Матай

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 21

Тэд Иерусалимд ойртон ирж, Чидун уулын бэл дэх Бетфагт очоод, Есүс хоёр шавиа илгээхдээ,
2 тэдэнд—Эсрэг талд чинь байгаа тосгон уруу яв. Тэр даруй та нар нэгэн уяатай илжгийг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад, Над уруу авчир.
3 Хэрэв хэн нэгэн хүн та нарт юм хэлбэл, “Эд Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй. Тэгвэл тэр хүн тэднийг даруй явуулна гэж айлджээ.
4 Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тул болой. Юу гэвэл
5 «Сионы охинд хэл.“Харагтун, чиний Хаан чам уруу ирж явна.Илжиг буюу ачаа зөөдөг амьтны төл дудран унаж, эгэл даруухнаар ирнэ”»гэсэн юм.
6 Тэгээд шавь нар явж Есүсийн захисан ёсоор гүйцэтгэж,
7 илжгийг дудрантай нь авчрахад тэд дээр нь дээлүүдээ тохоцгоолоо. Есүс илжгийг унав.
8 Цугласан хүмүүсийн ихэнх нь дээл хувцсаа зам дээр дэвсэхэд, зарим нь модноос мөчир огтлон зам дээр тавьж байлаа.
9 Түүний өмнө хойно нь явж буй хурсан олон—Давидын Хүүд Хосанна!Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!Хамгийн дээдэд Хосанна!гэж хашхиралдаж байлаа.
10 Түүнийг Иерусалимд ороход бүх хотынхон үймэлдэж,—Энэ хэн билээ? гэцгээв.
11 Олон түмэн—Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.
12 Есүс сүмд орж ирээд худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, зоос солигчдын ширээ, тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод,
13 тэдэнд—“Миний гэр бол залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгож байна гэв.
14 Сүмд байхад нь Түүн уруу сохор, доголон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ.
15 Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүний үйлдсэн гайхамшигт зүйлсийг болон сүм дотор—Давидын Хүүд Хосанна! гэж хашхиралдах хүүхдүүдийг хараад ихэд дургүйцэн
16 Түүнд—Та эдний юу хэлж буйг сонсож байна уу? гэхэд Есүс—Тийм ээ, “Нялх, хөхүүл хүүхдүүдийн амнаас магтаалыг Та Өөрийнхөө төлөө бэлдсэн” гэснийг та нар огт уншаагүй юм уу? гэв.
17 Тэгээд тэднийг орхин хотоос гарч, Бетанд ирээд тэндээ хоноглов.
18 Өглөө хот уруу буцахдаа Тэр өлссөн ажээ.
19 Тэгээд замын хажуудах ганц инжрийн модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд—Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.
20 Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж—Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв.
21 Есүс хариуд нь—Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлсэн ч энэ нь биелэх болно.
22 Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно гэж айлдав.
23 Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба олон түмний ахлагчид Түүн уруу ирж,—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад
24 Есүс тэдэнд—Би та нараас бас нэг зүйлийг асууя. Хэрэв Надад хариулбал, Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлье.
25 Иоханы баптисм хаанаас эхтэй байсан бэ? Тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэхэд тэд өөр хоорондоо хэлэлцэж—Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл, Тэр бидэнд “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ.
26 Хэрэв “Хүмүүсээс” гэвэл, энэ хурсан олон түмнээс бид айж байна. Учир нь тэд бүгдээрээ Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд,
27 Түүнд—Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс ч мөн тэдэнд хэлсэн нь—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй.
28 Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ. Тэр ууган хүү уруугаа очиж “Хүү минь, өнөөдөр явж, усан үзмийн тариалан дээр ажилла” гэсэнд,
29 хүү нь “За” гэсэн атлаа явсангүй.
30 Мөнөөх хүн удаах хүүдээ мөн тэгж хэлэхэд, хүү нь “Үгүй” гэжээ. Гэвч дараа нь гэмшиж, ажиллахаар явав.
31 Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд, тэд—Сүүлчийнх нь гэв. Есүс тэдэнд хандан—Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид болоод янхнууд та нараас түрүүнд Бурханы хаанчлалд орох болно.
32 Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид болоод янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзэхдээ гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй.
33 Өөр сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн мод тариалж, түүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагч савыг суулгах нүх ухаж, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ.
34 Ургац хураах цаг болоход эзэн усан үзэм авчруулахаар боолуудаа усан үзмийн тариаланчид уруу илгээжээ.
35 Усан үзмийн тариаланчид боолуудыг нь бариад нэгийг нь зодож, нөгөөг нь алж, гурав дахийг нь чулуугаар цохив.
36 Эзэн урьд явуулснаас ч олон тооны боолуудыг дахин илгээсэнд тэд мөн л адил ханджээ.
37 Гэвч дараа нь тэр “Тэд миний хүүг хүндэлнэ” гээд хүүгээ илгээв.
38 Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч байна. Ирэгтүн, түүнийг алж, өвийг нь булаацгаая” гэжээ.
39 Тэгээд тэд түүнийг бариад усан үзмийн тариалангийн гадна гаргаж хаяад, түүнийг алав.
40 Тэгвэл усан үзмийн тариалангийн эзэн хүрч ирээд, тэдгээр тариаланчдыг яах вэ? гэсэнд,
41 тэд—Тэр эзэн тэдгээр муу хүмүүсийг муугаар төгсгөж, түүнд хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээсэлнэ гэв.
42 Есүс тэдэнд—“Барилгачдын голсон Чулуу булангийн тулгуур Чулуу болжээ.Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай”гэснийг та нар Судраас огт уншаагүй юу?
43 Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно.
44 Хэн энэ чулуун дээр унана, тэр хүн хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав.
45 Фарисайчууд ба ахлах тахилч нар Түүний сургаалт зүйрлэлүүдийг сонсоод, Тэр өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов.
46 Тэд Түүнийг барихыг санаархсан авч, олон түмнээс айж байлаа. Учир нь хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байв.