөрийн нүдэн дэх дүнзийг авч хая. Тэгж байж л чи сайн харж, ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авна шүү дээ.
43 Учир нь муу үр жимс ургуулдаг сайн мод гэж байхгүй, түүнчлэн сайн үр жимс ургуулдаг муу мод гэж байхгүй.
44 Аливаа мод үр жимсээрээ танигддаг. Хүмүүс үүргэнээс инжрийг түүдэггүй шүү дээ. Мөн өргөст бутнаас усан үзэм түүхгүй.
45 Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. Хорон муу нэгэн хорон муу баялгаасаа мууг гаргадаг аж. Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг.
46 Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд Миний айлдсаныг хийдэггүй юм бэ?
47 Над уруу ирж, үгийг минь сонсоод түүнийхээ дагуу үйлдэгч аливаа хүн хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя.
48 Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан нэгэнтэй адил юм. Үер бууж гол халин байшинг нүдсэн боловч хөдөлгөж чадсангүй. Юу гэвэл байшин бат бөх баригдсан ажээ.
49 Харин сонсоод, үүнийхээ дагуу үйлддэггүй нэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл үлэмж болов гэж сургалаа.