Матай
Бүлэг 27
Өглөө эрт ахлагч тахилч нар болон олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөөд,
2 Түүнийг хүлж, авч яваад захирагч Пилатад тушаав.
3 Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болоод ахлагчдад буцаан өгч,—
4 Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд—Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв.
5 Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ.
6 Ахлах тахилч нар мөнгөн зооснуудыг авч,—Энэ нь цусны үнэ тул үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь ёс бус юм гэв.
7 Тэд зөвлөлдөөд тэр мөнгөөр Ваарчны Талбайг худалдан авч, харийн хүмүүсийг оршуулдаг газар болгов.
8 Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл «Цуст Талбай» хэмээгдэх болжээ.
9 Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд тэр «Израилийн хөвгүүдийн Түүнд тогтоосон үнэ болох гучин мөнгөн зоосыг тэд авч,
10 Эзэний надад айлдсан ёсоор Ваарчны Талбайг худалдан авав» гэж хэлсэн байжээ.
11 Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс—Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс—Та ч хэлж байна гэв.
12 Ахлах тахилч нар болон ахлагчид Есүсийг буруутгахад Тэр юу ч хариулсангүй.
13 Пилат Түүнд—Тэд Таны эсрэг хичнээн олон зүйл гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд
14 Тэр түүнд нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ.
15 Захирагч баяраар ард олны хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг заншилтай байв.
16 Тэр үед тэд Бараб гэгч зард гарсан хоригдлыг хорьсон байлаа.
17 Тэгээд ард олныг цуглах үед Пилат тэдэнд—Та нар хэнийг суллуулахыг надаас хүсэж байна? Барабыг уу, эсвэл Христ гэгдэх Есүсийг үү? гэлээ.
18 Учир нь Түүнийг тэд атаархсандаа барьж өгснийг тэр мэдэж байлаа.
19 Пилатыг шүүгчийн суудалд сууж байх үед эхнэр нь түүнд—Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.
20 Харин ахлах тахилч нар болоод ахлагчид олон түмнийг Барабын төлөө гуйж, харин Есүсийг хөнөөлгөхийг ятгасан байлаа.
21 Захирагч тэдэнд—Энэ хоёрын хэнийг нь суллуулмаар байна? гэхэд тэд—Барабыг гэцгээлээ.
22 Тэгтэл Пилат—Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд тэд бүгд л—Түүнийг цовдол гэцгээв.
23 Пилат—Яагаад, Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ? гэж асуусанд харин тэд бүгд—Түүнийг цовдол гэж улам чанга хашхирч байлаа.
24 Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан—Би энэ Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ.
25 Тэгтэл бүх хүмүүс—Түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг гэцгээв.
26 Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдсаны дараа цовдлуулахаар болжээ.
27 Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч Ромын бүтэн ангийг цуглуулж Түүнийг тойруулав.
28 Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж,
29 үүргэнээр титэм сүлжсэний дараа толгой дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд Түүний өмнө сөгдөж,—Иудейчүүдийн Хаанд мэндчилье хэмээн дооглон,
30 Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо.
31 Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа.
32 Тэд гарч явахдаа Курений Симон гэгчтэй тааралдаж түүнийг албадаж Есүсийн загалмайг үүрүүлэв.
33 Тэгээд тэд Гавлын Газар гэсэн утгатай Голгота гэдэг газарт хүрч ирээд
34 цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр хэдийгээр амссан ч уухгүй байв.
35 Тэд Түүнийг цовдолсны дараа, хоорондоо шодон хувцсыг нь хувааж аваад,
36 суун тэндээ Түүнийг харгалзаж байв.
37 Тэд Түүний толгойн дээр «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайзыг хадлаа.
38 Тэр үед Түүнтэй хамт хоёр дээрэмчин цовдлуулж, нэг нь баруун талд, нөгөө нь зүүн талд байлаа.
39 Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн, Түүнийг доромжилж—
40 Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг хүн Чи Өөрийгөө авраач. Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол, загалмайнаасаа буугаач гэцгээж байлаа.
41 Түүнчлэн ахлагч тахилч нар ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт Түүнийг элэглэн дооглож,—
42 Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг, тэгвэл бид Түүнд итгэнэ.
43 Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь “Би бол Бурханы Хүү” гэсэн биз дээ гэцгээв.
44 Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг мөн доромжилж байлаа.
45 Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа.
46 Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар—Ели, Ели, лама сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж.
47 Тэнд зогсож байсан хүмүүсийн зарим нь үүнийг сонсоод,—Энэ хүн Елиаг дуудаж байна гэв.
48 Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, хулсанд торгоон, Түүнд уулгахаар өглөө.
49 Харин бусад нь—Елиа Түүнийг аврахаар ирэх эсэхийг харцгаая гэв.
50 Есүс дахин чангаар хашхираад Өөрийн сүнсээ гаргажээ.
51 Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуу урагдаж, газар хөдлөн, хад чулуу бут хагаран,
52 булш нээгдэн, нойрссон олон ариун хүмүүсийн биес амилуулагдаж,
53 Есүсийн амилалтын дараа булшнуудаасаа гарч ариун хотод орж, олон хүнд харагджээ.
54 Есүсийг харгалзаж байсан зуутын дарга болон харуулууд газар хөдлөлт болон болж буй бүхнийг хараад ихэд айн,—Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ гэв.
55 Есүст үйлчилж, Түүнийг Галилаас дагаж ирсэн олон эмэгтэйчүүд тэнд холоос харж байлаа.
56 Тэдний дунд Магдалын Мариа болон Иаков, Иосеф хоёрын эх Мариа, мөн Зебедеен хөвгүүдийн эх ч байв.
57 Орой нь Ариматаас Иосеф гэгч нэгэн баян хүн хүрч ирлээ. Тэр мөн өөрөө Есүсийн шавь болсон ажээ.
58 Энэ хүн Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат өгөхийг тушаав.
59 Иосеф цогцсыг аваад, цэвэр маалинган даавуунд ороож,
60 хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны амыг таглаад явжээ.
61 Тэнд Магдалын Мариа болон нөгөө Мариа булшны эсрэг талд сууж байв.
62 Дараа өдөр нь бэлтгэлийн өдрийн дараахь өдөр байсан бөгөөд ахлах тахилч нар болоод фарисайчууд Пилатынд цуглаж,—
63 Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа “Би гурав хоногийн дараа амилна” гэж хэлж байсныг бид санаж байна.
64 Тиймээс шавь нар нь ирж Түүнийг хулгайлан аваад, ард олонд “Тэр үхэгсдээс амилав” гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Хэрэв тэгэхгүй бол сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ ч дор муу юм болно гэцгээлээ.
65 Пилат тэдэнд,—Харуул аваад яв, хэрхэн хамгаалахаа та нар өөрсдөө мэдэж байгаа биз ээ гэв.
66 Тэд очоод хадан дээр лац тавьж, харуул гарган булшийг манацгаав.