Езекиел
Бүлэг 45
Та нар өв болгох газрыг шавгаар хуваахдаа тэр газрын нэг хэсийг ариун ногдол болгон ЭЗЭНд өргөх ёстой. Түүний урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохой байх ёстой. Энэ хэсэг нь бүхэлдээ ариун байх ёстой.
2 Үүнээс гадагш эргэн тойронд таван зуу, таван зуун тохой дөрвөлжин нь ариун газарт зориулагдсан байх ба эргэн тойронд түүний сул газар байхаар тавин тохой байх ёстой.
3 Энэ газраас урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохойг та нар хэмж. Түүний дотор ариун газар, хамгийн ариун газар байх болой.
4 Энэ нь тэр газрын ариун хэсэг байх болой. Энэ нь ЭЗЭНд үйлчлэхээр ойртон ирдэг, ариун газрын үйлчлэгчид болох тахилч нарт зориулагдсан ба тэдний гэрүүдийн газар, ариун газрын төлөөх ариун газар болох ёстой.
5 Хорин таван мянган тохой урттай, арван мянган тохой өргөнтэй газар нь өргөөний үйлчлэгчид болох левичүүдэд болон тэдний оршин суух эзэмшил хотуудад нь зориулагдах юм.
6 Ариун хэсгийн ногдлын хажуугаар өргөн нь таван мянган тохой, урт нь хорин таван мянган тохой талбай бүхий эзэмшлийг та нар хотод өгөх ёстой. Энэ нь Израилийн хамаг гэрийн төлөө байна.
7 Ноён нь ариун ногдол ба хотын эзэмшлийн хоёр талд газартай байх ёстой. Тэр нь ариун ногдол, хотын эзэмшилтэй хиллэн, баруун тал нь баруун зүг уруу, зүүн тал нь зүүн зүг уруу үргэлжлэх бөгөөд уртаараа хувиудын нэгтэй адил, баруун хилээс зүүн хил хүртэл байх болой.
8 Энэ нь Израиль дахь эзэмшил нь болох түүний газар байх болой. Тийнхүү Миний ноёд Миний ард түмнийг хойшид дарлахгүй, харин тэд газрын үлдсэн хэсгийг овгуудынх нь дагуу Израилийн гэрт өгөх ёстой».
9 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн ноёд та нар хангалттай боллоо. Хүчирхийлэл, сүйрлийг зайлуулж, шударга ёс болон зөвт үйлсийг үйлд. Миний ард түмнээс албадан хураахаа боль» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
10 «Та нар зөв хэмжүүртэй, зөв ефа, зөв баттай байх ёстой.
11 Бат нь омерын аравны нэг, ефа нь омерын аравны нэгийг багтаахаар ефа болон бат адил хэмжээт байх ёстой. Тэдгээрийн хэмжээ нь омерын дагуу байх ёстой.
12 Нэг шекел хорин гера байх болой. Хорин шекел, хорин таван шекел ба арван таван шекел нь та нарын нэг мане байх болой.
13 Та нарын өргөх өргөл нь энэ юм. Улаан буудайн омероос ефагийн зургааны нэгийг арвайн омероос ефагийн зургааны нэг,
14 заагдсан хэмжээний тос (буюу нэг бат тос) кор бүрээс аравны нэгэн батыг (Кор нь арван бат, эсвэл нэг омер. Учир нь арван бат нь омертой тэнцүү).
15 Израилийн устай газруудын хоёр зуун хоньтой сүргээс нэг хонийг тэдний төлөө эвлэрүүллийг хийхийн тулд идээн өргөл, шатаалт тахил болон эвийн тахилд зориулагтун» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
16 «Нутгийн хамаг ард түмэн Израиль дахь ноёны төлөөх энэ өргөлд өгөх ёстой.
17 Найр наадам, шинэ сарын баяр ба амралтын өдөр, Израилийн гэрийн бүх товлогдсон баярууд дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг байх болой. Израилийн гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилыг тэр хангах ёстой».
18 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Нэгдүгээр сард, уг сарын нэгэнд та нар өө сэвгүй залуу бухыг авч, ариун газрыг цэвэрлэх ёстой.
19 Тахилч нь нүглийн төлөөх тахилаас хэсэг цусыг авч, түүнийг өргөөний хаалганы хүрээ, тахилын ширээний захын дөрвөн өнцөгт болон дотоод хашааны дааман хаалганы хүрээнүүдэд нялах ёстой.
20 Төөрч буй, эсвэл гэнэн аливаа хүний төлөө та нар уг сарын долоонд ийнхүү үйлдэх ёстой. Тийнхүү та нар өргөөний төлөө эвлэрүүллийг хийх болно.
21 Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Дээгүүр Өнгөрөх баяр буюу долоо хоногийн баярыг хийх ёстой. Исгээгүй талхыг ид.
22 Тэр өдөр ноён өөрийнхөө төлөө болон нутгийн хамаг ард түмэнд зориулан нүглийн төлөөх тахилын бухаар хангах ёстой.
23 Баярын долоо хоногийн туршид ЭЗЭНд шатаалт тахил болгож долоо хоногийн өдөр бүрд нь өө сэвгүй долоон бух, долоон хуцыг болон өдөр бүр нүглийн төлөөх тахилд нэг ухныг тэр хангах ёстой.
24 Идээн өргөл болгон тэр нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, нэг ефатай хамт нэг хин тосыг хангах ёстой.
25 Долдугаар сард, уг сарын арван тавны өдөр баяр дээр тэр үүний адил, долоон хоног нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, идээн өргөл ба тосыг хангах ёстой».