Хаадын Дэд
Бүлэг 1
Ахабыг нас барсны дараа Израилийн эсрэг Моаб босов.
2 Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжаар унан бэртжээ. Тэрээр элч нарыг илгээн, тэдэнд—Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.
3 Харин ЭЗЭНий тэнгэр элч тишбе хүн Елиад—Бос, Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл.
4 Тиймээс одоо ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи хэвтсэн орноосоо буухгүй, харин чи гарцаагүй үхэх болно” гэж хэлэв. Тэгээд Елиа салж явлаа.
5 Элч нар хаан уруу буцаж ирсэнд тэр тэдэнд—Яагаад та нар буцаж ирэв? хэмээв.
6 Тэд түүнд—Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд, бидэнд “Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод, түүнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” хэмээв» гэж хэл” гэж хэлсэн гэцгээв.
7 Хаан тэдэнд—Та нартай уулзахаар ирж, эдгээр үгсийг та нарт хэлсэн тэр хүн ямаршуу төрхтэй байсан бэ? гэхэд
8 тэд хаандаа—Бүсэлхийгээрээ арьсан бүс бүсэлсэн, үсэрхэг хүн гэж хариулцгаав. Хаан—Тэр бол тишбе хүн Елиа байна хэмээн хэлэв.
9 Тэгээд тавьтын даргыг тавьтынх нь хамт Елиа уруу илгээв. Тэрээр түүн уруу өгсөн гарч харахад Елиа толгодын орой дээр сууж байлаа. Тэр түүнд—Бурханы хүн ээ, хаан “Бууж ирэгтүн!” гэж хэлүүллээ гэв.
10 Елиа өнөөх тавьтын даргад хандан—Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж, чамайг болон чиний тавьтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж, түүнийг болон түүний тавьтыг шатаав.
11 Тиймээс хаан тавьтын өөр даргыг тавьтынх нь хамт Елиа уруу дахиж илгээлээ. Тэр Елиад—Бурханы хүн ээ, хаан айлдахдаа “Түргэхэн буугаад ир” гэж байна гэв.
12 Елиа тэдэнд—Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж, чамайг болон чиний тавьтыг шатааг гэж хэлэв. Тэгтэл Бурханы гал тэнгэрээс бууж, түүнийг болон тавьтыг нь шатаав.
13 Тиймээс хаан дахиад гурав дахь тавьтын даргыг тавьтынх нь хамт илгээлээ. Гурав дахь тавьтын дарга дээшээ өгсөөд, Елиагийн өмнө өвдөг сөгдөж, түүнээс гуйн,—Бурханы хүн ээ, миний амь болон таны эдгээр тавин боолын амь насыг таалалдаа багтаагаач.
14 Харагтун тэнгэрээс гал бууж, түрүүчийн хоёр тавьтын даргыг тавьтуудтай нь хамт шатаасан билээ. Гэвч одоо миний амийг таалалдаа багтаагаач гэв.
15 ЭЗЭНий тэнгэр элч Елиад—Түүнтэй хамт буугтун. Түүнээс бүү айгтун гэж хэлэхэд Елиа босоод, түүнтэй хамт хаан уруу буун явлаа.
16 Тэгээд тэрээр хаанд—ЭЗЭН ингэж айлдаж байна “Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн чинь Өөрийнх нь үгийг асуун мэдэж болох Бурхан Израильд байдаггүйгээс болсон уу? Тийм учраас чи өөрийн хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэв гэжээ.
17 Ийнхүү Елиагийн хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Ахазиа нас барав. Тэрээр хүүгүй байсан тул Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёр дахь жилд Иехорам түүний оронд хаан болов.
18 Ахазиагийн хийсэн бусад үйлс Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?