Хаадын Дээд
Бүлэг 17
Гилеадын суурьшигчдын нэг тишбе хүн Елиа Ахабт—Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно гэв.
2 ЭЗЭНий үг Елиад ирж,—
3 Эндээс явж, зүүн зүг уруу эргэгтүн. Иордан голын зүүн талд орших Херит горхины хөвөөнд нуугдан амьдар.
4 Горхины уснаас уу. Би хэрээнүүдэд чамайг тэнд тэжээхийг тушаав гэж айлдлаа.
5 Елиа явж ЭЗЭНий үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад, Иорданы зүүн талд байх Херит горхины хөвөөнд амьдрав.
6 Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх болон мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв.
7 Тэр нутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатаж ширгэжээ.
8 Тэгэхэд ЭЗЭНий үг түүнд ирж,—
9 Босож, Сидонд харьяалагддаг Зарефат уруу яваад, тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд Би тушаасан гэв.
10 Елиа даруй босон, Зарефат уруу явлаа. Тэрээр хотын хаалганд хүрээд хартал нэгэн бэлэвсэн эмэгтэй мод түүж байв. Елиа тэр эмэгтэйг дуудаад—Надад уух ус вааранд хийж авчирж өгөөч гэж гуйв.
11 Тэр эмэгтэй ус авч ирэхээр явах гэж байхад Елиа түүнийг дуудан—Надад зүсэм талх авчирч өгөөч гэж хэлэв.
12 Харин тэр эмэгтэй хариуд нь—Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Надад талх байхгүй. Зөвхөн миний хул аяганд минь атгын төдий гурил, вааранд минь жаахан тос үлдсэн. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ зориулан хоол хийхийн тулд одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байхдаа гэв.
13 Тэгэхэд Елиа эмэгтэйд—Бүү ай. Явж, хэлснээрээ гүйцэтгэ. Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн гурилан боов хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн.
14 Яагаад гэвэл Израилийн Бурхан ЭЗЭН “ЭЗЭН энэ газрын гадарга уруу дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл хул аяган дахь гурил ч дуусахгүй, тостой ваар ч хоосрохгүй” гэж айлдсан юм гэв.
15 Тэр эмэгтэй яван, Елиагийн үгээр үйлдсэн бөгөөд тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв.
16 Елиагаар дамжуулан ЭЗЭН айлдсанчлан хул аяган дахь гурил дуусаагүй, мөн ваар доторх тос ч дууссангүй.
17 Ийн байж байтал гэрийн эзэгтэйн хүү өвджээ. Түүний өвчин хүндэрсээр эцэстээ хүү амьсгал хураав.
18 Тэр эмэгтэй Елиад—Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та нүглийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? хэмээв.
19 Елиа түүнд—Надад хүүгээ өгөөч гэв. Тэрээр эмэгтэйн тэврээс хүүг нь аваад, өөрийн амьдарч байсан дээд давхрын өрөөнд үүрэн авчирч орон дээрээ хэвтүүлжээ.
20 Тэрээр ЭЗЭНийг дуудан,—Миний Бурхан ЭЗЭН, Та миний буудаллан байгаа энэ гэрийн бэлэвсэн эмэгтэйн хүүг үхэлд хүргэснээрээ түүнд ийм гай буулгасан уу? гэж хэлэв.
21 Тэгээд тэрээр хүүгийн дээрээс гурвантаа алдлан хэвтээд, ЭЗЭНийг дуудан,—Миний Бурхан ЭЗЭН, энэ хүүгийн амийг буцаан өгөөч гэж би Танаас гуйж байна хэмээв.
22 ЭЗЭН Елиагийн дууг сонсож, хүүгийн амь буцан ирж, хүү амилав.
23 Елиа хүүг аваад, дээд өрөөнөөс буулган гэрт нь оруулж, эхэд нь өгөв. Елиа—Хар. Хүү чинь амьд байна гэв.
24 Тэгэхэд эмэгтэй Елиад—Одоо л би таныг Бурханы хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо хэмээн өгүүлжээ.