Левит

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27


Бүлэг 4

Тэгээд ЭЗЭН Мосед айлдахдаа—
2 Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Хүн ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг санамсаргүйгээр хийснээрээ нүгэл үйлдэн, тэдгээрийн аль нэгийг зөрчих тохиолдолд,
3 хэрэв тослогдсон тахилч нь ард түмэнд гэм бурууг авчрахаар нүглийг үйлдэх аваас, тэр хүн үйлдсэн нүглийнхээ төлөө согоггүй бухыг нүглийн төлөөх тахил болгон ЭЗЭНд өргөг.
4 Тэрээр бухыг ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд авчраад гараа бухын толгой дээр тавьж, түүнийг ЭЗЭНий өмнө нядална.
5 Дараа нь тослогдсон тахилч бухын цуснаас хэсгийг авч, түүнийгээ хурлын майханд авчирна.
6 Тахилч цусанд хуруугаа дүрэн цусны зарим хэсгийг ЭЗЭНий өмнө, ариун газрын хөшигний өмнө долоон удаа цацах бөлгөө.
7 Тахилч бас хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагын тахилын ширээний эврүүд дээр нялж, бухын бүх цусыг хурлын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу асгах болой.
8 Тэрээр түүнээс, нүглийн төлөөх тахилын бухаас бүх өөхийг нь салгахдаа сэмж, бүх дотор өөхийг,
9 ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг
10 (эвийн тахилын өргөлийн үхрээс салгасан яг тэр ёсоор) салгана. Тахилч тэдгээрийг шатаалт тахилын ширээн дээр шатаан уугиулах юм.
11 Харин бухын арьс болон түүний бүх махыг толгой, мөч, гэдэс дотор, сэвс зэрэг
12 бухын бусад бүх зүйлсийг тэрээр хуарангийн гадаа үнс асгадаг цэвэр газарт аваачиж түүнийг модон дээр галдан шатаана. Үнс асгадаг газарт үүнийг шатаах ёстой.
13 Хэрэв Израилийн нийт цуглаан алдаа хийн, уг хэрэг нь чуулганд анзаарагдалгүй, ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг хийснээр тэд гэм буруутай болох аваас,
14 тэдний үйлдсэн нүгэл нь мэдэгдэх үед чуулган нь нүглийн төлөөх тахилд зориулан бод малаас бухыг өргөх ёстой. Түүнийг хурлын майхны өмнө авчрах бөлгөө.
15 Дараа нь цуглааны ахмадууд өөрсдийн гарыг ЭЗЭНий өмнө, бухын толгой дээр тавиад, уг бухыг ЭЗЭНий өмнө нядлах болой.
16 Тэгээд тослогдсон тахилч бухын цуснаас хэсгийг хурлын майханд аваачна.
17 Тахилч цусанд хуруугаа дүрэн, ЭЗЭНий өмнө, хөшигний өмнө түүнийг долоон удаа цацна.
18 Тэрээр хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр хурлын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана.
19 Тэр мөнөөх бухаас бүх өөхийг нь салган, түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулна.
20 Тэр нүглийн төлөөх тахилын буханд хийсэнчлэн мөн тэгж, уг буханд хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдний төлөө эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно.
21 Тэгээд тэр бухыг хуарангийн гадна аваачиж түүнийг эхний бухыг шатаасантай адил шатаана. Энэ бол чуулганд зориулсан нүглийн төлөөх тахил юм.
22 Удирдагч нүгэл үйлдэн, ЭЗЭН Бурханы хийх ёсгүй хэмээн тушаасан бүх зүйлийн аль нэгийг нь санамсаргүйгээр үйлдэн, гэм буруутай болох тохиолдолд,
23 хэрэв үйлдсэн нүглийг нь түүнд мэдүүлбэл, тэр согоггүй ухныг өөрийн тахилд зориулан авчрах ёстой.
24 Тэр гараа ухны толгой дээр тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө түүнийг нядална. Энэ нь нүглийн төлөөх тахил юм.
25 Тэгээд тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч, түүнийг шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, түүний бусад цусыг шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой.
26 Бүх өөхийг нь тэр эвийн тахилуудын өргөлийн өөхийг хийсэнтэй адил тахилын ширээн дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.
27 Жирийн хүмүүсийн аль нэг нь ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг санамсаргүй хийснээр нүгэл үйлдэн, гэм буруутай болох тохиолдолд,
28 хэрэв үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл тэр үйлдсэн нүглийнхээ төлөө өөрийн тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болой.
29 Тэр хүн гараа нүглийн төлөөх тахилын толгой дээр тавьж, уг нүглийн төлөөх тахилыг шатаалт тахилын байранд нядална.
30 Тахилч түүний цуснаас хэсгийг хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгах болой.
31 Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн өөхийг салгасантай адил тэр ёсоор салга. Тахилч түүнийг нь тахилын ширээн дээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулна. Ийнхүү тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.
32 Гэвч хэрэв тэр хүн хургыг өөрийн тахил болгон нүглийн төлөөх тахилд авчрах аваас, согоггүй эм хургыг авчрах ёстой.
33 Тэр гараа нүглийн төлөөх тахилын толгой дээр тавьж, түүнийг шатаалт тахилыг нядалдаг газарт нүглийн төлөөх тахилд зориулан нядлах болно.
34 Тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялаад, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгана.
35 Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн хурганы өөхийг салгасантай адил тэр ёсоор салгах бөгөөд тахилч тэдгээрийг тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх өргөлүүд дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.