Левит
Бүлэг 6
Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
2 Хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНд үнэнч бус байж, өөрт нь хадгалуулсан болон даатгасан зүйлээр андыгаа мэхлэх, эсвэл хулгайлах, эсвэл андаасаа луйвардан авах,
3 эсвэл алдагдсан зүйлийг олоод түүнийхээ тухайд худал хэлж, хуурамчаар тангарагласнаас болж (хүний үйлдэж болох иймэрхүү зүйлсийн аль нэгнээр нь) нүглийг үйлдвэл,
4 тэгвээс тэр нь нүгэл үйлдэн гэмтэй болох тохиолдолд, хулгайлан авсан, эсвэл луйвардан авсан зүйлээ, эсвэл өөрт нь хадгалуулсан зүйлийг, эсвэл өөрийн олсон хүний алдагдсан зүйлийг,
5 эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлийг нөхөн төлөх ёстой. Тэр түүний нөхөн төлбөрийг бүрэн хийн, түүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмээд үүнийг өөрийн гэмийн төлөөх тахилыг өргөх өдрөө уг эзэнд нь өгөх болой.
6 Тэгээд тэр гэмийн төлөөх тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахил болгон тахилчид авчраад,
7 тахилч түүний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх болно. Түүнийг гэм буруутай болгосон эдгээр хэргийн аль нь ч түүнд уучлагдах болно гэлээ.
8 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
9 Аарон болон түүний хөвгүүдэд тушаан хэлэгтүн. “Шатаалт тахилын хууль нь ийм юм. Шатаалт тахил нь өглөө болтол бүхэл шөнөжин тахилын ширээн дээрх зуухан дээр байх бөгөөд тахилын ширээн дээрх гал түүн дээр шатсаар байх ёстой.
10 Тахилч нь маалинган нөмрөг өмсөх ёстой. Нүцгэн биен дээрээ тэр дотуур хувцсыг өмсөх болой. Тэрээр тахилын ширээн дээр галд шатаасан шатаалт тахилын үнсийг авч тахилын ширээний хажууд тавина.
11 Тэгээд тэр хувцсаа тайлан, өөр хувцас өмсөөд, үнсийг хуарангийн гадна цэвэр газарт аваачих ёстой.
12 Тахилын ширээн дээрх гал түүн дээрээ үргэлж шатсаар байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй. Харин тахилч өглөө бүр түүн дээр мод шатааж, дээр нь шатаалт тахилыг тавин, эвийн тахилуудын өөхийг шатаан уугиулна.
13 Гал нь тахилын ширээн дээр байнга асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй.
14 Харин идээн өргөлийн хууль нь ийм юм. Аароны хөвгүүд нь түүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний урд авчирна.
15 Тэдний нэг нь идээн өргөлийн сайн гурилаас атгыг түүний тос болон идээн өргөл дээрх бүх утлагынх нь хамт авч, дурсгалын өргөл болгон ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэрээр тахилын ширээн дээр шатаан уугиулах болой.
16 Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Энэ нь исгээгүй боовтой адил, ариун газарт идэгдэх ёстой. Тэд үүнийг хурлын майхны хашаан дотор иднэ.
17 Энэ нь хөрөнгөтэй хийгдэх ёсгүй. Үүнийг Би галаар өргөх өргөлүүдээсээ тэдний хувь болгон өгсөн. Энэ нь нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилын адил хамгийн ариун болой.
18 Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь үеийн үед ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн улиран үргэлжлэх зарлиг юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдах ёстой” гэв.
19 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
20 Тослогдсон өдрөө Аарон болон түүний хөвгүүд энэ тахилыг ЭЗЭНд авчрах ёстой. Ефагийн аравны нэгэн сайн гурилыг байнгын идээн өргөл болгон авчирч хагасыг нь өглөө, хагасыг нь үдэш өргөх ёстой.
21 Энэ нь хайруулын тавган дээр тостой бэлтгэгдсэн байх ёстой. Сайн хутгасны дараа авчир. Та нар идээн өргөлийг болсон хэсгүүдээр нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон авчир.
22 Хөвгүүдийнх нь дундаас түүний байрыг эзлэх тэрхүү тослогдсон тахилч түүнийг өргөнө. Улиран үргэлжлэх зарлигийн дагуу үүнийг ЭЗЭНд бүхэлд нь шатаан уугиулна.
23 Тийнхүү тахилчийн идээн өргөл бүр нь бүхэлдээ шатаагдах ёстой. Үүнийг идэх ёсгүй гэлээ.
24 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
25 Аарон болон түүний хөвгүүдтэй ярин ийн хэлэгтүн. “Нүглийн төлөөх тахилын хууль нь ийм юм. Шатаалт тахил нядлагддаг газарт, нүглийн төлөөх тахил нь ЭЗЭНий өмнө нядлагдах ёстой. Энэ нь хамгийн ариун ажгуу.
26 Түүнийг нүглийн төлөө өргөсөн тахилч түүнийг иднэ. Энэ нь ариун газарт, хурлын майхны хашаан дотор идэгдэх ёстой.
27 Түүний маханд хүрэх хэн боловч ариусгагдах ёстой. Түүний аливаа цус хувцсан дээр үсрэхэд, цус үсэрсэн хэсгийг та нар ариун газарт угаагтун.
28 Мөн дотор нь түүнийг буцалгасан шавар савыг хагалах ёстой. Хэрэв энэ нь хүрэл саванд буцалгагдсан бол, савыг сайтар цэвэрлэн, усаар зайлах ёстой.
29 Тахилч нарын дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь хамгийн ариун болой.
30 Гэвч ариун газарт эвлэрүүллийг хийхээр аливаа цусыг нь хурлын майханд аваачсан нүглийн төлөөх тахилыг идэх ёсгүй. Энэ нь галд шатаагдах ёстой.