Хаадын Дэд
Бүлэг 17
Иудагийн хаан Ахазын арван хоёр дахь жилд Елагийн хүү Хошеа Самарид Израилийн хаан болж, есөн жил хаанчлав.
2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн боловч өөрийнх нь өмнө байсан Израилийн хаад шиг үйлдээгүй билээ.
3 Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөв.
4 Гэвч Египетийн хаан Со уруу элч илгээн, жилээс жилд үйлдэж байсан шигээ Ассирийн хаанд алба гувчуур өргөхөө больсонд Хошеагийн хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шоронд хорьжээ.
5 Тэгээд Ассирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самари уруу очиж, түүнийг гурван жил бүсэлжээ.
6 Хошеагийн ес дэх жилд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу цөллөгт авч яваад, тэднийг Гозан гол Хала ба Хаборт болон медечүүдийн хотуудад суурьшуулав.
7 Энэ нь Израилийн хөвгүүд өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан өөрсдийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж,
8 Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн болон Израилийн хаадын бий болгосон ёс заншлуудаар явснаас болсон юм.
9 Израилийн хөвгүүд өөрсдийн Бурхан ЭЗЭНийхээ эсрэг зөв бус зүйлсийг нууцаар үйлдсэн билээ. Бүх сууриндаа харуулын цамхгаас эхлээд бэхлэгдсэн хот хүртэл тэд өөрсдөдөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон юм.
10 Тэд өөрсдөдөө зориулан бүх өндөр толгод болон ногоон мод бүрийн доор багананууд ба ашерагийн шонгуудыг босгож,
11 тэндээ тэдний өмнөөс ЭЗЭНий цөлөн авч явсан үндэстнүүд шиг тэд бүх мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулав. Тэд ЭЗЭНийг өдөөн бузар муу зүйлс хийв.
12 ЭЗЭНий тэдэнд “Та нар үүнийг үйлдэж болохгүй” гэж айлдсан шүтээнүүдэд тэд үйлчлэв.
13 Гэсэн хэдий ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгчид болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад анхааруулж,—Өөрсдийн бузар муу замуудаас эргэж, та нарын эцэг өвгөдөд Миний тушаасан болон Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийн дагуу Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдаж байв.
14 Гэвч тэд сонссонгүй, харин өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгээгүй эцэг өвгөд шигээ хүзүүгээ хатууруулсан билээ.
15 Тэд Түүний тогтоолууд, эцэг өвгөдтэй нь ЭЗЭНий байгуулсан гэрээ болон Тэр тэдэнд анхааруулж байсан Түүний сануулгуудаас татгалзжээ. Эдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭН өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй үндэстнүүдийн араас буюу хоосон юмыг тэд даган явж, өөрсдөө хоосон болжээ.
16 Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг умартан, өөрсдөдөө зориулан цутгасан хөргүүд болох хоёр тугалыг хийж, Ашераг бүтээж, тэнгэрийн бүх эрхэст мөргөж, Баалд үйлчлэв.
17 Тэд өөрсдийн хөвгүүд, охидоо гал дундуур гаргаж, мэргэ төлөг, илбэ шидийг хэрэгжүүлж, ЭЗЭНийг өдөөн Түүний мэлмийд бузар мууг үйлдэхээр өөрсдийгөө худалдав.
18 Иймээс ЭЗЭН Израильд маш их уурлан, тэднийг Өөрийн мэлмийнээс зайлуулав. Иуда овгоос өөр хэн ч үлдсэнгүй.
19 Иуда ч мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалуудыг сахилгүй, харин Израилийн бий болгосон ёс заншлаар явав.
20 ЭЗЭН Израилийн бүх үр удмыг үгүйсгэж, тэднийг Өөрийн мэлмийнээс зайлуулах хүртлээ тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв.
21 Тэрээр Израилийг Давидын гэрээс салгахад тэд Небатын хүү Иеробоамыг хаан болгожээ. Дараа нь Иеробоам Израилийг ЭЗЭНийг дагахаас холдуулж, тэднээр асар том нүгэл үйлдүүлэв.
22 Израилийн хөвгүүд Иеробоамын үйлдсэн бүх нүглүүд дотор явжээ. Тэд тэдгээрээс салсангүй.
23 Эцэст нь Өөрийн бүх боол эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийнээс зайлуулжээ. Тиймээс Израиль нь өөрсдийн эх нутгаас Ассири уруу энэ өдрийг хүртэл цөллөгт аваачигдсан билээ.
24 Ассирийн хаан хүмүүсийг Вавилон, Кута, Авва, Хамат болон Сефар-ваимаас авчран, Израилийн хөвгүүдийн оронд Самарийн хотуудад суурьшуулав. Ингээд тэд Самарийг эзэмшин, хотуудад нь амьдрав.
25 Тэд тэндээ амьдарч эхлэхдээ ЭЗЭНээс эмээж байгаагүй. Тиймээс ЭЗЭН тэдний дунд арслангуудыг илгээн, тэднээс заримыг нь үхүүлэв.
26 Иймээс тэд Ассирийн хаанд хандан айлтгахдаа—Самарийн хотуудад таны цөлөн аваачсан үндэстнүүд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүй байна. Иймээс тэр бурхан тэдний дунд арслангуудыг илгээж, харагтун, тэд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж тэр арслангууд тэднийг алж байна гэв.
27 Тэгэхэд Ассирийн хаан—Цөллөгт авч явсан тахилч нарын нэгийг тийшээ авч, түүнийг явуулан тэнд амьдруул. Тэр тэдэнд тэр газрын бурхны ёс заншлыг заан сургаг гэж тушаав.
28 Тиймээс Самариас цөллөгт аваачигдсан тахилч нарын нэг ирж, Бетелд амьдран, тэд ЭЗЭНээс хэрхэн эмээх ёстойг тэдэнд заан сургав.
29 Гэвч үндэстэн бүр өөрсдийн бурхдыг бүтээсээр, тэднийгээ Самарийн хүмүүсийн босгосон мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад буюу үндэстэн бүр өөрсдийн амьдарч буй хотууддаа тавьжээ.
30 Вавилоны хүмүүс Суккот-бенотыг бүтээж, Кутын хүмүүс Нергалыг бүтээж, Хамат хүмүүс Ашимаг бүтээж,
31 аввачууд Нибхаз ба Тартакийг бүтээжээ. Сефарваимчууд Сефарваимын бурхад болох Адраммелех, Анаммелек нарт зориулан өөрсдийн үр хүүхдүүдээ галд шатаав.
32 Тэд бас ЭЗЭНээс эмээж, мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад тэдний төлөө үйлдэж байсан мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг өөрсдийнхөө дундаас томилов.
33 Тэд ЭЗЭНээс эмээхийн хамт цөллөгт ирэхээс өмнөх өөрсдийн үндэстнийхээ ёс заншлын дагуу өөрсдийн бурхаддаа ч мөн үйлчилж байв.
34 Энэ өдрийг хүртэл тэд эртний ёс заншлынхаа дагуу үйлдэж ирлээ. Тэд ЭЗЭНээс ч эмээхгүй, өөрсдийн тогтоол, өөрсдийн зарлиг, хууль, эсвэл ЭЗЭНий Израиль хэмээн нэрлэсэн Иаковын хөвгүүдэд Түүний тушаасан тушаалуудыг ч тэд дагадаггүй.
35 ЭЗЭН тэдэнтэй гэрээ байгуулан, тэдэнд тушаан “Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд мэхийж, тэдэнд үйлчилж, тэдэнд тахил өргөж болохгүй.
36 Харин агуу их хүчээр болон сунгасан мутраар та нарыг Египет газраас гаргасан ЭЗЭНээс та нар эмээж, Түүнд та нар мэхийж, Түүнд та нар тахил өргөгтүн.
37 Та нарт зориулаад Түүний бичсэн тогтоол, зарлиг, хууль болон тушаалуудыг та нар үүрд үйлдэхээр сахигтун. Та нар өөр бурхдаас бүү эмээгтүн.
38 Би та нартай байгуулсан гэрээг та нар мартаж ч болохгүй, өөр бурхдаас эмээж ч болохгүй.
39 Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээх ёстой. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно” гэж айлдсан билээ.
40 Гэвч тэд сонссонгүй, харин өөрсдийн эртний заншлын дагуу үйлджээ.
41 Ийнхүү эдгээр үндэстнүүд ЭЗЭНээс эмээхийн хажуугаар өөрсдийн шүтээнүүддээ ч мөн үйлчлэв. Тэдний үр хүүхэд, ач гуч нар ч мөн адил өөрсдийн эцэг өвгөдийн үйлдлийг даган, өнөөдрийг хүртэл үйлдсээр байна.