Лук

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


Бүлэг 18

Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав.—
2 Нэгэн хотод Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг ч хүндэлдэггүй шүүгч байжээ.
3 Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй шүүгч уруу ирж, түүнд “Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” гэдэг байлаа.
4 Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй
5 боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвэл тэр ирж үргэлж намайг залхаах вий” гэжээ.
6 Тэгээд Эзэн—Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс.
7 Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү?
8 Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ.
9 Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан Тэр энэ сургаалт зүйрлэлийг айлдав.—
10 Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ.
11 Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай бишээ. Тэр байтугай энэ татвар хураагч шиг ч биш билээ.
12 Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв.
13 Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв.
14 Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө гэв.
15 Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тулд тэднийг Түүн уруу авчирчээ. Гэвч үүнийг харсан шавь нар хүмүүсийг зэмлэн буруутгахад
16 Есүс тэднийг дуудаад,—Хүүхдүүдийг Над уруу ирүүл. Тэднийг бүү саатуул. Учир нь Бурханы хаанчлал ийм л хүмүүсийнх юм шүү.
17 Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй хүн тийш ер орохгүй гэжээ.
18 Нэгэн удирдагч Түүнээс—Сайн Багш аа, мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув.
19 Есүс түүнд—Намайг чи юунд сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш.
20 “Бүү завхайр. Бүү ал. Бүү хулгайл. Бүү худал гэрчил. Эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэхэд
21 тэр—Би энэ бүгдийг хар багаасаа л сахисан гэв.
22 Үүнийг сонсоод Есүс түүнд—Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэв.
23 Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян хүн байжээ.
24 Есүс түүнийг хараад,—Бурханы хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм.
25 Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь
26 сонссон хүмүүс—Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд
27 Есүс—Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв.
28 Петр—Хараач, бид өөрсдийн юмсыг орхиж, Таныг дагасан гэхэд,
29 Тэр тэдэнд—Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүү, эцэг эх болон үр хүүхдээ орхино,
30 тэр хүн энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг хүлээн авна гэв.
31 Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд—Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно.
32 Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж,
33 ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав.
34 Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.
35 Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв.
36 Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ.
37 Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв.
38 Тэгтэл мөнөөх сохор хүн—Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч! гэхэд
39 түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар—Давидын Хүү, намайг өршөөгөөч! гэж хашхирав.
40 Есүс зогсож, түүнийг Өөр уруу нь авчрахыг тушаав. Сохор эрийг ирмэгц, Тэр түүнээс—
41 Өөрийнхөө төлөө чи Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэсэнд, тэр—Эзэн, би дахин харахыг хүсэж байна гэхэд
42 Есүс түүнд—Хараа ор. Итгэл чинь чамайг эдгээв гэжээ.
43 Өнөөх хүн тэр даруйдаа харах болж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.