Езекиел

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48


Бүлэг 7

Түүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж, айлдан—
2 Хүний хүү, чи Израилийн нутагт Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна гэж хэл. “Төгсгөл! Газрын дөрвөн өнцөгт төгсгөл ирж байна.
3 Эдүгээ төгсгөл нь чиний дээр байгаа бөгөөд Би Өөрийн уур хилэнг чиний эсрэг илгээх болно. Би чамайг зам мөрийн чинь дагуу шүүж, чиний хамаг жигшүүрийг дээр авчирна.
4 Учир нь Миний мэлмий чамайг өрөвдөхгүй, Би чамайг хэлтрүүлэхгүй. Харин Би чиний үйлдсэн ёсоор шийтгэж, чиний жигшүүрүүд та нарын дунд байх болно. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно”.
5 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Гай гамшиг, зөвхөн гай гамшиг. Харагтун, энэ нь ирж байна!
6 Төгсгөл ирж байна. Төгсгөл ирэв. Энэ нь чиний эсрэг сэрсэн. Харагтун, энэ нь иржээ!
7 Дэлхийн оршин суугчид аа, чиний дээр мөхөл чинь иржээ. Цаг нь ирэв. Тэр өдөр ойрхон бөгөөд уулс дээр баяр хөөрийн уухай бус, хөл үймээн болж байна.
8 Эдүгээ Би уураа чам дээр хоромхон зуур асгаж, Өөрийн хилэнг чиний эсрэг гүйцээнэ. Би чамайг зам мөрийн чинь дагуу шүүж, чиний дээр хамаг жигшүүрийг чинь авчирна.
9 Миний мэлмий өрөвдөн харахгүй, Би хэлтрүүлэхгүй. Та нарын жигшүүрүүд дунд чинь байсаар байх үед Би зам мөрийн чинь дагуу чамд буцаан төлөх болно. Тэгэхэд ЭЗЭН Би цохиж байгааг та нар мэдэх болно.
10 Харагтун, тэр өдөр! Харагтун, тэр ирж байна! Чиний мөхөл гарч ирлээ. Таяг нахиалж, их зан цэцэглэсэн.
11 Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн. Тэдний хэн нь ч, тэдний хурсан олны хэн нь ч тэдний баялгаас юу ч үгүй болж, тэдний дундах алдартай ямар ч юм үлдэхгүй.
12 Тэр цаг ирэв. Тэр өдөр хүрээд ирлээ. Худалдан авагч нь бүү баясаг. Худалдагч нь бүү гашуудаг. Учир нь хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг байна.
13 Үнэхээр тэд хоёулаа амьд байх зуур худалдагч нь зарсан юмаа буцааж авахгүй. Учир нь тэдний бүх олон түмний тухай үзэгдэл нь зайлуулагдахгүй бөгөөд тэдний хэн нь ч гэм буруугаар өөрийн амьдралаа батжуулахгүй.
14 Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч хэн ч тулалдаанд үл орно. Учир нь Миний хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг юм.
15 Илд нь гадна байж, гамшиг, өлсгөлөн нь дотор байна. Талд байгч нь илдэнд алагдаж, мөн хотод байгчдыг нь өлсгөлөн, гамшиг устгах болно.
16 Түүгээр барахгүй тэдний амьд үлдэгсэд нь зугтсан үед ч, тэд хөндийн тагтаанууд адил хүн бүр өөрсдийн гэм бурууд гашуудан, ууланд байх болно.
17 Хамаг гар суларч, хамаг өвдөг ус мэт болно.
18 Тэд өөрсдийгөө таараар ороон, айдас жихүүдэс тэднийг эзэмдэнэ. Бүх нүүрэн дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно.
19 Тэд өөрсдийн мөнгийг гудамжнууд уруу чулуудаж, тэдний алт нь жигшүүрт зүйл болно. ЭЗЭНий хилэнгийн өдөрт тэдний мөнгө, алт тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд идэх дур хүслээ цатгаж үл чадах бөгөөд өөрсдийн ходооднуудыг дүүргэж үл чадна. Учир нь тэдний гэм буруу нь бүдрэх шалтаг болсон юм.
20 Тэд Түүний хээ чимэглэлийг сайрхал болгож, түүгээр өөрсдийн бузар ба жигшүүрт юмсын хөргүүдийг бүтээв. Тиймээс Би түүнийг тэдэнд жигшүүрт юм болгоно.
21 Би түүнийг харь хүмүүсийн гарт дээрмийн эд зүйлс мэт өгч, дэлхийн хорон муу үйлстэнд олз болгон тушааж, тэд түүнийг бузарлана.
22 Би бас тэднээс нүүрээ буруулж, тэд Миний нууц газрыг бузарлана. Дараа нь дээрэмчид орж, түүнийг бузарлана.
23 Гинж хий. Учир нь газар нутаг цуст аллагаар дүүрэн, хот нь хүчирхийллээр дүүрэн байна.
24 Тиймээс Би үндэстнүүдийн хамгийн мууг нь авчирч, тэдний гэрүүдийг эзлүүлнэ. Би бас хүчит нэгний бардамналыг зогсоож, тэдний ариун газрууд бузарлагдана.
25 Зовлон ирэхэд тэд энх амгаланг эрэх боловч, тэр нь байхгүй.
26 Гай гамшгийн дээр гай гамшиг ирж, цуурхал нь цуурхал дээр нэмэгдэнэ. Тэгээд тэд эш үзүүлэгчээс үзэгдлийг эрэх боловч тахилчаас хууль нь, ахмадуудаас зөвлөгөө нь алдагдана.
27 Хаан гашуудаж, ноёд нь айдсыг өмсөх бөгөөд нутгийн ард түмний гарууд чичирнэ. Тэдний байгаа байдлынх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, тэдний шүүлтүүдээр нь Би тэднийг шүүх болно. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно”.