Хаадын Дэд
Бүлэг 5
Арамын хааны цэргийн ахмад Нааман эзнийхээ өмнө агуу, хүндэтгэл хүлээсэн хүн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН Арамд ялалтыг өгсөн ажээ. Тэр бас зоригтой дайчин эр байсан боловч уяман өвчтэй байв.
2 Арамейчууд бүлэглэн явж, Израилийн нутгаас нэгэн бяцхан охиныг олзлон авчирчээ. Тэр охин Нааманы эхнэрт үйлчилдэг байлаа.
3 Тэрээр эзэгтэйдээ—Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл тэр түүний уяман өвчнийг эдгээхсэн гэв.
4 Нааман явж, эзэндээ бараалхан,—Израилийн нутгаас авчирсан тэр охин ингэж ингэж хэлэв хэмээн айлтгав.
5 Тэгтэл Арамын хаан—Одоо яв. Би Израилийн хаанд захидал илгээх болно гэв. Нааман арван талант мөнгө, зургаан мянган алт, арван ээлжийн хувцас авч явлаа.
6 Тэрээр Израилийн хаанд захидал авчирсан бөгөөд түүн дотор “Энэ захидал чамд ирэх үед, харагтун, би өөрийн зарц Нааманыг уяман өвчнөөс нь чамаар эдгээлгэхийн тулд чам уруу илгээлээ” гэжээ.
7 Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран,—Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр нөгөө нь надад үг илгээж байдаг нь би хүнийг үхүүлж, амьд байлгадаг Бурхан юм уу? Харин одоо тунгаан бодож, тэр миний эсрэг маргалдахыг хэрхэн оролдож байгааг хараач гэж хэлэв.
8 Израилийн хаан хувцсаа урж тастсаныг Бурханы хүн Елиша сонсоод, тэрээр хаанд илгээн, хэлүүлэхдээ—Юунд чи хувцсаа урсан бэ? Тэр хүнийг над уруу ирүүл. Израильд эш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв.
9 Ингээд Нааман морьд, тэрэгнүүдтэйгээ ирж, Елишагийн гэрийн үүдэнд зогсов.
10 Елиша түүн уруу элч явуулан,—Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно гэж хэлүүлэв.
11 Харин Нааман хилэгнэн уурлан явж,—Харагтун, “Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан, өвчтэй газар дээр гараа даллан, уяман өвчнийг эдгээнэ” гэж би бодсон юм.
12 Дамаскийн голууд болох Абана, Фарпар зэрэг нь Израилийн бүх л уснаас илүү дээр биш гэж үү? Би тэдгээрийн дотор угаагаад, цэвэр болж болохгүй байсан гэж үү? гэв. Тэрээр эргэж, уурласаар буцав.
13 Тэгтэл зарц нар нь ойртож ирж, түүнтэй ярин, түүнд—Эцэг минь, тэр эш үзүүлэгч танд агуу зүйлсийг хэлсэн бол та хийхгүй байх байсан уу? Гэтэл тэр танд “Угааж, цэвэр бол” гэж байхад та хийхгүй гэж үү? гэцгээв.
14 Тиймээс Нааман явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод нялх хүүхдийн бие махбод мэт дахин сэргэж, тэрээр цэвэр болжээ.
15 Тэрээр бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн уруу эргэж ирээд, Елишагийн өмнө зогсоод,—Үзэгтүн, бүх дэлхийд ямар ч Бурхан байдаггүй, зөвхөн Израильд байдгийг би одоо мэдлээ. Иймээс одоо өөрийн боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ.
16 Харин Елиша—Миний өмнө нь зогсдог ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би юу ч авахгүй гэлээ. Нааман авахуулахаар түүнийг ятгасан боловч тэр татгалзав.
17 Нааман—Хэрэв үгүй юм бол, та боолдоо хоёр луусанд ачих хэмжээний шороо ядаж өгөөч. Учир нь боол тань дахиж шатаалт тахил өргөхгүй, өөр бурхдыг ч тахихгүй. Харин ЭЗЭНд өргөх болно.
18 Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны дуганд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны дуганд бөхийдөг тул би Риммоны дуганд бөхийх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв.
19 Елиша түүнд—Амар амгалан явагтун гэв. Ингээд Нааман түүнээс хэсэг зайнд холдов.
20 Харин Бурханы хүн Елишагийн зарц Гехази—Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би түүний араас гүйн очоод, түүнээс ямар нэгэн юм авъя гэж боджээ.
21 Ингээд Гехази Нааманыг нэхэн одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж,—Бүх юм сайн уу? гэв.
22 Гехази—Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгчдийн хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө болон хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв.
23 Нааман—Хоёр талантыг авч хайрла гээд, Гехазийг ятгаад, хоёр талант мөнгийг хоёр ээлжийн хувцасны хамт хоёр уутанд боон хийж, хоёр зарцдаа өгөөд, тэд Гехазийн өмнө үүрэн явжээ.
24 Тэд толгод дээр ирээд Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас аван, гэртээ оруулан тавьж, тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав.
25 Харин өөрөө орж, эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд—Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр—Таны зарц хаашаа ч яваагүй гэж хэлэв.
26 Тэгтэл Елиша түүнд—Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ бууж байсан үед миний зүрх гадагшаа яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү?
27 Тийм учраас Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болой гэв. Тиймээс Елишагийн өмнөөс тэрээр цас шиг уяман өвчтэй гарч явжээ.