Хаадын Дээд

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22


Бүлэг 19

Елиагийн хийсэн бүх зүйлс болон тэр бүх эш үзүүлэгчдийг хэрхэн илдээр цавчин алсан зэргийг Ахаб Иезебелд ярьж өгчээ.
2 Тэгэхэд Иезебел Елиад хүн илгээн,—Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол өөрийн бурхдаасаа ялыг аваг. Үгүй ээ, үүнээс ч илүү гай гамшгийг түүнээс аваг гэж хэлүүлжээ.
3 Елиа айн босож, амиа аврахаар зугтан Иудад харьяалагддаг Беершебад ирэв. Тэнд өөрийн зарцаа үлдээв.
4 Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн арц модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн—Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.
5 Тэрээр арц модны дор хэвтээд унтав. Харагтун, нэгэн тэнгэр элч түүнд хүрч,—Бос, идэгтүн гэжээ.
6 Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн талх, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв.
7 ЭЗЭНий тэнгэр элч хоёр дахь удаагаа дахин ирээд, түүнд хүрч,—Босоод идэж ав. Учир нь энэ аялал чиний хувьд дэндүү хүнд юм гэв.
8 Тэрээр босоод, идэж уулаа. Тэр хоолны хүчээр дөчин өдөр, дөчин шөнө Бурханы уул болох Хореб уруу явлаа.
9 Елиа тэнд агуйд орж шөнийг өнгөрөөв. ЭЗЭНий үг түүнд ирж, ЭЗЭН түүнд—Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? гэв.
10 Тэрээр—Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив.
11 ЭЗЭН—Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй.
12 Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч ЭЗЭН гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуун хүнгэнэх дуу гарлаа.
13 Елиа тэр дууг сонсмогц нүүрээ нөмрөгөөрөө ороон, агуйн аманд гарч зогсов. Харагтун, дуу чимээ түүнд ирээд,—Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? хэмээв.
14 Елиа—Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартан, Таны тахилын ширээнүүдийг нурааж, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив.
15 ЭЗЭН түүнд—Яв, Дамаскийн цөл уруу явах замаараа буц. Чи Хазаелыг Арамын хаанаар томилон тослох болно.
16 Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тослож, бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно.
17 Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.
18 Гэсэн ч Би Израильд долоон мянган хүн үлдээх бөгөөд тэд бүгд Баалын өмнө өвдөг сөгдөөгүй, түүнийг үнсээгүй хүмүүс юм гэж айлдав.
19 Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа Елишагийн дэргэд очоод, өөрийн нөмрөгөө түүнд нөмөргөв.
20 Елиша үхрүүдээ орхиод, Елиагийн хойноос гүйн,—Би аав ээжийгээ үнсчихээд таныг даган явахыг зөвшөөрнө үү гэв. Елиа түүнд—Буцаж яв даа. Би чамд юу хийж өгснийг мартуузай гэж хариулав.
21 Тэрээр Елиаг дагахаа больж, хос үхрийг авч, тахил болгон, буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Түүний дараа тэрээр босож, Елиша Елиаг даган явж, Елиад үйлчлэв.