Хаадын Дээд
Бүлэг 5
Тирийн хаан Хирам үргэлж Давидын анд найз байсан тул хүмүүс Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тослосныг сонсоод түшмэдээ түүн уруу илгээв.
2 Тэгэхэд Соломон Хирам уруу үг илгээж,—
3 Миний эцэг Давид өөрийн Бурхан ЭЗЭНий нэрд өргөө барьж өгч чадаагүй билээ. Ингэсэн нь ЭЗЭН дайснуудыг нь түүний хөлийн ул дор оруулах хүртэл түүний эргэн тойронд байсан дайн тулаануудаас болсныг хаантан та мэднэ.
4 Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойронд надад амралтыг өгсөн бөгөөд дайсан ч, гай зовлон ч байхгүй боллоо.
5 Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь суулгах чиний хүүгээр Өөрийн нэрэнд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу миний Бурхан ЭЗЭНий нэрэнд би өргөө барих гэж байна.
6 Тэгэхээр одоо Ливанаас хуш мод тайрч өгөхийг хаантан та тушааж соёрхоно уу. Миний зарц нар таны зарц нартай хамт ажиллах болно. Таны хүмүүст өгөх хөлсийг хаан таны хэлснээр би төлье. Учир нь бидний дунд сидончууд шиг дүнз бэлтгэхийг мэддэг нэг ч хүн үгүй билээ хэмээн хэлүүлэв.
7 Соломоны уламжлуулсныг Хирам сонсоод машид баярлан,—Давидад агуу үндэстнийг нь захирах мэргэн хүү заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай хэмээн өгүүлэв.
8 Хирам Соломонд үг илгээн,—Чиний надад илгээсэн үгийг би сонслоо. Чиний хүссэн хуш болон агар модон дүнзнүүдийг би нийлүүлье.
9 Миний зарц нар тэдгээрийг Ливанаас тэнгис уруу зөөн, би тэднээр сал хийж таны товлосон газар уруу тэнгисээр хөвүүлэн, дараа нь салаа задлан чи тэднийг цааш татан авна биз ээ. Танаас миний хүсэх юм бол миний гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс бэлтгэж өгөөч гэсэн хариу ирүүлэв.
10 Соломоны хүссэнээр хуш болон нарсан дүнзийг Хирам бэлтгэж өгчээ.
11 Тэгэхэд Хирамын гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс болгон хорин мянган кор гурил, хорин кор шахсан тосыг Соломон илгээв. Соломон Хирамд жил бүр ийнхүү өгчээ.
12 ЭЗЭН амлалтынхаа дагуу Соломонд мэргэн ухааныг өгөв. Хирам Соломон хоёрын хооронд амар тайван тогтож, тэр хоёр гэрээ байгуулжээ.
13 Соломон хаан бүх Израилиас гучин мянган эрсийг албадлагын ажилд дайчлав.
14 Тэрээр тэднийг арав арван мянгаар нь сар сараар ээлжлүүлэн Ливан уруу илгээж, Ливанд нэг сар, нутагт нь хоёр сар байлгадаг байв. Албадан ажиллаж байгаа хүмүүсийг Адонирам хариуцдаг байв.
15 Соломонд ачаа зөөх далан мянган хүн, мөн ууланд чулуу цавчих наян мянган хүн байлаа.
16 Үүнээс гадна ажиллагсдыг захирч, ажлыг хянах гурван мянга гурван зуун даамал байв.
17 Хаан зарлиг буулгасанд өргөөний суурийг зассан чулуугаар тавихын тулд тэд том үнэт чулуу олборложээ.
18 Соломон ба Хирамын барилгачид болон гебалчууд чулууг засаж, өргөөний барилгад хэрэглэх дүнз чулуунуудыг бэлдэв.