Хаадын Дэд
Бүлэг 9
Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд—Бүсээ ууцаараа бүсэлж, гартаа энэ тостой савыг барьж, Рамот-гилеад уруу яв.
2 Чи тэнд очоод, Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод, дотогш орон, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон, дотоод өрөө уруу дагуулан орогтун.
3 Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган, “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэлэгтүн. Дараа нь хаалгаа онгойлгоод, зугтагтун. Битгий хүлээ хэмээв.
4 Ингээд эш үзүүлэгчийн зарц болох тэр залуу Рамот-гилеад уруу явжээ.
5 Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн ахмадууд сууж байв. Тэрээр—Ахмад аа, танд хэлэх үг надад байна гэв. Иехү—Бидний хэнд нь юм бэ? хэмээн асуухад тэрээр—Ахмад аа, танд гэв.
6 Иехү босоод, гэрт ороход тэрээр түүний толгой дээр тос цутган, түүнд—Израилийн Бурхан, ЭЗЭН айлдахдаа “Би чамайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон тосоллоо.
7 Иезебелийн гарт үрэгдсэн Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдийн цусны болон ЭЗЭНий бүх зарц нарын цусны өшөөг Би авахын тулд чи өөрийн эзэн Ахабын гэрийг цохигтун.
8 Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой. Израиль дахь боол ч бай, чөлөөт ч бай бүх эрэгтэй хүмүүсийг Би Ахабаас таслах болно.
9 Би Ахабын гэрийг Небатын хүү Иеробоамын гэртэй адил, мөн Ахиагийн хүү Баашагийн гэртэй адил болгоно.
10 Ноход Иезреелийн нутагт Иезебелийг идэх бөгөөд хэн ч түүнийг оршуулахгүй” гэж байна гэв. Тэгээд тэрээр хаалгаа онгойлгон зугтав.
11 Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс—Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам уруу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд—Та нар хүнийг болон түүний ярьсныг мэднэ шүү дээ гэв.
12 Тэд—Энэ чинь худал. Бидэнд одоохон хэлээч гэсэнд Иехү—Тэрээр надад ингэж, ингэж яриад, “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэлсэн билээ гэв.
13 Тэгэхэд тэд яаравчлан, хүн бүр өөрийн хувцсаа авч, Иехүгийн хөлийн доор гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн,—Иехү бол хаан гэцгээв.
14 Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа.
15 Харин Иорам хаан Арамын хаан Хазаелтай тулалдаж байхдаа арамейчуудаас олсон шархаа эдгээхээр Иезреел уруу буцаж ирсэн байлаа. Иймээс Иехү—Хэрэв та нарын санаа ийм байгаа бол, Иезреелд дуулгахаар хэн ч оргох юм уу хотыг орхин явж болохгүй хэмээв.
16 Тэгээд Иехү тэргэнд суугаад Иезреел уруу явав. Учир нь Иорам тэнд хэвтэж байсан билээ. Иудагийн хаан Ахазиа Иорамтай уулзахаар тэнд ирчихсэн байв.
17 Иезреелийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Иехүгийн цэргүүдийг ирж байгааг тэр хараад,—Би цэргүүдийг харж байна гэжээ. Иорам—Нэг морьтонг авч, тэднийг угтуулан илгээн, “Амар амгалан уу” хэмээн түүгээр асуулга гэв.
18 Ингээд морьтон эр түүнтэй уулзахаар явж,—Хаантан “Амар амгалан уу?” хэмээсэн билээ гэв. Иехү—Чи амар амгалантай ямар хамаатай вэ? Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ—Элч тэдэн уруу очсон боловч буцаж ирсэнгүй гэв.
19 Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн уруу ирээд,—Хаан “Амар амгалан уу?” гэж асууж байна гэв. Иехү—Чи амар амгалантай ямар холбоотой вэ? Миний хойноос яв хэмээн хариулав.
20 Харуул—Элч тэдэн уруу хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв.
21 Тэгэхэд Иорам—Бэлэн байгтун гэв. Тэд түүний тэргийг бэлтгэв. Израилийн хаан Иорам болон Иудагийн хаан Ахазиа тус тусын тэргэндээ суун, Иехүг угтахаар гарч, иезреел хүн Наботын эзэмшил дээр түүнтэй тулгарав.
22 Иорам Иехүг хараад—Иехү, амар амгалан уу? гэж асуусанд Иехү—Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ? хэмээв.
23 Иорам эргэн зугтаад, Ахазиад—Хөөе, Ахазиа, урвалт гэв.
24 Иехү бүх хүчээрээ нумаа татаж, Иорамыг гарых нь хоорондуур харвав. Сум түүний зүрхийг нэвтлэн гарч, тэрээр тэргэн дотроо доошоо суув.
25 Тэгээд түүний түшмэл Бидкарт хандан—Түүнийг өргөж, иезреел хүн Наботын эзэмшлийн талбайд аваачин хаягтун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид хоёр даган явж байхад ЭЗЭН түүний эсрэг ийнхүү зөгнөснийг би санаж байна.
26 “Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа” гэж ЭЗЭН айлдаж, “Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно” гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв.
27 Иудагийн хаан Ахазиа хараад цэцэрлэгт гэрийн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн,—Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч тэрээр Мегиддо уруу зугтан, тэндээ үхжээ.
28 Дараа нь зарц нар нь түүнийг тэргээр Иерусалим уруу аваачиж, түүнийг булшинд нь эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод оршуулсан юм.
29 Ахабын хүү Иорамын арван нэг дэх жилд Ахазиа Иудагийн хаан болсон юм.
30 Иехү Иезреелд ирэх үед Иезебел сонсоод, нүдээ будан, толгойгоо чимэглээд, цонхоороо харав.
31 Иехү дааман хаалгаар орж ирж байхад Иезебел—Эзнийгээ хороосон Зимри, энэ чинь зөв гэж үү? хэмээсэн юм.
32 Тэгэхэд Иехү цонх уруу толгойгоо өргөн,—Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүн уруу харжээ.
33 Тэр—Түүнийг доош хаягтун хэмээв. Ингээд тэд түүнийг доошоо чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, моринд ч хүртэл цацагдав. Тэр түүнийг хөл дороо дэвсэлсэн юм.
34 Иехү дотогш ороод, ууж идлээ. Тэрээр—Одоо энэ хараагдсан эмийг харж, түүнийг оршуул. Учир нь тэрээр хааны охин юм гэв.
35 Тэд түүнийг оршуулахаар гарсан боловч түүнээс гавлынх нь яс, хөл, гарынх нь сарвуунаас өөр юм олсонгүй.
36 Тиймээс тэд буцаж ирээд, Иехүд хэлжээ. Тэрээр—Энэ бол ЭЗЭНий үг юм. Тэрээр Өөрийн зарц тишбе хүн Елиагаар дамжуулан “Иезреелийн эзэмшилд ноход Иезебелийн махыг иднэ.
37 Иезебелийн хүүр нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх хог мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.