Езекиел
Бүлэг 12
Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү чи тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд бол тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч үл сонсдог.
3 Тийм учраас хүний хүү чи өөртөө цөлөгдөхөд зориулан ачааг бэлдэж, тэднийг харж байхад нь өдрөөр цөллөгт яв. Бүр тэднийг харж байхад нь өөрийнхөө газраас өөр газар уруу цөллөгт яв. Тэд тэрслүү гэр боловч ойлгож магадгүй.
4 Өөрийн ачааг өдрөөр тэднийг харж байхад нь цөллөгийн ачаа мэт гарга. Дараа нь чи цөллөгт явж буй хүмүүсийн адил тэднийг харж байхад нь үдшээр гарч яв.
5 Тэднийг харж байхад хананд нүх гаргаж, түүгээр гарч яв.
6 Тэднийг харж байхад ачаагаа мөрөндөө үүрч, харанхуйд авч яв. Би чамайг Израилийн гэрт зориулсан тэмдэг болгож тавьсан учир чи газрыг харж чадахгүй байхаар нүүрээ бүтээх ёстой гэв.
7 Тийнхүү би тушаасан ёсоор хийлээ. Өдрөөр би өөрийн ачааг цөллөгийн ачаа мэт гаргасан. Тэгээд үдэш нь би өөрийнхөө гараар ханыг нүхэлсэн. Би харанхуйд гарч, тэднийг харж байхад нь ачаагаа мөрөн дээрээ үүрэн явлаа.
8 Өглөө нь ЭЗЭНий үг надад ирж,—
9 Хүний хүү, тэрслүү гэр болох Израилийн гэр чамд “Чи юуг үйлдэж байна вэ?” хэмээн хэлээгүй юү?
10 Тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Энэ зөн нь Иерусалим дахь ноён хийгээд тэнд буй Израилийн хамаг гэрт хамаатай юм»” хэмээн өгүүл.
11 Бас “Би та нарт тэмдэг болно. Миний үйлдсэн шиг тэдэнд ч мөн үйлдэгдэнэ. Тэд олзлогдогсод болж цөллөгт явна” гэж хэл.
12 Тэдний дунд буй ноён харанхуйд ачаагаа мөрөндөө үүрэн, гарч явна. Гарч явахын тулд тэд хананд нүх гаргана. Тэр нүүрээ бүтээх болно. Ингэснээр тэр өөрийн нүдээр газрыг харж чадахгүй.
13 Би бас түүний дээр Өөрийн торыг хаяж, тэр Миний урхинд орно. Тэгээд Би түүнийг халдеичуудын нутаг дахь Вавилонд аваачна. Тэрээр тэнд үхэх боловч тэр газрыг үзэхгүй.
14 Түүнийг хүрээлэгч бүгдийг, туслагчид болон түүний цэргүүдийг Би зүг бүрд тараах болно. Би тэдний араас илдийг сугалах болно.
15 Тийнхүү Би тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд түгээх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
16 Гэвч тэд очих үндэстнүүдийнхээ дунд өөрсдийн хамаг жигшүүрт юмсаа ярихын тулд Би тэднээс цөөхөн хүнийг илд, өлсгөлөн болон тахлаас хэлтрүүлэх болно. Тэгснээр тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх юм гэв.
17 Түүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж,—
18 Хүний хүү, чичрэн байж талхаа идэн, дагжин, зовниж усаа уу.
19 Дараа нь нутгийн ард түмэнд “Израилийн нутаг дахь Иерусалимын оршин суугчдын тухай Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэд түгшүүртэйгээр талхаа идэж, айдастайгаар усаа уух болно. Учир нь, тэдний нутаг нь тэнд амьдрагч бүгдийн хүчирхийллээс болж өөрийн элбэг байдлаа тонуулах болно.
20 Хүмүүсийн сууж байсан хотууд балгас болж, газар нь эзгүйрнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно»” хэмээн өгүүл гэлээ.
21 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—
22 Хүний хүү, Израиль нутгийн тухай “Өдрүүд урт ба аливаа үзэгдэл үгүй болно” хэмээн өгүүлж буй танай хүмүүст байдаг тэр зүйр үг нь юу вэ?
23 Тиймийн тул тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би энэ зүйр үгийг болиулна. Тэгснээр тэд үүнийг цаашид зүйр үг болгон Израильд хэрэглэхээ болино». Харин «Өдрүүд нь аливаа үзэгдлийн биелэлтэй хамт ойртож байна» хэмээн тэдэнд хэл.
24 Учир нь цаашид ямар ч хуурамч үзэгдэл, зусардах мэргэ төлөг Израилийн гэрийн дотор үгүй болно.
25 Учир нь ЭЗЭН Би айлдаж, Миний айлдсан үг болгон биелэгдэх болно. Энэ нь огтхон ч удаашрахгүй. Учир нь тэрслүү гэр ээ, чиний өдрүүдэд Би үгээ айлдаж, түүнийгээ биелүүлнэ» хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж өгүүл гэсэн.
26 Бас цааш нь ЭЗЭНий үг надад ирж,—
27 Хүний хүү, харагтун, Израилийн гэр “Түүний үздэг үзэгдэл нь одоогоос олон жилийн хойших үеийнх бөгөөд тэр алс ирээдүйн тухай эш үзүүлж буй” хэмээн ярьж байна.
28 Тиймийн тул тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний үгсийн аль нь ч хойшид удаашрахгүй. Миний айлдах ямар ч үг биелэгдсэн байх болно»” хэмээн өгүүл гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэж өгүүл хэмээв.