Хаадын Дээд
Бүлэг 7
Соломон өөртөө гэр барьж дуусгахад арван гурван жил зарцуулжээ.
2 Тэрээр Ливаны ойн модоор зуун тохой урт, тавин тохой өргөн, гучин тохой өндөр байшин барьжээ. Энэ нь хуш модон дөрвөн эгнээ баганын дээр баригдсан бөгөөд багананууд нь хушин хөндлөвчүүдийг тулж байв.
3 Дөчин таван багана дээр тогтдог ба эгнээ бүрд нь арван таван баганатай хажуугийн өрөөнүүдийг хушаар дээвэрлэсэн.
4 Цонхнууд нь өөд өөдөөсөө харсан байдлаар гурван эгнээ байрласан байв.
5 Бүх хаалга ба хүрээнүүд дөрвөлжин хэлбэртэй тортой байснаас гадна цонхнууд өөд өөдөөсөө харсан гурван эгнээгээр байрлажээ.
6 Дараа нь Соломон мөн тавин тохой урт, гучин тохой өргөн баганат танхимыг байгуулсан бөгөөд уг танхимын өмнө талд үүдний танхим, багананууд ба босго байрлаж байлаа.
7 Тэрээр хүмүүсийг шүүхийн тулд сэнтийт танхим буюу шүүхийн танхимыг барьж, шалыг нь бүхэлд нь хуш модоор доторлов.
8 Соломоны амьдрах гэр нь танхимаас дотогш хашаанд байсан бөгөөд хэлбэр нь бусад барилгуудынхтай адил байв. Соломон өөрийн гэрлэсэн Фараоны охинд ч энэ танхимтай адил гэрийг барьж өгчээ.
9 Эдгээр бүх барилгууд хөрөөдөж зассан үнэт чулуугаар хийгдсэн байлаа. Барилгын сууриас орой хүртэл гадна ба дотор талдаа, тийм чулуунаас бүтсэн бөгөөд гаднах том хашаа хүртэл тийм чулуугаар хийгджээ.
10 Суурийг үнэт чулуугаар тавьсан бөгөөд зарим нь арван тохой, зарим нь найман тохой хэмжээтэй том чулуунууд байлаа.
11 Дээр нь хэмжүүрээр зассан үнэт чулуу болон хуш өржээ.
12 ЭЗЭНий өргөөний дотоод хашаа болон өргөөний үүдний танхим шиг гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.
13 Соломон хаан хүн илгээн, Тирээс Хирамыг дуудаж авчрууллаа.
14 Тэрээр Нафтали овгийн бэлэвсэн эхнэрийн хүү байсан бөгөөд эцэг нь тир хүн, хүрлийн дархан байв. Тэрээр мэргэн ухаан, ойлголтоор болоод хүрлээр аливаа зүйлийг хийх чадвараар дүүрэн байлаа. Ингээд тэрээр Соломон хаан уруу ирээд, түүний бүх ажлыг гүйцэтгэжээ.
15 Тэрээр хос хүрэл багана бүтээсэн бөгөөд эдгээрийн өндөр нь арван найман тохой, тойргийг нь олсоор хэмжвэл арван хоёр тохой байлаа.
16 Тэдгээрийн оройд тавих хос баганын толгойг хүрэл цутган бүтээжээ. Нэг баганын толгой таван тохой, нөгөө нь ч таван тохой өндөр байв.
17 Баганын оройд тогтоосон баганын толгойг чимэглэхийн тулд хавтгай торон унжлага бас гинжин хэлбэрт цагиргийг тус бүрд нь долоон ширхгийг урласан байна.
18 Хирам баганануудыг хийж, баганын оройд хийх баганын толгойг чимэглэсэн. Хүрэл анар хийж, нэг торон дээр хоёр эгнээ анаруудыг тойруулан баганын толгойг чимэглэжээ. Нөгөө баганын оройг ч ингэж чимэглэсэн байлаа.
19 Үүдний танхимд буй баганын оройд тавьсан баганануудын толгой нь дөрвөн тохой өндөр бөгөөд сараана цэцгэн дүрстэй байв.
20 Хоёр баганын орой дахь гинжин унжлагын дэргэд буй цагиргуудын хажууд баганын толгойнууд байсан бөгөөд хоёр зуун ширхэг хүрэл сэмбэрүү цэцгээр эгнээ үүсгэн тойруулан чимж өгчээ.
21 Тэрээр хос баганыг гол танхимын үүдний танхимд босгосон байв. Баруун талын баганыг босгож Иахин гэж нэрлэн, зүүн талын баганыг Боаз гэж нэрлэжээ.
22 Баганануудын оройд сараана цэцгэн чимэглэл байв. Ийнхүү баганыг босгох ажил өндөрлөжээ.
23 Түүний дараа тэрээр тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраас нь нөгөө амсар хүртэл арван тохой, таван тохой өндөр, тойрог нь гучин тохой хэмжээтэй сав байлаа.
24 Амсрынх нь доор тэнгисийг бүтэн тойруулж хоёр эгнээ хулуу урлажээ. Ингэхдээ нэг тохой бүрд арван хулуу байрлуулсан бөгөөд савтай нь цуг цутгаж хийсэн байв.
25 Тэнгисийг арван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг, гурав нь баруун зүг, гурав нь өмнө зүг, нөгөө гурав нь зүүн зүг харсан байжээ. Тэнгис нь тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв.
26 Тэнгис нь алганы эн шиг зузаан, амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь хоёр мянган бат байв.
27 Дараа нь тэрээр хүрлээр арван тавиур хийжээ. Тавиур тус бүр дөрвөн тохой урт, дөрвөн тохой өргөн, гурван тохой өндөр байлаа.
28 Тавиуруудын загвар нь ийм байв: тэдгээр нь хүрээтэй бөгөөд самбаруудын хооронд ч хүрээтэй байжээ.
29 Самбаруудын хоорондох тэдгээр хүрээнүүд дээр арслан, үхэр, херубуудын дүрс байрлуулжээ. Самбарууд дээр тавцан байсан бөгөөд арслан болон үхрийн дүрсний доод талд цэцгэн хэлхээ урласан байв.
30 Тавиур бүр хүрэл тэнхлэгтэй дөрвөн хүрэл дугуйтай, дөрвөн хөл нь тулгууртай байв. Угаалгын савны доор тал бүрдээ цэцгэн хэлхээтэй тулгууруудыг цутгасан байв.
31 Орой дээрх титмэн доторх амсар нь нэг тохой бөгөөд тавцангийн хэлбэртэй адил дугуй, нэг тохой хагас байлаа. Мөн амсар дээр нь сийлбэртэй бөгөөд зах нь дугуй биш дөрвөлжин юм.
32 Дөрвөн дугуй нь хүрээний доор байх бөгөөд дугуйны тэнхлэг нь тавиур дээр байв. Дугуйны өндөр нь нэг тохой хагас байв.
33 Дугуйнуудын хийц нь тэрэгний дугуйнуудынхтай адил байжээ. Дугуйны тэнхлэг, мөөр, дугуйны хигээс, түүний тэнхлэгийн булыг бүгдийг цутган хийсэн юм.
34 Тавиур бүрийн дөрвөн буланд дөрвөн тулгуурыг хийсэн ба тулгуурууд нь тавиурын нэг хэсэг болж байв.
35 Тавиурын оройд хагас тохой өндөр тойрог хийжээ. Тавиурын оройд бариул байх бөгөөд хүрээ нь үүний нэгэн хэсэг байв.
36 Тэрээр тавиурын бариул болон хүрээний дээр херубууд, арслан, далдуу модыг цулгай зайнд нь багтааж, мөн тойруулан цэцгэн хэлхээ сийлбэрлэжээ.
37 Тэр арван тавиурыг ингэж хийв. Тэдгээр нь бүгд ижил хэмжээ, хэлбэртэй цутгаж хийгдсэн байв.
38 Хирам тавиур бүрд нэгийг буюу нийт арван тогоог хүрлээр хийсэн бөгөөд тогоо тус бүр дөчин бат усны багтаамжтай байв. Тогоо бүр дөрвөн тохой хэмжээтэй байв.
39 Дараа нь тавиуруудын тавыг дуганы баруун талд, тавыг дуганы зүүн талд байрлуулжээ. Тэрээр цутгамал тэнгисийг өргөөний зүүн талд буюу урд зүг уруу чиглүүлэн дорно зүгт байрлуулсан юм.
40 Хирам угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажлыг Хирам дуусгажээ.
41 Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр толгой, оройд нь суулгасан толгойнуудыг чимэглэхээр зүүсэн хоёр унжлага,
42 баганын оройн толгой дахь унжлагад чимэг болгон хоёр эгнээгээр суулгаж өгсөн дөрвөн зуун сэмбэрүү,
43 арван тавиур, тавиур дээр тавих арван угаалгын сав,
44 нэг тэнгис болон тэнгисийн доорх арван хоёр үхрийг,
45 сав суулга, утгуур, хул аяга гэх мэт Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөн доторх энэ бүх хэрэгсэл өнгөлсөн хүрлээр хийсэн байв.
46 Хаан эдгээрийг Суккот ба Заретаны хооронд байх шавартай хөрсөнд, Иорданы хөндийд цутгаж хийжээ.
47 Соломон эдгээр бүх хэрэглэлийг хэмжээгүй орхисны учир нь хүрлийн жинг тооцоолохын аргагүй асар их хэрэгсэл байснаас юм.
48 Соломон ЭЗЭНий өргөөнд байсан бүх эдлэлийг хийсэн билээ. Үүнд алтан тахилын ширээ ба Оршихуйн талх тавьдаг алтан ширээ,
49 дотоод ариун газрын өмнүүр байх зүүн баруун талд нь тав таваар байрлуулсан шижир алтан дэнлүүний сууриуд, алтан цэцгүүд, дэнлүүнүүд, бахинууд,
50 шижир алтан аяга, чимхүүр, хул аяганууд, бойпор болон галын хорго, хамгийн дотоод өргөө буюу хамгийн ариун газар болон өргөө буюу гол танхимын хаалганд алтан нугас зэрэг болно.
51 Ингээд Соломон хааны ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа зориулж цуглуулсан алт, мөнгө болон эд зүйлсийг Соломон авч ирэн, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавьлаа.