Матай

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 23

Тэгээд Есүс цугласан олон түмэнд болоод шавь нартаа айлдсан нь—
2 Хуулийн багш нар, фарисайчууд Мосегийн суудалд суужээ.
3 Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдаг ч, түүнийгээ үйлддэггүй.
4 Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй.
5 Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг.
6 Тэд найр наадмын тэргүүн эгнээнд, синагогуудад тэргүүн суудалд суух,
7 зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, “Багш аа” гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж.
8 Харин та нар “Багш аа” гэж битгий дуудуул. Та нарын Багш Ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ.
9 Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй.
10 Та нар удирдагчид гэж битгий дуудуул. Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм.
11 Харин та нарын дундах хамгийн агуу нь зарц болог.
12 Өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгогдох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно.
13 Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.
14 [Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг атлаа удаан залбирах дүр үзүүлдэг тул та нар илүү хүнд шийтгэл хүлээнэ.]
15 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар ганц хүнийг ч гэсэн сүсэгтнээ болгохын тулд тэнгис газаргүй хөндлөн гулд явдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог ажээ.
16 Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Хэн сүмээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин сүмийн алтаар тангараглагч түүнд үүрэг оногддог” гэдэг.
17 Мунхаг, сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Алт уу, эсвэл алтыг ариусгадаг сүм үү?
18 “Хэн тахилын ширээгээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч түүнд үүрэг оногддог” гэдэг.
19 Сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Өргөл үү, эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юу?
20 Иймээс тахилын ширээгээр тангараглагч нь тахилын ширээгээр болон дээр нь байгаа бүхнээр тангараглаж байгаа юм.
21 Сүмээр тангараглагч нь сүмээр болон түүн дотор оршдог Түүгээр тангараглаж байгаа юм.
22 Тэнгэрээр тангараглагч нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залрагч Түүгээр тангараглаж буй.
23 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг биелүүлэх ёстой байсан.
24 Шумуулыг шүүгээд тэмээг залгичихдаг сохор газарчид аа!
25 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг хэдий ч дотор нь дээрэм, хувийн сонирхол дүүрэн аж.
26 Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно.
27 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бол цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гоё сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж.
28 Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт хүмүүс мэт харагдавч, дотроо хоёр нүүрт зан болон хууль бус явдлаар дүүрэн аж.
29 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвт хүмүүсийн хөшөөг чимдэг.
30 Тэгээд “Хэрэв бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй л байсан” гэдэг.
31 Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэсэн хүмүүсийн хөвгүүд гэдгээ гэрчилдэг.
32 Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэ.
33 Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?
34 Тиймээс, үзэгтүн. Би та нар уруу эш үзүүлэгчид ба мэргэн хүмүүс, хуулийн багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг алж, цовдолж, заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөх болно.
35 Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм болоод тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт хүний цус та нар дээр ирнэ.
36 Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүх юмс энэхүү үеийнхэн дээр ирнэ.
37 Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй.
38 Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна.
39 Учир нь Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш “Эзэний нэрээр Ирэгч ерөөлтэй еэ!” гэж хэлтлээ Намайг огт харахгүй.