Левит

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27


Бүлэг 25

Тэгээд ЭЗЭН Мосед Синаи уулан дээр ярин айлдахдаа—
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Миний та нарт өгөх тэр нутагт та нарыг очиход уг газар нь ЭЗЭНий амралтыг эдлэх юм.
3 Зургаан жил та нар талбайдаа тариалж, зургаан жил усан үзмийн модоо тайран, ургацыг нь цуглуулах
4 боловч долоо дахь жилийн туршид газар нь бүрэн амралтыг эдэлнэ. Энэ нь ЭЗЭНий амралт болдог бөгөөд та нар талбайдаа ч тариалалгүй, усан үзмийн модоо ч бүү тайрагтун.
5 Зөнгөөрөө ургасан тариаг та нар хураах ёсгүй, тайрагдаагүй усан үзмийн модны үзмээ бүү цуглуул. Газар нь амралтын жилтэй байх ёстой.
6 Та бүхэн газрын амралтын жилээс хүнс авах бөгөөд чи өөрөө болон танай эр, эм боолууд, танай хөлсний хүмүүс болон та нарын дунд нутаглаж буй гадаадын суугчид ба харийнхан бүгд авах юм.
7 Тэр ч байтугай нутагт чинь буй танай мал сүрэг болон амьтад хүртэл газрын үр шимийг идэх юм.
8 Та нар бас долоон амралтын жилийг тоолох ёстой. (долоон жилийг долоогоор үржүүлэн) Ингэвэл долоон амралтын жилүүдийн хугацаа буюу дөчин есөн жил болно.
9 Тэгээд та нар хуцын эврэн бүрээг долоо дахь сарын аравны өдөр хаа сайгүй дуугаргах бөгөөд эвлэрүүллийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун.
10 Ингэж та нар тавь дахь жилийг ариусган, нутаг даяар бүх оршин суугчдад эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эврийн бүрээдэлт болох бөгөөд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж явна. Хүн нэг бүр өөрийн ураг уруугаа буцаж явах болой.
11 Тавь дахь жил нь та нарт эврийн бүрээдэлтийнх болох юм. Та нар тариалахгүй, зөнгөөрөө ургасныг нь ч хураахгүй, тайрагдаагүй усан үзмийн модноос ч жимсийг цуглуулахгүй байх ёстой юм.
12 Учир нь энэ бол эврийн бүрээдэлт бөгөөд та нарт ариун байх ёстой. Талбайгаас гарах ургацыг идэгтүн.
13 Эврийн бүрээдэлтийн энэ жилд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж яв.
14 Түүнээс гадна, хэрэв чи анддаа юм худалдах, эсвэл андынхаа гараас юм худалдан авах аваас та нар бие биедээ бурууг хийхгүй байгтун.
15 Эврийн бүрээдэлтээс хойших жилүүдийн тоонд тааруулан чи андаасаа юм худалдан авах бөгөөд тэрээр ургацын жилүүдийн тооны дагуу чамд худалдах ёстой.
16 Жилүүдийн ихсэх тусам та нар үнийг нь өсгөж, жилүүдийн цөөрөх тусам үнийг нь багасгах ёстой. Учир нь түүний чамд зарж буй нь ургацын тоо юм.
17 Тиймээс та нар бие биедээ бурууг хийлгүй, харин өөрсдийн Бурханаас эмээгтүн. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
18 Нутаг дээрээ аюулгүй амьдрахын тулд та нар Миний тогтоолыг даган мөрдөж, Миний зарлигийг сахин ингэснээр биелүүлэгтүн.
19 Тэгвэл газар өөрийн үр шимийг гаргах болно. Ингэснээр та нар цадтал идэн, түүн дээр аюулгүй амьдарч чадна.
20 Гэвч та нар «Хэрэв бид тариалахгүй, эсвэл өөрсдийн ургацыг хураахгүй юм бол долоо дахь жилд юу идэх вэ?» хэмээн асуувал
21 зургаа дахь жилд Би та нарт Өөрийн ивээлээ үзүүлж, гурван жилийн ургацыг гарган авчрах юм.
22 Найм дахь жилд та нар тариалж байхдаа ч, ургацаас үлдсэн хуучин юмсыг идсээр байж болох бөгөөд тариалсан ургац чинь ес дэх жилд гарах хүртэл хуучныг идсээр байх юм.
23 Газар бол Минийх учир бүрмөсөн зарагдах ёсгүй. Учир нь та нар бол Миний түр суугч, харийнхан болой.
24 Та нарын эзэмших газар бүрийн хувьд, та нар газрын золилтыг олгох ёстой.
25 Хэрэв ах дүү чинь ядуурснаас болж, эзэмшил газрынхаа хэсгийг зарах аваас түүний хамгийн ойрын хамаатан нь ирж, ах дүүгийнхээ зарсныг нь золих учиртай.
26 Эсвэл тэр хүнд ойрын хамаатан байхгүй тохиолдолд хэрэв газрын золилтонд хүрэлцэхүйц өөрийн хөрөнгийг дахин олж авах аваас,
27 тэр нь газрыг зарагдсанаас хойших жилүүдийг тооцоолж, мөнөөх зарсан хүндээ тэнцвэрийг буцаан төлөх болой. Тийнхүү өөрийн эзэмшил газартаа буцаж ирнэ.
28 Гэвч хэрэв тэр хүн газраа өөртөө буцааж авахад хүрэлцэхүйц хөрөнгийг олж чадахгүй аваас, түүний зарсан зүйл нь эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл түүнийг нь худалдан авагчийн гарт үлдэнэ. Харин эврийн бүрээдэлтээр энэ нь хуучин эзэндээ буцан очих ба тэр хүн өөрийн эзэмшил газартаа буцаж ирэх юм.
29 Үүний адил хэрэв хүн нь хэрэмтэй хот доторх орон сууцаа зарах аваас түүний золилтын эрх нь зарснаас нь хойших бүтэн жилд хүчинтэй байх болой. Түүний золилтын эрх нь бүтэн жил үргэлжлэх юм.
30 Харин хэрэв бүтэн жилийн хугацаанд эзэн нь түүнийг буцаан худалдаж авахгүй байх аваас хэрэмтэй хотод байгаа тэр сууц түүнийг худалдан авагчид болон үр хүүхдэд нь бүрэн хөдөлшгүйгээр шилжүүлэгдэх болой. Энэ нь эврийн бүрээдэлтээр ч хуучин эзэндээ буцан очихгүй болой.
31 Гэсэн ч тойрсон хэрэмгүй тосгодын орон сууцнууд нь хөдөөгийн талбайтай адил зольж болох бөгөөд тэд эврийн бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очих юм.
32 Левийнхний хотуудын тухайд гэвэл, левичүүд нь эзэмшлийнхээ хотуудын орон сууцанд золилтын хөдөлшгүй эрхтэй болой.
33 Тиймийн тул левийнхнээс авсан зүйлс нь золигдож болох бөгөөд энэхүү эзэмшлийн хотод зарагдсан орон сууц нь эврийн бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очиж болно. Учир нь левийнхний хотуудын орон сууцнууд нь Израилийн хөвгүүдийн дундах тэдний эзэмшил болно.
34 Харин тэдний хотуудын бэлчээрүүд нь тэдний мөнхийн эзэмшил учир зарагдах ёсгүй.
35 Нутгийн чинь хүн ядуурч, та нарын хажууд түүний хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд та нар түүнийг өөрсөдтэйгөө хамт амьдруулахын тулд түүнийг гадаадынхан буюу түр суугчийн адил тэтгэгтүн.
36 Нутгийн чинь хүн та нартай хамт амьдарч байхын тулд түүнээс зээлийн өндөр хүүг авалгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл.
37 Түүнд чи мөнгийг хүүтэйгээр зээлүүлж болохгүй, хүнсийг ашиг орлого олохын төлөө өгч болохгүй.
38 Та нарт Канаан нутгийг өгөхөөр та нарын Бурхан чинь байхын тулд Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
39 Хэрэв нутгийн чинь хүн ядуурснаас болж та нарын дунд өөрийгөө чамд худалдах аваас түүнийг боолын үйлчлэлд бүү оруулагтун.
40 Тэр эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл чамтай хамт хөлсний хүн шиг юм уу, түр суугч мэт байж чамд үйлчлэх ёстой.
41 Тэгээд тэр болон түүний хөвгүүд нь чамаас чөлөөлөгдөж яван эцэг өвгөдийнхөө өмч, өөрийн ураг уруу буцаж явна.
42 Учир нь израильчууд бол Египетийн нутгаас Миний гарган авчирсан Миний зарц нар болой. Тэд боолын худалдаанд зарагдах ёсгүй.
43 Түүнийг хатуу ширүүнээр захиралгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл.
44 Та нарын авч болох эр, эм боолуудын хувьд, та нар эргэн тойрныхоо үндэстнүүдээс эр, эм боолуудыг авч эзэмшиж болно.
45 Мөн та нарын дунд амьдардаг харийнхан болох түр суугчдын хөвгүүдээс болон та нартай хамт байгаа, нутаг дээр чинь өсөн үржих тэдний ургуудаас хүн худалдаж авч болно. Тэд бас та нарын эзэмшил болж болох болой.
46 Тэдгээрийг та нар өөрсдийнхөө дараах хөвгүүддээ эзэмшил болгон хүлээн авахаар гэрээслэн өгч болох бөгөөд тэдгээрийг насан туршийн боолууд болгон ашиглаж болно. Харин Израилийн хөвгүүд болох нутгийн чинь хүний тухайд бол, та нар бие биеэ хатуу ширүүнээр захирах ёсгүй.
47 Хэрэв та нартай хамт байгаа харийн хүн, эсвэл түр суугчдын хөрөнгө нь хангалттай болж, түүний хажууд нутгийн чинь хүн ядуурснаас болж, та нартай хамт түр сууж буй харийн хүнд эсвэл харь ургийн үр удамд өөрийгөө зарвал,
48 тэр нь худалдагдсаныхаа дараа золилтын эрхтэй байх юм. Ах дүү нарынх нь нэг нь түүнийг зольж болох,
49 эсвэл түүний авга, эсвэл нагац нь, эсвэл түүний авгын, эсвэл нагацын хүү нь түүнийг зольж болох, эсвэл түүний ургаас, цусан төрлийнх нь нэг хүн түүнийг зольж болох юм. Эсвэл хэрэв тэр нь хөрөнгөжих аваас өөрийгөө зольж болох юм.
50 Тэгвэл тэр өөрийг нь худалдан авагчтайгаа өөрийгөө түүнд худалдсан тэр жилээс Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл тооцоол. Түүний худалдагдсан үнэ нь жилүүдийн тоог харгалзсан байх ёстой. Энэ нь хөлсний хүний өдрүүдтэй адил түүнд мөн тийм байх юм.
51 Хэрэв дахиад олон жил үлдсэн байх аваас тэдгээрийн харьцаагаар худалдагдсан үнийхээ хэсгийг тэр өөрийн золилтонд зориулан буцаан өгөх бөгөөд
52 хэрэв Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл цөөн жил үлдсэн байх аваас тэр нь түүнтэй ийнхүү тооцно. Тэр өөрийн золилтыг үлдсэн жилүүдийн дагуу буцааж төлнө.
53 Тэр нь жилээс жилд хөлслөгдсөн хүн мэт түүнтэй хамт байх ёстой. Тэр нь та нарын нүдэн дээр түүнийг хатуу ширүүн захирах ёсгүй.
54 Хэрэв эдгээрээр тэр нь золигдоогүй байсан ч тэр болон түүнтэй хамт түүний хөвгүүд нь Эврийн бүрээдэлтийн жилд гарч явах болой.
55 Учир нь Израилийн хөвгүүд бол Миний зарц нар болой. Тэд бол Египетийн нутгаас Миний гаргаж авчирсан Миний зарц нар билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.