Хаадын Дээд

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22


Бүлэг 22

Арам Израилийн хооронд дайн дажин бололгүй гурван жил өнгөрөв.
2 Гурав дахь жил нь Иудагийн хаан Иехошафат Израилийн хааныг зорьж ирэв.
3 Израилийн хаан өөрийн түшмэддээ—Рамот-гилеад бидэнд харьяалагддаг боловч түүнийг Арамын хааны гараас авах гэж бид юу ч хийхгүй байсаар байгааг та нар мэдэх үү? гэв.
4 Тэрээр Иехошафатад хандан—Рамот-гилеадад байлдахаар чи надтай хамт явах уу? гэхэд Иехошафат Израилийн хаанд—Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс бөгөөд миний морьд ч чиний морьд мэт билээ гэв.
5 Үүнээс гадна, Иехошафат Израилийн хаанд—Эхлээд ЭЗЭНий үгийг мэдэхийн тулд асууж өгөөч гэж хэлэв.
6 Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчдийг хамтад нь цуглуулаад, тэднээс—Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд—Явагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.
7 Гэвч Иехошафат—Бидэнд асуучихаар ЭЗЭНий өөр нэг эш үзүүлэгч энд алга уу? хэмээн асуулаа.
8 Израилийн хаан Иехошафатад—ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг эш үзүүлж байгаагүй, харин бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд—Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.
9 Тэгэхэд Израилийн хаан түшмэлээ дуудан,—Имлахын хүү Микаиаг хурдан авч ирэгтүн хэмээн тушаав.
10 Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.
11 Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Эдгээрээр та арамейчуудыг устгаж дуустал нь нэвт сүлбэгтүн” хэмээв гэжээ.
12 Бүх эш үзүүлэгчид—Рамот-гилеад уруу явж, амжилт ол. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.
13 Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан—Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч тэдний нэгний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв.
14 Харин Микаиа—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭНий надад юу хэлснийг би ярих болно гэлээ.
15 Түүнийг хааны өмнө ирэхэд, хаан түүнээс—Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү, эсвэл татгалзах уу? гэж асуусанд Микаиа түүнд—Явж, ялагтун. ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ.
16 Хаан түүнд—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамд хичнээн гуйх юм бэ? хэмээв.
17 Микаиа хариуд нь—Бүх Израиль хоньчингүй хоньд мэтуулсын оройгоор тархан явахыг би харсан билээ.ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй.Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг”гэв хэмээн өчлөө.
18 Тэгэхэд Израилийн хаан Иехошафатад—Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин бузар мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв.
19 Микаиа—Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний хажуугаар баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.
20 ЭЗЭН “Хэн Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” хэмээн асуулаа. Нэг нь “Би тэгье” гэхэд нөгөө нь өөр юм хэлж байлаа.
21 Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн, ЭЗЭНий өмнө зогсоод, “Би түүнийг уруу татъя” хэмээв.
22 ЭЗЭН түүнээс “Яаж?” хэмээн асуухад тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчдийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татаж, ятгагтун. Явж, үүнийгээ хийгтүн” хэмээлээ.
23 Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН эдгээр бүх эш үзүүлэгчдийн тань аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв.
24 Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад—ЭЗЭНий Сүнс чамд ярихаар надаас яаж ирсэн бэ? гэв.
25 Микаиа—Үзэгтүн, дотоод өрөө уруу нуугдахаар орох тэр өдөр чи ойлгоно гэв.
26 Израилийн хаан—Микаиаг аваад, хотын захирагч Амон болон хааны хүү Иоаш уруу буцаагтун.
27 Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна” гэж хэл гэв.
28 Микаиа—Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд,—Бүх ард түмэн, сонсогтун гэв.
29 Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеадын эсрэг хөдлөв.
30 Израилийн хаан Иехошафатад хандан—Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн нөмрөгүүдээ өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад тулалдаанд орлоо.
31 Арамын хаан морин тэрэгнүүдийнхээ гучин хоёр ахмадад тушаан,—Та нар бага томтой нь бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв.
32 Морин тэрэгний ахмадууд Иехошафатыг хараад,—Тэр хүн Израилийн хаан мөн байна гээд түүнтэй тулалдахаар эргэтэл Иехошафат хашхирчээ.
33 Морин тэрэгний ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг мэдэнгүүтээ түүнийг хөөхөө болин эргэв.
34 Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан морин тэрэгнийхээ хөтчид—Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв.
35 Тэр өдөр тулаан ширүүсэж, хаан арамейчуудын өмнө тэргэн дотроо тэргээ налж байгаад, орой болоход нас барлаа. Шархнаас нь урсах цус тэрэгний ёроолд тунасан байв.
36 Тэгтэл нар шингэхийн алдад—Бүгд өөр өөрийн хот уруу, тус тусын нутаг уруу явцгаа гэх дуу бүх л цэргийн хуарангаар тархав.
37 Хаан үхэж, хүмүүс түүнийг Самарид авчран оршуулжээ.
38 Тэд Самарийн цөөрмийн дэргэд хааны тэргийг угаахад ноход түүний цусыг долоож байсан нь ЭЗЭНий хэлсэн үгийн дагуу болсон юм. (Тэнд янхнууд усанд ордог байв.)
39 Ахабын бусад үйлс, хийсэн бүх ажлууд, түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотуудын тухай Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
40 Ахаб эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Ахазиа орыг нь залгамжлан, хаан болжээ.
41 Израилийн хаан Ахабын дөрөвдүгээр жилд Асагийн хүү Иехошафат Иудагийн хаан болов.
42 Иехошафат хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчлав. Түүний ээж нь Шилхийн охин Азуба юм.
43 Иехошафат өөрийн эцэг Асагийн бүх замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөвийг үйлдсэнээрээ тэр замаас гажаагүй. Гэвч тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж зайлуулаагүй бөгөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөн, утлага уугиулсаар л байв.
44 Иехошафат мөн Израилийн хаантай эв найрамдлыг тогтоов.
45 Иехошафатын бусад үйлс түүний үзүүлсэн хүч чадал, хэрхэн дайтан тулалдсан зэрэг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
46 Эцэг Асагийнх нь үед үлдсэн содомчуудыг Иехошафат нутгаасаа хөөн гаргасан юм.
47 Тэр үед Едомд хаан байгаагүй бөгөөд захирагч нь хаанчилдаг байв.
48 Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-деберт сүйрсэн учир явж чадсангүй.
49 Тэгэхэд Ахабын хүү Ахазиа Иехошафатад—Миний зарц нарыг өөрийнхөө зарц нарын хамт хөлөг онгоцоороо явуулаач хэмээсэн боловч Иехошафат хүсээгүй юм.
50 Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдтэйгөө оршуулагджээ. Түүний орыг залгамжлан хүү Иехорам нь хаан болов.
51 Иудагийн хаан Иехошафатын арван долдугаар жилд Ахабын хүү Ахазиа нь Самарид Израилийн хаан болов. Тэрээр хоёр жил Израилийг захирчээ.
52 Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэн өөрийн эцэг, эх болон Израилийг гэмд унагасан Небатын хүү Иеробоамын замаар замнасан юм.
53 Тэрээр Баалд үйлчлэн, мөргөж, эцгийнхээ хийсэн бүхнээр ЭЗЭН Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэжээ.