Матай
Бүлэг 26
Есүс энэ бүх үгсээ хэлж дуусаад шавь нартаа—
2 Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ.
3 Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад,
4 Есүсийг зальжин аргаар барьж, алахаар хуйвалдацгаав.
5 Гэхдээ тэд—Олон түмний дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв.
6 Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад
7 их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг тухлан суугаад хооллох үед толгой дээр нь тосоо цутгав.
8 Шавь нар үүнийг хараад уурлаж,—Юунд ийм үрэлгэн байна вэ?
9 Энэ тосыг өндөр үнээр зарж, мөнгийг нь ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв.
10 Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд—Та нар энэ эмэгтэйд юунд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв.
11 Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй.
12 Энэ эмэгтэй биен дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад бэлтгэж байгаа юм.
13 Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэлээ.
14 Тэр үед арван хоёрын нэг болох Искариотын Иудас ахлах тахилч нар уруу очиж,—
15 Түүнийг та нарт тушаавал та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслээд өгөв.
16 Тэр мөчөөс эхлэн тэр Есүсийг барьж өгөх аятай боломжийг хайв.
17 Исгээгүй Талхны баярын эхний өдөр шавь нар Түүн уруу ирж,—Танд зориулан Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад
18 Тэр—Хот уруу, нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа хамт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэнэ» гэсэн” гэж хэл гэв.
19 Шавь нар нь Есүсийн айлдсанаар үйлдэж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв.
20 Орой болоход Тэр шавь нарын хамт ширээнд тухлан сууж байлаа.
21 Тэднийг зооглон байх үед Тэр—Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд
22 тэд ихэд гуниглан, дор бүрдээ л Түүнээс—Би биш биз дээ, Эзэн минь! гэцгээв.
23 Тэр—Миний хамт тавганд гараа дүрэгч нь Надаас урвах болно.
24 Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэлээ.
25 Есүсээс урвасан Иудас—Би биш биз дээ, Рабби? гэхэд Тэр—Чи өөрөө хэллээ гэв.
26 Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд,—Май, ид. Энэ бол Миний бие гэлээ.
27 Тэгээд Тэр аяга авч, талархлаа өргөөд, тэдэнд өгөнгөө—Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа.
28 Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус.
29 Харин Би та нарт хэлье. Үүнээс хойш Би энэ усан үзмийн дарсыг та нартай хамт Эцэгийнхээ хаанчлалд дахин шинээр уух өдрийг хүртэл ер уухгүй гэв.
30 Тэд магтуу дуулсныхаа дараа, Чидун уул өөд явцгаав.
31 Тэгэхэд Есүс тэдэнд—Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ.
32 Харин Би амилуулагдсаны дараа, та нараас өмнө Галилд очно гэв.
33 Петр Түүнд—Танаас болж бүгд бүдэрлээ ч, би хэзээ ч бүдрэхгүй гэв.
34 Есүс—Үнэнээр Би чамд хэлье. Энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ дээ гэв.
35 Тэгтэл Петр Түүнд—Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч, Таныг үгүйсгэхгүй гэхэд шавь нар бүгдээрээ бас тэгж хэлцгээв.
36 Есүс тэдний хамт Гетсемани хэмээн нэрлэдэг газар ирж, шавь нартаа—Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд,
37 Тэр Өөрийн хамт Петр болон Зебедеен хоёр хүүг авч явав. Тэр зовж, шаналж эхлэв.
38 Тэгээд тэдэнд—Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэв.
39 Тэр тэднээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж,—Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог гэж залбирлаа.
40 Тэгээд Тэр шавь нар уруугаа ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт—Та нар чинь Надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу?
41 Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм гэв.
42 Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран—Эцэг минь, хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол, Таны хүсэл биелэг гэлээ.
43 Есүс дахин ирж, тэдний унтаж байхыг харав. Тэдний нүд анилдаж байлаа.
44 Тэр тэднийг дахин орхин холдон явж, өмнө хэлснийгээ хэлж, гурав дахь удаагаа залбирав.
45 Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж,—Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Харагтун. Цаг ойртчихлоо. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт орж байна.
46 Бос, явцгаая. Харагтун. Намайг бариулагч ойртон ирлээ гэлээ.
47 Түүнийг ийн ярьж байх зуур арван хоёрын нэг болох Иудас ахлагч тахилч нар болон олон түмний ахлагчдаас илд, шийдэмтэй бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирэв.
48 Түүнээс урваж байсан нэгэн нь тэдэнд—Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барь хэмээн битүү дохио өгчээ.
49 Тэр даруй Есүс уруу очиж,—Амар байна уу, Рабби? гээд Түүнийг үнсэв.
50 Есүс түүнд—Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирээд Есүсийг барьж аваад баривчлав.
51 Есүстэй хамт байсан хүмүүсийн нэг нь гараа сунган илдээ сугалаад тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчжээ.
52 Есүс түүнд—Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө.
53 Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?
54 Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ? гэв.
55 Тэр үед Есүс хурсан олонд—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр сүмд байж сургаал заадаг байхад минь та нар Намайг бариагүй.
56 Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тул болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав.
57 Есүсийг барьсан хүмүүс Түүнийг тэргүүн тахилч Каиафт хүргэлээ. Тэнд хуулийн багш нар болон ахлагчид цугласан байв.
58 Харин Петр мөн Түүнийг алсуур тэргүүн тахилчийн хашаа хүртэл дагаж, дотогш орон, зарц нарын хамт юу болохыг харж суув.
59 Ахлах тахилч нар хийгээд бүх Зөвлөл Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл олохыг оролдсоор байлаа.
60 Хэдийгээр хуурамч гэрч нар олноор гарч ирсэн боловч, тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хүн гарч ирээд,—
61 Энэ хүн “Би Бурханы сүмийг устгаад, гурав хоногийн дотор дахин барьж чадна” гэж хэлж байсан гэв.
62 Тэргүүн тахилч босож, Түүнд—Чамд хариулах юм алга уу? Эдгээр хүмүүс Чиний эсрэг юу гэж гэрчилж байгаа юм бэ? гэлээ.
63 Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд—Чамайг амьд Бурханаар тангараглуулъя. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв.
64 Есүс түүнд—Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүчит Нэгэний баруун талд залрах Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр залран ирэхийг харах болно гэж айлдав.
65 Тэргүүн тахилч дээлээ хүү татан,—Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн. Та нар доромжлолыг сонсоцгоолоо.
66 Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд—Тэр үхэх ёстой гэцгээлээ.
67 Тэд Түүний нүүр уруу нулимж, Түүнийг нударгалан, зарим нь алгадаад,—
68 Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх, эрхэм Христ ээ? гэцгээв.
69 Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивэгчин түүнд ойртон ирж,—Чи ч бас Галилын Есүстэй хамт байсан шүү дээ гэхэд
70 харин тэр бүгдийн өмнө үүнийг үгүйсгээд,—Чиний юу ярьж байгааг би ойлгохгүй байна гэв.
71 Петрийг хашааны хаалга хавьд ирэхэд өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байсан хүмүүст—Энэ хүн Назарын Есүстэй хамт байсан гэж хэлэв.
72 Тэр дахин үүнийг үгүйсгэж,—Би энэ хүнийг танихгүй хэмээн ам өчгөө өгөв.
73 Тэгтэл удалгүй, тэнд зогсож байсан хүмүүс ирээд—Чи тэдний нэг гарцаагүй мөн. Ярианаас чинь л илт байна гэлцэв.
74 Петр хараал тавин тангараглаж,—Би энэ хүнийг танихгүй гэлээ. Тэр даруйд тахиа донгодов.
75 Тэгтэл Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад, гадагшаа гарч яван, гашуунаар уйлав.