Матай
Бүлэг 25
Мөн тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм.
2 Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг болой.
3 Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй.
4 Харин ухаалагууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа.
5 Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв.
6 Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч “Хараач, хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа” гэлээ.
7 Нөгөө охид бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв.
8 Мунхгууд нь ухаалаг охидод “Бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бөхөх нь” гэсэнд,
9 ухаалагууд нь “Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин уруу очиж, тос худалдаж ав” гэжээ.
10 Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ.
11 Дараа нь бусад охид нь ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд
12 харин тэр хариуд нь “Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв.
13 Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй.
14 Энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болой.
15 Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынх нь дагуу өгсөн аж. Тэгээд аяндаа явж гэнэ.
16 Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд таван талант нэмж олов.
17 Үүний нэгэн адил хоёр талант авсан нь мөн хоёр талант нэмж олжээ.
18 Харин нэг талант авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ.
19 Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ.
20 Таван талант авсан боол ирээд илүү таван талант өгч, “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв.
21 Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ.
22 Хоёр талант авсан боол ирээд, “Эзэн, та надад хоёр талант олгосон. Би хоёр талант нэмж олов” гэхэд
23 эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ.
24 Мөн нэг талант авсан боол ирж, “Эзэн, би таныг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ.
25 Би айсан тул явж таны талантыг газарт нуучихсан. Хар, таны юм энэ байна” гэв.
26 Эзэн нь түүнд “Муу залхуу боол, чи намайг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдгийг мэддэг гэнэ ээ?
27 Тэгвэл чи миний мөнгийг мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан юм. Тэгсэн бол буцаж ирээд өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан юм.
28 Түүнээс нэг талантыг авч арван таланттай хүнд өг.
29 Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно.
30 Энэ зохисгүй боолыг харанхуйд хөөж гарга! Тэр тэнд уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлэв.
31 Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно.
32 Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад,
33 хонио Өөрийн баруун талд, ямааг зүүн талд байлгана.
34 Тэгээд Хаан Өөрийн баруун талд байгсдад хандан хэлэх нь “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.
35 Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан,
36 нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ” гэхэд,
37 зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн бэ?
38 Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан бэ?
39 Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ?” гэх болно.
40 Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.
41 Тэгээд Тэр Өөрийн зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор.
42 Учир нь та нар Намайг өлсөж байхад идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй,
43 Намайг харь газрынх байхад урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй болоод шоронд байхад минь Над уруу ирээгүй” гэж хэлнэ.
44 Тэд мөн адил “Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь газрын, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг чинь хараад Танд үйлчлээгүй юм бэ?” гэх болно.
45 Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр хамгийн дордод нь ийнхүү үйлдээгүй бол Надад ч хийгээгүй хэрэг” гэж хэлнэ.
46 Тэд мөнх шийтгэлд, харин зөвт хүмүүс нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.