Матай

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 19

Есүс эдгээр үгээ айлдсаныхаа дараа, Галилаас явж, Иорданы тэртээх Иудейн нутагт ирэв.
2 Үй олон хүмүүс Түүнийг дагахад тэнд Тэр тэднийг эдгээжээ.
3 Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж,—Ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салах нь хуулийн дагуу мөн үү? гэж асуухад
4 Тэр хариуд нь—Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү? гээд—
5 Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог.
6 Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав.
7 Гэтэл тэд Түүнд—Тэгвэл Мосе яагаад эхнэртээ салалтыг гэрчилсэн бичиг өгөөд, түүнийг явуулахыг тушаасан юм бэ? гэхэд,
8 Тэр тэдэнд—Яагаад гэвэл та нарын зүрх хатуу тул Мосе эхнэрээсээ салахыг та нарт зөвшөөрсөн юм. Гэвч анхнаасаа ийм байгаагүй.
9 Би та нарт хэлье. Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно гэв.
10 Шавь нар нь Түүнд—Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал, гэрлэхгүй байсан нь дээр юм гэхэд
11 харин Есүс тэдэнд—Ингэж хэлэхийг бүх хүн хүлээн зөвшөөрч чадахгүй, харин энэ нь өгөгдсөн хүмүүс л чадна.
12 Учир нь эхийнхээ хэвлийгээс төрөхдөө тайган төрсөн хүн байдаг. Хүмүүсийн тайган болгосон тайган хүмүүс ч байдаг. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм. Үүнийг хүлээж авах чадвартай нэг нь хүлээн аваг гэж айлдав.
13 Есүсийн гарыг нь тавиулж, тэдний төлөө залбируулахын тулд хүмүүс Түүн дээр хүүхдүүдийг авчирсанд шавь нар тэднийг зэмлэжээ.
14 Харин Есүс—Хүүхдүүдийг зөвшөөр, Над уруу ирэхийг бүү болиул. Учир нь тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх юм гээд,
15 тэдний дээр гараа тавьсны дараа тэндээс явав.
16 Үзэгтүн, нэгэн хүн Түүн уруу ирээд,—Багш аа, мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад,
17 Есүс—Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн Ганц байдаг. Хэрэв чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв.
18 Тэр Түүнд—Алийг нь? гэхэд Есүс—Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи бүү худал гэрчил.
19 Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ.
20 Өнөөх залуу эр Түүнд—Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд,
21 Есүс—Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал, явж эд хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.
22 Тэр залуу энэ зааврыг сонсоод, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй нэгэн байжээ.
23 Есүс шавь нартаа—Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх аж.
24 Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв.
25 Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан—Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд
26 Есүс тэднийг хараад,—Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.
27 Тэгтэл Петр Түүнд—Хараач, бид бүх зүйлийг орхиод Таныг дагасан. Тэгвэл бид юу хүртэх вэ? гэхэд
28 Есүс айлдсан нь—Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах үед Намайг дагасан та нар ч мөн Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно.
29 Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно.
30 Харин эхэнд байгаа олон хүн сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх байх болно.