Езекиел
Бүлэг 5
Хүний хүү чиний хувьд, хурц илдийг авч, түүнийг үсчний тонгорог мэт толгой ба сахлаа хусахад хэрэглэ. Дараа нь жинлэх жинлүүрийг авч, үсийг хуваа.
2 Гуравны нэгийг нь бүслэлтийн өдрүүд дуусах үед, хотын дунд галд шатаа. Тэгээд чи гуравны нэгийг нь авч, хотыг тойруулан түүнийг илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг салхинд хийсгэ. Би тэдний араас илдийг хуйнаас нь сугалах болно.
3 Мөн тэднээс цөөн хэдийг авч, тэднийг нөмрөгийнхөө хормойд уя.
4 Дахин тэдний заримыг авч, тэднийг галд хаяж, галд шатаа. Түүнээс Израилийн хамаг гэрт гал тарна.
5 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн төвд тавьж, түүнийг улсуудаар хүрээлүүлэв.
6 Гэвч тэр Миний зарлигуудыг үндэстнүүдээс ч илүүгээр, Миний тогтоолуудыг түүнийг хүрээлсэн улсуудаас ч илүүгээр эсэргүүцэв. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, Миний тогтоолуудын дотор алхсангүй”.
7 Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нарыг тойрон буй үндэстнүүдээс ч илүү их самуурал та нарт байгаа бөгөөд та нар Миний тогтоолуудын дотор явалгүй, Миний зарлигуудыг сахилгүй, та нарыг тойрч буй үндэстнүүдийн тогтоолыг сахиагүй учир”
8 тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би, одоо Би ч чиний эсрэг байгаа бөгөөд үндэстнүүдийн нүдний өмнө Би та нарын дунд шүүлт явуулна.
9 Та нарын хамаг жигшүүрүүдийн төлөө, Би эдүгээ хүртэл үйлдээгүй, дахин хэзээ ч үл үйлдэх хэргийг та нарын дунд үйлдэх болно.
10 Тийм учраас та нарын дунд эцгүүд нь хөвгүүдээ идэж, хөвгүүд нь эцгүүдээ идэх болно. Учир нь Би чам дээр шүүлт явуулж, чиний бүх үлдэгсдийг дөрвөн зүгт тараана”.
11 Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр чи өөрийн бүх бузар шүтээнүүд болон бүх жигшүүрүүдээр Миний ариун газрыг бузарласан учир Би ч бас холдуулах ба Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй.
12 Та нарын гуравны нэг нь гай гамшгаар үхэж, эсвэл чиний дунд өлсгөлөнгөөр устах болно. Гуравны нэг нь чиний эргэн тойронд илдэнд алагдаж, гуравны нэгийг Би зүг бүрд тарааж, тэдний араас илдийг хуйнаас нь сугална.
13 Ийнхүү Миний уур гүйцэж, Би тэднээр Өөрийн хилэнг хангаж, Би тайтгарах болно. ЭЗЭН Би Өөрийн зүтгэл дотор айлдсаныг тэд, Намайг Өөрийн хилэнг тэдний дээр гүйцээсэн тэр үед л мэдэх болно.
14 Түүгээр ч барахгүй, Би чамайг хажуугаар өнгөрөх бүхний нүдний өмнө, эргэн тойрны чинь үндэстнүүдийн дунд эзгүйрэл, зэмлэл болгоно.
15 Тиймээс Би уур, хилэн болон ширүүн зэмлэлүүдээр чиний эсрэг шүүлт явуулах үед энэ нь чамайг тойрогч үндэстнүүдэд доромжлол, илчлэлт, сануулга болон айдсыг төрүүлэгч зүйл болно. ЭЗЭН Би айлдлаа.
16 Та нарыг устгахаар Миний явуулах хүмүүсийн сүйрэлд зориулагдаж байсан өлсгөлөнгийн хорт сумыг Би тэдний эсрэг харвах үед Би та нарын өлсгөлөнг улам идэвхжүүлж, талхны нөөцгүй болгоно.
17 Түүнээс гадна, Би та нарт өлсгөлөн хийгээд зэрлэг араатныг илгээнэ. Тэд та нарыг хүүхдүүдээс чинь хагацаана. Гай гамшиг болон цус урсгалт мөн та нарыг дайран өнгөрч, Би та нарын дээр илдийг авчирна. ЭЗЭН Би айлдлаа” гэв.