Лук

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


Бүлэг 23

Тэгээд тэд бүгд босож, Түүнийг Пилатын өмнө хүргүүлэв.
2 Тэд Есүсийг буруутгаж эхлэн—Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд
3 Пилат Түүнээс—Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр түүнд—Та ч хэлж байна гэв.
4 Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд—Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв.
5 Харин тэд—Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна гэж шаардангуй хэлж байв.
6 Пилат үүнийг сонсоод,—Энэ хүн чинь Галилынх уу? гэж асуув.
7 Түүнийг Херод хааны эрх мэдэлд харьяалагддаг гэдгийг мэдмэгцээ, тэр үед Иерусалимд байсан Херод уруу илгээжээ.
8 Херод Есүсийг хараад ихэд баярлав. Учир нь тэр Есүсийн тухай сонсож, Түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ.
9 Тэгээд Түүнээс баахан асуулт асуув. Гэвч Тэр түүнд юу ч хариулсангүй.
10 Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүн буруутгаж байлаа.
11 Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, доог тохуу хийсний дараа Түүнд гоёмсог нөмрөг нөмрүүлж, Пилат уруу буцаан хүргүүлэв.
12 Тэр өдөр Херод, Пилат хоёр нөхөд болцгоожээ. Урьд нь тэд хоорондоо дайсагналцдаг байв.
13 Пилат ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг дуудаад,
14 тэдэнд—Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над уруу авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй.
15 Херод хаан ч олоогүй тул Түүнийг бидэн уруу буцаан ирүүлжээ. Харагтун, үхвэл зохих хэрэг Тэр ер хийгээгүй юм байна.
16 Иймд Түүнийг би цээрлүүлээд суллая гэжээ.
17 [Пилат баярын үеэр нэг хоригдлыг ард олонд суллаж өгөх үүрэгтэй байв.]
18 Гэтэл цугласан олон бүгдээрээ—Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж өг гэж хашхиралдав.
19 (Бараб нь хотод бослого гаргасан, хүн алсан хэргээр шоронд хоригджээ)
20 Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв.
21 Гэвч тэд—Түүнийг цовдол, цовдол хэмээн хашхирсаар байлаа.
22 Пилат гурав дахь удаагаа тэдэнд—Яагаад? Энэ хүн ямар бузар мууг үйлдсэн юм бэ? Үхлийн шалтгаан болох ямар ч гэм бурууг би Түүнээс олсонгүй. Тийм учраас Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд
23 харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардан, тэдний дуу хоолой дийлэв.
24 Тийнхүү Пилат тэдний шаардлагыг биелүүлэхээр шийджээ.
25 Тэгээд тэдний гуйсны дагуу бослого гаргаж, хүн алсан хэргээр шоронд хоригдсон хүнийг суллаж, харин Есүсийг тэдний мэдэлд тушаав.
26 Тэд Есүсийг аваад явж байхдаа хөдөөнөөс ирсэн Курений Симон гэгч хүнийг барьж, түүнд загалмайг үүрүүлж, Есүсийн араас явуулав.
27 Үй олон хүн, эмэгтэйчүүд Түүний төлөө гашуудан уйлж, цээжээ дэлсэн хойноос нь дагаж явлаа.
28 Харин Есүс тэдэн уруу эргэж—Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл.
29 Үзэгтүн. “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь ерөөлтэй еэ!” гэж хэлэгдэх өдрүүд ирж байна.
30 Тэгээд тэд ууланд хандан “Бидэн дээр уна”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно.
31 Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай модонд тэгвэл юу болох билээ? гэв.
32 Түүнтэй хамт алахаар өөр хоёр гэмт хэрэгтэнг авч явлаа.
33 Тэд «Гавал» хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдлов.
34 Есүс—Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шодоод, Түүний хувцсыг хуваан авчээ.
35 Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан—Тэр бусдыг авардаг байсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв.
36 Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд гашуун цуу өгч,—
37 Хэрэв Чи иудейчүүдийн Хаан мөн юм бол, Өөрийгөө авраач гэлээ.
38 Түүний дээд талд «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайз байлаа.
39 Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж,—Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв.
40 Харин нөгөө нь түүнийг зэмлэн—Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу?
41 Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд
42 тэр—Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэв.
43 Тэгтэл Есүс түүнд—Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.
44 Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв.
45 Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ.
46 Есүс—Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав.
47 Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан—Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.
48 Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлсэн буцан явж байв.
49 Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд болоод Түүнийг таньдаг бүх хүмүүс энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо.
50 Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв.
51 (Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм) Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ.
52 Тэр хүн Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв.
53 Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороож, хад ухаж бэлтгэсэн булшинд тавив. Тэнд шарил ер тавьж байгаагүй ажээ.
54 Энэ нь Амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм.
55 Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав.
56 Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн болон үнэрт тос бэлджээ.Амралтын өдөр тэд тушаал ёсоор амрав.