Лук

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


Бүлэг 22

Дээгүүр Өнгөрөх хэмээдэг Исгээгүй Талхны Баяр ойртож байлаа.
2 Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хэрхэн хөнөөх аргаа хайж байв. Учир нь тэд олон түмнээс айж байжээ.
3 Арван хоёрын нэг болох Искариот гэгддэг Иудаст Сатан шүглэв.
4 Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв.
5 Тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохиролцжээ.
6 Иудас ч санаа нийлж, Түүнийг тэдэнд хурсан олноос зайдуухан барьж өгөх аятай завшааныг эрэлхийлж эхлэв.
7 Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядлах Исгээгүй Талхны Баярын эхний өдөр болов.
8 Есүс Петр, Иохан нарыг илгээн—Явж, бидний зооглох Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг бэлд гэв.
9 Тэд Түүнд—Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэхэд
10 Тэр тэдэнд—Харагтун, та нарыг хот уруу ороход, устай ваар барьсан нэгэн хүн та нартай тааралдана. Тэр хүний орох гэр уруу ор.
11 Тэгээд та нар гэрийн эзэнд “Багш, «Би шавь нарынхаа хамт Дээгүүр Өнгөрөх баярын зоог барих тохитой өрөө хаана байна вэ?» гэж танд хэлүүлэв” гэж хэл.
12 Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд зоог бэлд гэжээ.
13 Тэд явж, Түүний айлдсаар бүгдийг ёсоор нь биелүүлж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв.
14 Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв.
15 Есүс тэдэнд—Би зовохоосоо өмнө энэхүү Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.
16 Би та нарт хэлье. Энэ нь Бурханы хаанчлалд биелэгдтэл Би хэзээ ч дахиж зоог барихгүй гээд,
17 Тэр аягыг авч, талархал өргөөд—Үүнийг авч, дундаа хүртэцгээ.
18 Учир нь Би та нарт хэлье. Үүнээс хойш Бурханы хаанчлал иртэл усан үзмийн дарснаас Би амсахгүй гэв.
19 Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө—Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.
20 Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч,—Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм.
21 Харин үзэгтүн, Надаас урвагч нэгний гар Миний хамт ширээн дээр байна.
22 Учир нь үнэхээр Хүний Хүү оногдсоноороо явж байна. Харин Түүнээс урвагч хүн золгүй еэ! гэв.
23 Тэд өөр хоорондоо—Бидний хэн нь тийм зүйл хийх юм бол? хэмээн ярилцаж эхлэв.
24 Тэрчлэн тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ.
25 Тэр тэдэнд—Харь үндэстнүүдийн хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг.
26 Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дотроос хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг.
27 Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг.
28 Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн.
29 Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн, Би та нарт өгнө.
30 Та нар Миний хаанчлалд Миний ширээнээ идэж уун, Израилийн арван хоёр овгийг шүүн сэнтийд залрах болно.
31 Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан.
32 Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд
33 тэр Түүнд—Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв.
34 Есүс—Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв.
35 Тэгээд Тэр тэдэнд хандан—Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд—Үгүй, юугаар ч дутаагүй гэв.
36 Тэр тэдэнд—Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр хүн дээлээ зарж, илд худалдаж аваг.
37 Учир нь Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй гэв.
38 Тэгтэл тэд—Эзэн, хараач, энд хоёр илд байна гэхэд Тэр—Энэ чинь хангалттай гэв.
39 Тэгээд Тэр тэндээс гарч, заншсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар ч Түүнийг дагалаа.
40 Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж,—Сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гээд
41 Тэр тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав.—
42 Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв.
43 Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.
44 Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.
45 Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад,
46 тэдэнд—Та нар юунд унтана вэ? Босоцгоо, сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гэж айлдав.
47 Түүнийг ийнхүү айлдан байтал бөөн хүмүүс ирж яваа үзэгдэв. Арван хоёрын нэг болох Иудас гэгч тэднийг тэргүүлэн явж байв. Есүсийг үнсэхийн тул тэр Түүний дэргэд ирэв.
48 Харин Есүс түүнд—Иудас аа, чи үнсэлтээр Хүний Хүүг барьж өгч байна уу? гэв.
49 Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад—Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд
50 тэдний нэг нь тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив.
51 Тэгтэл Есүс—Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв.
52 Тэгээд Есүс Өөрийнх нь эсрэг хүрч ирсэн ахлах тахилч нар, ахлагчид болон сүмийн түшмэдэд—Та нар дээрэмчин барих мэт илд, шийдэм агсан ирэв үү?
53 Өдөр бүр Би та нарын хамт сүмд байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв.
54 Тэд Түүнийг баривчлан, тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр холуур дагасаар очив.
55 Хүмүүс хашааны дунд гал түлсний дараа, тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа.
56 Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад, анхааралтай ширтсэнээ,—Энэ хүн бас Түүнтэй хамт байсан гэхэд
57 Петр үүнийг үгүйсгэж,—Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ.
58 Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад—Чи бас тэдний нэг шүү дээ! гэхэд Петр—Хүн гуай, би бишээ гэв.
59 Нэг цаг өнгөрсний дараа өөр нэг нь—Энэ хүн бас Галилын хүн тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ.
60 Тэгтэл Петр—Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийнхүү ярьж байтал гэнэт тахиа донгодлоо.
61 Эзэн эргэж Петрийн зүг харав. «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж өөрт нь хэлсэн Эзэний үгийг Петр санажээ.
62 Тэгээд гадагш гарч, гашуудан уйлав.
63 Есүсийг харгалзагсад Түүнийг зодож, Түүгээр доог тохуу хийв.
64 Тэд Есүсийн нүдийг боогоод,—Хэн Чамайг цохив, эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа.
65 Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв.
66 Өглөө болж, ард олны ахлагчдын Зөвлөл хуран чуулж, ахлах тахилч нар болон хуулийн багш нар Есүсийг зөвлөлийн танхимд хүргүүлэв.
67 Тэд—Хэрэв Чи Христ мөн юм бол бидэнд хэлээтэх гэхэд Тэр—Хэрэв Би хэлбэл, та нар итгэхгүй.
68 Хэрэв Би та нараас асуувал, та нар хариулахгүй.
69 Гэвч үүнээс хойш Хүний Хүү Бурханы сүр хүчний баруун гарт залрах болно гэжээ.
70 Тэд бүгд—Чи тэгээд Бурханы Хүү юм уу? гэсэнд Тэр тэдэнд—Би мөн гэдгийг та нар хэлж байна гэв.
71 Тэд—Бидэнд өөр ямар гэрчлэл хэрэгтэй юм бэ? Бид өөрсдөө үүнийг Түүний Өөрийнх нь амнаас сонслоо шүү дээ гэцгээв.