Лук
Бүлэг 11
Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд—Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ.
2 Тэр тэдэнд—Та нар залбирахдаа,“Эцэг, Таны нэр ариунаар дуурсгагдаг.Таны хаанчлал ирэх болтугай.
3 Өдөр тутмын минь талхыг өдөр бүр бидэнд өгөөч.
4 Бидний нүглийг уучлаач.Учир нь бид ч мөн бидэнд өртэй алив нэгнийг уучилдаг.Биднийг сорилт уруу бүү удирдаач” гэж хэл гэв.
5 Тэгээд Тэр тэдэнд—Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч,
6 найз маань холоос над дээр иржээ. Түүний өмнө тавих юм надад юу ч алга” гэхэд нь
7 дотроос тэр “Битгий надад төвөг удаад бай. Хаалгаа хэдийн түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй” гэжээ.
8 Би та нарт хэлье. Хэрэв тэр хүн анд нөхрөө гээд босож, юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно.
9 Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
10 Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.
11 Эцгүүд та нарын нэгээс чинь хүү нь загас гуйвал оронд нь могой өгөхгүй нь лавтай. Тийм биш гэж үү?
12 Эсвэл хүү нь өндөг гуйвал, эцэг нь хилэнцэт хорхой өгөхгүй биз дээ?
13 Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.
14 Тэр хэлгүй чөтгөрийг зайлуулжээ. Чөтгөрийг гарч одоход хэлгүй байсан тэр хүн ярьж эхлэв. Олон түмэн ихэд гайхацгаажээ.
15 Харин тэдний зарим нь—Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр чөтгөрүүдээ хөөн зайлуулдаг юм гэж байхад,
16 зарим нь Түүнийг сорихын тул тэнгэрээс тэмдэг үзүүл гэж Түүнээс шаардаж байлаа.
17 Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд ийн хэлэв.—Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Гэр бүл дотроо хуваагдвал унана.
18 Хэрэв Сатан өөрийн эсрэг хуваагдвал, түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар Намайг Беелзебулээр чөтгөрүүдийг зайлуулдаг гэж байна.
19 Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчид болно.
20 Харин хэрвээ Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.
21 Бүрэн зэвсэглэсэн, хүчтэй эр эдлэн газраа хамгаалбал, өмч хөрөнгө нь амар тайван байна.
22 Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно.
23 Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн.
24 Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч, юуг ч эс олох үед “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэдэг.
25 Буцаж ирэхэд нь түүнийг шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг.
26 Тэгээд тэр явж, өөрөөсөө дор өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог гэж айлдав.
27 Түүнийг эдгээр зүйлсийг айлдаж байхад нь олны дундаас нэгэн эмэгтэй Түүнд—Таныг тээсэн хэвлий, Таныг торниулсан хөх нь ерөөлтэй еэ! гэж чанга дуугаар хэлэв.
28 Харин Тэр—Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! гэжээ.
29 Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр—Энэ үеийнхэн бол хорон муу үеийнхэн юм. Тэд тэмдгийг хайдаг боловч, Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй.
30 Учир нь Иона ниневечүүдэд тэмдэг болсончлон, Хүний Хүү ч бас энэ үеийнхэнд тэмдэг болно.
31 Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос агуу зүйл байна.
32 Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас ч агуу зүйл байна.
33 Хэн ч дэнлүүг асаагаад далд газар юмуу эсвэл савны доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл үзүүлэхийн тулд түүнийг дэнлүүний суурин дээр тавьдаг.
34 Биеийн чинь дэнлүү бол чиний нүд мөн. Нүд чинь цэвэр байвал бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байна. Харин муу байвал, бүтэн бие чинь мөн харанхуйгаар дүүрэн байна.
35 Иймээс өөрт чинь байгаа гэрэл нь харанхуй байхаас сэрэмжил.
36 Хэрэв чиний бие бүхэлдээ гэрлээр дүүрэн бөгөөд өчүүхэн төдий ч харанхуйгүй бол, энэ нь дэнлүү чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг шиг бүхэлдээ гэрэлтэх болно гэв.
37 Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисай хүн Түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув.
38 Түүнийг заншил ёсоор хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйг харсан мөнөөх фарисай хүн ихэд гайхжээ.
39 Харин Эзэн түүнд—Фарисайчууд та нар аяга, тавагныхаа гаднахыг цэвэрлэдэг ч, харин та нар дотроо хулгай дээрэм, хар санаагаар дүүрэн байдаг.
40 Мунхгууд аа, гаднахыг хийсэн Тэр доторхыг мөн хийгээгүй гэж үү?
41 Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг, тэгвэл бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно.
42 Гэвч фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, сүлүү, төрөл бүрийн ногооныхоо аравны нэгийг өргөдөг атлаа Бурханы хайр, шударга байдлыг үл ойшоодог. Чухамдаа эдгээр нь та нарын бусдыг нь орхигдуулалгүйгээр биелүүлэх ёстой байсан зүйл юм.
43 Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар синагогт тэргүүн суудалд залрах, зах дээр мэндлүүлж, хүндлүүлэх дуртай.
44 Та нар золгүй еэ! Учир нь та нар үл харагдах булшнууд адил, дээгүүр нь алхаж буй хүмүүс үүнийг мэддэггүй гэв.
45 Хуульчдын нэг нь Түүнд—Багш аа, Та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлон гутааж байна гэхэд
46 Тэр—Хуульчид та нар мөн золгүй еэ! Учир нь та нар үүрэхэд бэрх ачаагаар хүмүүсийг дардаг хэрнээ өөрсдөө ганц хуруугаа ч ачаанд хүргэдэггүй.
47 Та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн булшийг барьж босгодог ч тэднийг та нарын өвөг дээдэс хөнөөсөн.
48 Ингэхлээр та нар өвөг дээдсийнхээ үйлсийг батлан гэрчлэгчид мөн. Өвөг дээдэс чинь тэднийг хөнөөсөн тул, та нар тэдний булшийг босгож байна.
49 Иймээс ч Бурханы мэргэн ухаан нь “Би тэдэнд эш үзүүлэгч, элч нарыг илгээнэ. Тэд тэдний заримыг ална, заримыг нь хавчина.
50 Энэ нь дэлхийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм.
51 Абелынхаас авахуулаад, Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно” гэсэн юм.
52 Хуульчид та нар золгүй еэ! Юу гэвэл та нар мэдлэгийн түлхүүрийг авсан хэдий ч өөрсдөө орсонгүй. Тийш орогсдод ч та нар саад болсон гэв.
53 Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам бүр олон зүйлийг асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа.
54 Тэд Түүний эсрэг хуйвалдацгаан, үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг юу хэлэхийг нь анаж байв.