Лук
Бүлэг 21
Есүс дээшээ харж, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг харав.
2 Мөн хоёр зэс зоос өргөж буй нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэйг Тэр харав.
3 Тэр—Би та нарт үнэнээр хэлье. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг өглөө.
4 Учир нь тэд бүгд илүүдлээсээ өргөлд хийсэн атал харин энэ эмэгтэй ядуу хэрнээ амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв.
5 Зарим хүмүүс сүмийн тухай, тэр нь гоёмсог чулуунуудаар болон өргөлийн зүйлсээр чимэглэгдсэнийг ярьж байхад нь Есүс—
6 Та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд гэвэл, нэг ч чулуу нөгөө чулуун дээр давхарлагдаж үлдэхгүй, бүгд нурах тийм өдрүүд ирэх болно гэв.
7 Тэд Түүнээс—Багш аа, энэ нь хэзээ болох вэ? Эдгээр нь болох үед ямар шинж тэмдэг байх бол? гэж асууцгаав.
8 Тэр—Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. Яагаад гэвэл Миний нэрээр олон хүн ирэх бөгөөд тэд “Би бол Тэр байна”, “Цаг ойрхон байна” гэх болно. Тэдний араас бүү яв.
9 Та нар дайн дажин, түгшүүрийн тухай сонсвол бүү айгтун. Учир нь эхлээд энэ бүхэн болох ёстой юм. Харин төгсгөл нь хараахан биш юм гэв.
10 Тэгээд Тэр цааш нь тэдэнд—Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд
11 хүчтэй газар хөдлөлтүүд болно. Олон газар гай гамшиг болон өлсгөлөн болж, тэнгэрээс аймшиг болон үлэмж тэмдгүүд үзэгдэнэ.
12 Харин энэ бүгдээс өмнө Миний нэрнээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид болон хаадын өмнө авчирна.
13 Энэ нь та нарын гэрчлэх боломж болно.
14 Өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд санаагаа түвшитгэ.
15 Учир нь та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно.
16 Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь ална.
17 Миний нэрнээс болж бүгд та нарыг үзэн ядах болно.
18 Гэсэн хэдий ч та нарын толгойн дахь ширхэг үс чинь ч устахгүй.
19 Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна.
20 Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно.
21 Тэгэхэд Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг. Хөдөө байгаа хүмүүс хот уруу бүү орог.
22 Юу гэвэл бичигдсэн бүх зүйлс биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм.
23 Тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн гамшиг болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно.
24 Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно.
25 Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.
26 Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана.
27 Дараа нь тэд хүч болон агуу сүр жавхлантайгаар үүлэн дээр залран ирэх Хүний Хүүг харна.
28 Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт ойртож байна гэв.
29 Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—Инжрийн мод болон бүх моддыг хар.
30 Та нар тэдгээрийн нахиалахыг хараад зун ойрхон байгааг мэддэг.
31 Түүнчлэн та нар ч гэсэн эдгээр зүйлс болохыг хараад Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй.
32 Үнэнээр Би та нарт хэлье. Бүх зүйл биелэгдтэл энэ үеийнхэн өнгөрөн одохгүй.
33 Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс өнгөрөхгүй.
34 Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.
35 Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно.
36 Харин Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв.
37 Есүс өдөржин сүмд сургаалаа айлдаж, харин шөнө нь гарч яван, Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв.
38 Сүм уруу ирж, Түүнийг сонсохоор бүх хүмүүс өглөө эртлэн босдог байлаа.