Езекиел
Бүлэг 2
Тэгээд Тэр надад—Хүний хүү, Би чамтай ярихын тулд хөл дээрээ босогтун гэв.
2 Түүнийг надад ярьж байхад над уруу Сүнс орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надад айлдахыг би сонсов.
3 Тэгээд Тэр надад—Хүний хүү, Би чамайг Израилийн хөвгүүд уруу, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн уруу илгээж байна. Тэд ч, тэдний өвөг дээдэс ч яг энэ өдрийг хүртэл Миний эсрэг зөрчил гаргасан.
4 Зөрүүд ба гөжүүд хүүхдүүд болох тэдэн уруу Би чамайг илгээж байна. Чи тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдсан” хэмээн хэл.
5 Тэдний хувьд, тэд бол тэрслүү гэр тул сонссон ч, эсвэл үл сонссон ч тэдний дунд эш үзүүлэгч байсан гэдгийг тэд мэдэх болно.
6 Хүний хүү чи хэдийгээр өргөст халгай ба үүргэнүүд чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч гэсэн тэднээс болон тэдний үгсээс бүү ай. Тэд бол тэрслүү гэр тул тэдний үгсээс ч бүү ай, тэдний өмнө ч бүү сүрд.
7 Тэд сонссон ч, эсвэл үл сонссон ч чи Миний үгсийг тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд бол тэрслүү юм.
8 Одоо хүний хүү чи Миний чамд айлдаж буй зүйлийг сонс. Тэрхүү тэрслүү гэрийн адил бүү тэрслүү бай. Амаа нээж, Миний чамд өгч буй юмыг ид гэв.
9 Тэгээд намайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдан, түүний дотор нэгэн хуйлмал ном байв.
10 Тэр үүнийг миний урд дэлгэхэд энэ нь ар өвөртөө бичигдсэн байсан бөгөөд түүн дээр гашуудал, уйлаан, зовлонгууд бичигдсэн байв.