Левит

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27


Бүлэг 13

Тэгээд ЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан—
2 Хүний биеийнх нь арьсан дээр гөвдрүү, эсвэл шарх, эсвэл тод толбо бий болон, биеийнх нь арьсан дээр арьсны өвчний халдвар бий болбол тэр хүнийг тахилч Аарон уруу эсвэл тахилч нар болох түүний хөвгүүдийн нэгэн уруу аваачна.
3 Тахилч биеийнх нь арьсан дээрх шинж тэмдгийг үзэж, хэрэв өвчтэй газар дээрх үс цайж, үрэвсэл нь биеийнх нь арьснаас гүн харагдах аваас энэ нь арьсны өвчний халдвар юм. Тахилч түүнийг үзээд, түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой.
4 Харин биеийнх нь арьсан дээрх тод толбо нь цагаан бөгөөд арьснаас гүн харагдахгүй, түүн дээрх үс нь цайгаагүй байвал өвчтэй болсон хүнийг тахилч долоо хоногоор хөл хорино.
5 Долоо дахь өдөр нь тахилч түүнийг үзнэ. Хэрэв түүний нүдэнд уг өвчин нь өөрчлөгдөөгүй байх болон халдвар арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг дахин долоо хоногоор хөл хорино.
6 Тахилч түүнийг долоо дахь өдөр нь дахин үзнэ. Хэрэв уг өвчин арьсан дээгүүр тархаагүй байж, хатсан байвал тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь бижрүү төдий болой. Тэр хувцсаа угаан цэвэр болно.
7 Харин хэрэв тэр цэвэршихээр биеэ тахилчид үзүүлсний дараа уг бижрүү арьсан дээгүүр цааш тархах тохиолдолд тэр хүн тахилчид дахин үзүүлэх болой.
8 Тахилчийг үзэхэд, хэрэв уг бижрүү нь арьсан дээгүүр тархсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.
9 Хүн арьсны халдварт өвчинтэй байвал түүнийг тахилч уруу аваачна.
10 Тахилчийг үзэхэд, арьсан дээр үсийг цайруулсан цагаан хавдар байх бөгөөд хавдарт нь шархалж байгаа мах байх аваас
11 энэ нь тэр хүний биеийн арьсан дээрх арьсны архаг халдварт өвчин юм. Тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Бузартсан хэмээн тодорхойлсон тул түүнийг ажиглахаар хөл хорих шаардлагагүй.
12 Хэрэв арьсны өвчин арьсан дээгүүр цааш тархан, толгойгоос нь аваад хөлийг нь хүртэл өвчтөний бүх биеийг бүрхсэнийг тахилч харвал
13 тахилч түүнийг нь сайтар үзэх бөгөөд хэрэв уг арьсны өвчин түүний бүх биеийг бүрхсэн байх аваас тахилч өвчтөнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Бүгд цайрч, тэр цэвэр болсон.
14 Харин шархалж байгаа мах гарч ирэх бүрд тэр нь бузартсан болно.
15 Тахилч уг шархалж байгаа махыг үзэж түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Шархалж байгаа мах бузар агаад энэ нь арьсны халдварт өвчин ажгуу.
16 Эсвэл уг шархалсан мах нь дахин эргэж, цайран өөрчлөгдөх аваас тэр хүн тахилчид очно.
17 Тахилч түүнийг сайтар үзэхэд өвчтэй газар цайрсан байх аваас тахилч өвчтөнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Тэр нь цэвэр байна.
18 Биеийн арьсан дээр хатиг гараад эдгэсэнд,
19 хатигны ором дээр цагаан хавдар, эсвэл цайвар ягаан, тод өнгөтэй толбо байх тохиолдолд үүнийг тахилчид үзүүлнэ.
20 Тахилч түүнийг сайтар үзээд энэ нь арьсны доод талд харагдан, дээрх үс нь цайсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ бол хатигны ормонд гарсан арьсны халдварт өвчин юм.
21 Харин хэрэв тахилч түүнийг үзээд, түүн дээр ямар ч цагаан үс байхгүй бөгөөд тэр нь арьсны доор биш, хатсан байвал тахилч түүнийг долоо хоногоор хөл хорино.
22 Харин энэ нь арьсан дээгүүр цааш тархсан байвал тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь халдвартай болой.
23 Хэрэв тод толбо байрандаа үлдэн, тархаагүй байвал энэ нь зөвхөн хатигны сорви бөгөөд тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.
24 Бие галд түлэгдэх тохиолдолд хэрэв түлэнхийний шарх нь тод цайвар ягаан, эсвэл цагаан толбо байвал
25 тахилч түүнийг үзээд хэрэв арьснаас гүн харагдан, толбон дээрх үс нь цайсан байх аваас энэ нь түлэгдэлт дээр гарсан арьсны халдварт өвчин болой. Тиймээс тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.
26 Харин хэрэв тахилч түүнийг үзэхэд, арьснаас гүн биш, харин бүдгэрсэн байгаад, толбон дээр ямар ч цагаан үс байхгүй байвал, тахилч тэр хүнийг долоо хоногоор хөл хорино.
27 Тахилч түүнийг долоо дахь өдөр нь үзээд арьсан дээр цааш тархсан байх аваас тэр хүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.
28 Гэвч толбо байрандаа үлдэн, арьсан дээгүүр тархалгүй, бүдгэрсэн байх тохиолдолд энэ нь түлэгдэлтийн хавдар болой. Энэ нь зөвхөн түлэгдэлтийн сорви учир тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.
29 Хэрэв эр эсвэл эм хүн толгой юм уу сахалдаа үрэвсэлтэй байх аваас
30 тахилч уг үрэвслийг үзээд арьснаас гүн харагдан, түүн дээр нарийхан шаравтар үс байх аваас тэр хүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь хамуу бөгөөд толгой буюу сахлан дээрх арьсны халдварт өвчин болой.
31 Гэвч хэрэв тахилчийг хамууны халдварыг үзэхэд, үнэхээр арьснаас гүн харагдахгүй байгаад, түүн дээр ямар ч хар үс байхгүй байвал тахилч хамууны халдвартай хүнийг долоо хоногоор хөл хорино.
32 Долоо дахь өдөр нь тахилч халдварыг үзээд арьснаас гүн биш бөгөөд цааш тархаагүй, түүн дээр ямар ч шаравтар үс ургаагүй байх аваас
33 тэр хүн нь уг үрэвссэн газрыг хусалгүйгээр, үсээ хусах бөгөөд тахилч уг хамуутай хүнийг дахин долоо хоногоор хөл хорино.
34 Тэгээд долоо дахь өдөр нь тахилч хамууг үзээд арьснаас гүн биш харагдан, арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Тэр хүн хувцсаа угааж цэвэр болно.
35 Харин түүнийг цэвэршсэний дараа уг халдвар арьсан дээгүүр цааш тархах аваас
36 тахилч түүнийг үзээд хамуу арьсан дээгүүр тархсан байх тохиолдолд тахилч шаравтар үсийг хайх шаардлагагүй. Тэр хүн бузартсан байна.
37 Хэрэв түүний нүдэнд хамууны халдвар өөрчлөгдөөгүй, хар үс түүн дээр ургасан байх аваас уг хамуу нь эдгэрсэн учир тэр хүн цэвэр болой. Тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.
38 Эр эсвэл эм хүн биеийн арьсан дээрээ толботой төдийгүй цагаан толботой байх тохиолдолд,
39 тахилч үзээд, хэрэв тэдний биеийн арьсан дээрх толбонууд нь бүдэг цагаан байх аваас энэ нь арьсан дээр гарсан маажуур болой. Тэр хүн цэвэр байна.
40 Хэрэв эрэгтэй хүний толгойн үс нь унах аваас тэр нь халзан болно. Тэр цэвэр болой.
41 Хэрэв түүний толгой нь урдаасаа болон хажуугаасаа халзрах аваас тэр нь духандаа халзан учраас цэвэр болой.
42 Гэвч хэрэв халзан толгойн дээр, эсвэл халзан духан дээр цайвар ягаан үрэвсэл бий болох аваас энэ нь халзан толгойн дээр, эсвэл халзан духан дээр гарсан арьсны халдварт өвчин болой.
43 Тахилч түүнийг үзээд, хэрэв түүний халзан толгойн дээрх, эсвэл халзан духан дээрх үрэвслийн хавдар нь биеийн арьсан дээрх арьсны халдварт өвчний байдалтай адил цайвар ягаан байх аваас,
44 тэр нь арьсны халдварт өвчтэй хүн мөн бөгөөд бузартсан болой. Түүний үрэвсэл нь толгой дээр нь байгаа учир тахилч түүнийг бузартсан хэмээн заавал тодорхойлох ёстой.
45 Арьсны халдварт өвчтэй болсон өвчтөний хувьд, тэрээр толгойнхоо үсийг бүтээлгүй, уранхай ноорхой хувцастай байж, өөрийн эрүү нүүрийг таглан “Бузартсан, бузартсан” хэмээн хашхирч байх ёстой.
46 Халдвартай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар байх болой. Тэр бузартсан байна. Тэр ганцаараа амьдрах ёстой бөгөөд түүний орон сууц нь хуарангийн гадна байна.
47 Хувцсан дээр халдварт шинжтэй толбо гарах тохиолдолд, энэ нь ноосон хувцас ч бай, маалинган хувцас ч бай,
48 ноосон, эсвэл маалинган нэхмэл ч бай, сүлжмэл ч бай, савхи ч бай, савхиар хийгдсэн аливаа эд ч бай ялгаагүй,
49 хэрэв хувцсан дээр, эсвэл арьсан дээрх, эсвэл нэхмэл юм уу, сүлжмэл эдийн дээрх, эсвэл аливаа савхин эдэн дээрх уг толбо нь ногоовтор буюу улбар байх аваас энэ нь халдварт хөгцийн толбо учир тахилчид үзүүлэх ёстой.
50 Тахилч толбыг үзээд уг эдийг долоо хоногоор тусгаарлана.
51 Тэгээд тэр долоо дахь өдөр нь уг толбыг үзээд хэрэв тэр нь нэхмэл буюу сүлжмэл хувцсан дээгүүр, эсвэл ямар ч зорилгоор ашиглаж болох савхин дээгүүр тархсан байх аваас энэ толбо нь хортой халдвар мөн учир бузар болой.
52 Тиймээс тэр тийм толботой болсон ноосон, эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл хувцсыг, эсвэл ийм аливаа савхин зүйлийг шатаана. Учир нь энэ бол хортой халдвар болой. Тэр нь галд шатаагдах ёстой.
53 Гэвч тахилчийг харахад уг толбо нэхмэл буюу сүлжмэл хувцсан дээр ч, эсвэл аливаа савхин зүйл дээр ч тархаагүй байх аваас
54 уг толботой болсон зүйлийг угаахыг тахилч тэдэнд тушаан үүнийг дахин долоо хоногоор тусгаарлана.
55 Тахилч уг толботой зүйлийг угаагдсаных нь дараа дахин үзэх бөгөөд хэрэв уг толбоны гаднах байдал өөрчлөгдөөгүй, хэдийгээр уг толбо тархаагүй байсан ч энэ нь бузар учир түүнийг гаднаас нь ч эсвэл дотроос нь ч халцлан идсэн байх аваас, түүнийг та нар галд шатаах ёстой.
56 Гэвч хэрэв тахилч түүнийг угаагдсаных нь дараа үзэхэд уг толбо хатан арилсан байвал, уг хувцаснаас буюу савхин зүйлээс, эсвэл нэхмэл буюу сүлжмэл эдээс түүнийг урж авна.
57 Хэрэв тэр нь хувцсан дээр юм уу, нэхмэл, сүлжмэл эд дээр, эсвэл савхин аливаа эдлэл дээр дахин үзэгдэх тохиолдолд энэ нь тархсан хэрэг учир толботой зүйл нь галд шатаагдана.
58 Хувцас, эсвэл нэхмэл буюу сүлжмэл эд, эсвэл савхин аливаа эдлэлийг угаасны дараа тэр толбо нь бүрэн арилгагдсан байх тохиолдолд тэр нь хоёр дахь удаагаа угаагдан цэвэр болох юм гэлээ.
59 Энэ бол ноосон юм уу, маалинган хувцсан дээрх, эсвэл нэхмэл буюу сүлжмэл дээрх, эсвэл савхин аливаа эдлэл дээрх халдварт шинжтэй толбын талаарх, мөн түүнийг цэвэр, эсвэл бузар хэмээн тодорхойлон хэлэхэд зориулсан хууль болой.