Хаадын Дэд
Бүлэг 3
Иудагийн хаан Иехошафатын арван найм дахь жилд Ахабын хүү Иехорам Самарид Израилийн хаан болсон бөгөөд арван хоёр жил хаанчлав.
2 Хэдийгээр эцэг эх шигээ байгаагүй ч тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. Учир нь тэрээр эцгийнхээ бүтээсэн Баалын баганануудыг зайлуулсан юм.
3 Хэдий тийм боловч Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс тэрээр зуурч аван, тэднийг орхисонгүй.
4 Моабын хаан Меша хоньчин байсан бөгөөд Израилийн хаанд зуун мянган хурга, зуун мянган хуцын ноосыг төлдөг байв.
5 Харин Ахабыг нас барахад Моабын хаан Израилийн хааны эсрэг босов.
6 Тэр үед Иехорам хаан Самариас гарч, бүх Израилийг цуглуулав.
7 Дараа нь тэр явж, Иудагийн хаан Иехошафатад илгээхдээ—Моабын хаан миний эсрэг бослоо. Моабын эсрэг тулалдахаар чи надтай хамт явах уу? гэж хэлүүлэв. Тэр—Би явна. Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс, миний морьд ч чиний морьд мэт билээ хэмээв.
8 Тэрээр—Бид аль замаар явах вэ? гэж асуухад Иехошафат—Едомын цөлийн замаар гэж хариулав.
9 Ингээд Израилийн хаан нь Иудагийн хаан болон Едомын хаантай хамт хөдлөв. Тэд долоо хоног аялан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас яваа мал сүрэгт уух ус байхгүй байв.
10 Тэгтэл Израилийн хаан—Аяа! Моабын саварт өгөх гэж энэ гурван хааныг ЭЗЭН дууджээ гэж хэлэв.
11 Харин Иехошафат—Өөрөөр нь дамжуулан бид ЭЗЭНээс асууж болохоор ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? гэв. Израилийн хааны зарц нарын нэг нь хариулж,—Шафатын хүү Елиша энд байна. Тэр Елиагийн гар дээр ус асгадаг байсан гэв.
12 Иехошафат—ЭЗЭНий үг түүнтэй хамт билээ гэжээ. Ингээд Израилийн хаан, Иехошафат болон Едомын хаад түүн уруу очив.
13 Елиша Израилийн хаанд—Би чамтай юугаараа холбоотой билээ? Чи эцгийнхээ эш үзүүлэгчид болон эхийнхээ эш үзүүлэгчид уруу яв гэв. Израилийн хаан түүнд—Үгүй, учир нь ЭЗЭН энэ гурван хааныг Моабын гарт өгөхөөр дуудсан юм гэв.
14 Елиша—Миний өмнө нь зогсдог түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би Иудагийн хаан Иехошафатын оршихуйг хүндлээгүй бол би чам уруу харах ч үгүй, чамайг харах ч үгүй байхсан.
15 Харин одоо надад чавхдаст хөгжим тоглодог хүнийг авчир гэв. Өнөөх хөгжимчин тоглож эхлэхэд ЭЗЭНий мутар Елишагийн дээр ирэв.
16 Тэр—ЭЗЭН айлдахдаа “Энэ хөндийг суваг шуудуугаар дүүргэгтүн” гэв.
17 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар салхийг харахгүй, бороог ч үзэхгүй. Гэсэн ч та нар болон та нарын мал сүрэг, та нарын амьтад уухын тулд тэр хөндий усаар дүүрнэ.
18 Энэ нь ЭЗЭНий мэлмийд өчүүхэн зүйл юм. Тэрээр бас моабчуудыг та нарын гарт өгөх болно.
19 Тэгээд та нар бэхлэгдсэн болон шилмэл хот бүрийг цохиж, сайн мод болгоныг унагаж, усны бүх ундаргыг зогсоож, газар нутгийн сайн хэсэг бүрийг чулуугаар сүйтгэх болой” гэсэн гэв.
20 Өглөө тахил өргөх үед, үзэгтүн, Едомын замаар ус урсан ирж, тэр газар усаар дүүрсэн байлаа.
21 Өөрсдийнх нь эсрэг тулалдахаар хаад ирснийг бүх моабчууд сонсжээ. Зэвсэг барих чадвартай бүгд болон тэднээс дээш насны хүмүүс цугларан, хил дээрээ зогсов.
22 Тэд өглөө эрт босоход нарны туяа усан дээр гялбасан бөгөөд моабчууд харалдаах усыг цус мэт улаан гэж харав.
23 Тэгээд тэд—Энэ бол цус байна. Хаад гарцаагүй өөр хоорондоо тулалдаж, нэг нэгнээ хядсан байна. Тиймээс, Моаб аа, олз уруугаа! гэцгээлээ.
24 Харин тэд Израилийн хуаранд иртэл израильчууд босож, моабчуудыг цохисон бөгөөд моабчууд тэдний өмнөөс зугтжээ. Тэд моабчуудыг хядсаар тэдний газар нутаг уруу орж урагшлав.
25 Ингээд тэд хотуудыг сүйтгэжээ. Тэдний хүн бүр нь сайн газар нутгийн хэсэг бүрд чулуу хаян түүнийг дүүргэв. Ингээд тэд усны бүх ундаргыг зогсоож, бүх сайн моддыг унагасаар, Кир-харасетад л чулуунуудыг нь үлдээлээ. Харин чулуу дүүгүүрдэгчид явж байгаад тэр газрыг цохив.
26 Өөрийнх нь хувьд тулалдаан дэндүү хатуу ширүүн болохыг Моабын хаан хараад, тэрээр өөрийнхөө хамт илд агсагч долоон зуун хүнийг аваад, Едомын хааны дундуур нэвтрэн гарах гэсэн боловч чадсангүй.
27 Тэгээд өөрийг нь залгамжлан хаанчлах ёстой байсан ууган хүүгээ тэр аваад, түүнийг хэрмийн дээр шатаалт тахил болгон өргөжээ. Израилийн эсрэг асар их уур хилэн бадарсанд израильчууд түүнээс салж, өөрсдийн нутаг уруугаа буцацгаалаа.