Левит

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27


Бүлэг 11

ЭЗЭН дахин Мосе, Аарон нарт айлдан—
2 Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэлэгтүн. “Газар дээрх бүх амьтдаас та нарын идэж болох амьтад нь эдгээр болой.
3 Амьтдын дундаас туурай нь салаатай буюу ац туурайтан болон сэвсээ хивдэг амьтдыг та нар идэж болно.
4 Харин та нар сэвсээ хивэгчдийн дундаас, эсвэл ац туурайтны дундаас эдгээрийг идэж болохгүй. Тэмээ хэдийгээр сэвсээ хивдэг боловч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар юм.
5 Үүнтэй адил хадны дорго хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар юм.
6 Мөн туулай ч хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар болой.
7 Гахай хэдийгээр туурай нь салаатай буюу ац туурайтан боловч сэвсээ хивдэггүй учир энэ нь та нарт бузар болой.
8 Та нар эдгээрийн махыг идэж болохгүй, хүүрт нь хүрч болохгүй. Тэдгээр нь та нарт бузар юм.
9 Усанд байдаг буюу далайд байдаг, голд байдаг сэрвээтэй, хайрстай болгоныг та нар идэж болно. Усанд байдаг энэ бүхнийг та нар идэж болно.
10 Харин усанд сэлэгчдийн дундаас, мөн усан дахь бүх амьтдаас далайд ч бай, голд ч бай сэрвээгүй, хайрсгүй алив бүхэн нь та нарт жигшүүрт зүйлс мөн.
11 Эдгээр нь та нарт жигшүүрт зүйл болох учир тэдгээрийн махыг та нар идэж болохгүй. Хүүрүүдийг нь ч та нар жигш.
12 Усанд байдаг сэрвээгүй, хайрсгүй болгон нь та нарт жигшүүрт зүйл болой.
13 Шувуудын дундаас эдгээрийг та нар жигших ёстой. Тэдгээр нь идэгдэх ёсгүй жигшүүрт зүйл болой. Эдгээр нь бүргэд, тас, хар тас,
14 элээ ба шонхрын төрлүүд
15 ба хэрээний бүх төрлүүд,
16 тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд,
17 ууль, хар галуу, цагаан хүзүүт тас,
18 хун, хотон шувуу, хүрэн шувуу,
19 өрөвтас ба хөх дэглийн төрлүүд, өвөөлж, сарьсан багваахай болой.
20 Дөрвөн хөлөөр явдаг далавчит бүх шавьж нь та нарт жигшүүрт зүйл болой.
21 Гэсэн ч дөрвөн хөлөөр явдаг далавчит бүх шавьжны дундаас та нар хөлдөө газар дээгүүр дэвхрэх үе мөчтэйг нь идэж болно.
22 Тэдгээрээс та нар царцаан төрлүүд, сүйтгэгч царцаан төрлүүд, хүрэлзгэний төрлүүд, дэвхрэгийн төрлүүдийг идэж болно.
23 Харин бусад дөрвөн хөлт, далавчит шавьж бүхэн нь та нарт жигшүүрт зүйл юм.
24 Үүнээс гадна, эдгээрээр та нар бузартах юм. Тэдгээрийн хүүрт хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно.
25 Тэдгээрийн хүүрээс аль нэгийг нь дээш авсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.
26 Ац туурайтан боловч туурай нь салгагдаагүй, эсвэл сэвсээ хивдэггүй бүх амьтдын тухайд, тэдгээр нь та нарт бузар бөгөөд тэдгээрт хүрсэн хэн боловч бузартсан болно.
27 Бас дөрвөн хөлөөрөө явдаг, бүх амьтдын дундаас тавхайгаараа явдаг бүхэн нь та нарт бузар бөгөөд тэдгээрийн хүүрт хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно.
28 Тэдгээрийн хүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэдгээр нь та нарт бузар ажгуу.
29 Газар дээр мөлхөгч амьтдын дундаас эдгээр нь та нарт бузар болой. Эдгээр нь сохор номин, хулгана ба том гүрвэлийн төрлүүд,
30 өмхий хүрэн, матар, гүрвэл, элсний хэвлээр явагч, хамелеон ажгуу.
31 Бүх мөлхөгч амьтдын дундаас эдгээр нь та нарт бузар бөгөөд тэдгээрийн үхсэн биед хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно.
32 Мөн тэдгээрийн аль нэгний үхсэн бие нь модон эдлэл, эсвэл хувцас хунар, эсвэл арьс, эсвэл уут хүүдий зэрэг хэрэглэгддэг аливаа зүйлс дээр унах аваас эдгээр нь бузартсан болно. Энэ нь усанд хийгдэх ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэгээд энэ нь цэвэр болно.
33 Мөн тэдгээрийн аль нэгэн нь аливаа шавар саванд унах аваас дотор нь байсан зүйл нь бузар болох агаад та нар уг савыг хагалах ёстой.
34 Тийм саванд байсан идэж болох аливаа шингэн хоол нь бузартсан болно. Тийм саван дахь ууж болох аливаа шингэн нь бузартсан болно.
35 Аливаа зүйлийн дээр тэдгээрийн хүүрийн ямар нэг хэсэг нь унавал тэр нь бузартсан болно. Ийм тохиолдолд пийшин эсвэл зуух нь хэмхлэгдэх ёстой. Тэдгээр нь бузартсан бөгөөд та нарт бузар хэвээр үлдэнэ.
36 Хэдийгээр тэдгээр амьтдын хүүрт хүрсэн нэгэн нь бузартдаг боловч булаг буюу ус хадгалах нөөцлүүр нь цэвэр хэвээр байх юм.
37 Хэрэв тэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь тариалалтанд зориулсан аливаа үрэн дээр унах аваас тэр нь цэвэр хэвээр байна.
38 Харин үрэн дээр ус хийгдсэн байгаад, тэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь түүн дээр унах аваас энэ нь та нарт бузар болно.
39 Мөн хэрэв та нарт идэш болох амьтдын нэг нь үхэх тохиолдолд түүний хүүрт хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан болно.
40 Мөн түүний хүүрээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Түүний хүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.
41 Газар дээр мөлхөх мөлхөгч амьтан бүр нь жигшүүрт бөгөөд тэднийг идэж болохгүй.
42 Хэвлээр мөлхөгч бүр, дөрвөн хөлөөр явдаг, олон хөлөөр газар дээгүүр мөлхөх мөлхөгч амьтан бүрийг та нар идэж болохгүй. Учир нь тэд жигшүүрт болой.
43 Мөлхөдөг аливаа мөлхөгч амьтнаар өөрсдийгөө бүү жигшүүр болго. Тэднээр өөрсдийгөө бүү бузарла. Тэгвэл та нар бузар болно.
44 Учир нь Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Тиймээс өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би ариун билээ. Та нар газар дээгүүр мөлхөдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бузарлаж болохгүй.
45 Учир нь Би бол та нарын Бурхан болохын тулд Египетийн нутгаас та нарыг авчирсан ЭЗЭН болой. Иймээс Би ариун учир та нар ариун байх ёстой” гэлээ.
46 Энэ нь амьтан, шувуу, усанд хөдлөгч аливаа амьд биет, газар дээгүүр мөлхөгч бүхний талаарх хууль бөгөөд
47 бузрыг цэврээс болон идэж болох амьтдыг идэж үл болох амьтдаас ялган салгахын тулд болой.