2 Коринт
Бүлэг 8
Ах дүү нар аа, Македонийн чуулгануудад өгсөн Бурханы нигүүлслийн талаар та нарт мэдүүлэхийг бид хүсэж байна.
2 Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэдний баяр баясгалангийн бялхал, туйлын ядуу зүдүү байдал нь тэдний өглөгч зангийн баялагт бялхсан аж.
3 Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ.
4 Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивээлийн талаар биднээс асар шаргуугаар гуйж,
5 бидний хүсэж байснаар бус, харин эхлээд тэд өөрсдийгөө Эзэнд, дараа нь Бурханы тааллын дагуу бидэнд өгсөн.
6 Иймээс урьдаас эхэлсэн шигээ энэхүү нигүүлсэнгүй ажлаа та нарын дотор дуусгахыг бид Титээс гуйсан юм.
7 Харин та нар юм бүхний дотор, итгэл, үг, мэдлэг, аливаа оролдлого, та нарт хандах бидний хайр дотор бялхам байдгийн адил энэхүү нигүүлсэнгүй ажилд ч гэсэн бялхам байгаарай.
8 Би үүнийг тушаал мэт биш, харин та нарын хайрын жинхэнэ байдлыг бусдын зүтгэлээр батлахын тулд хэлж байна.
9 Учир нь та нар бидний Эзэн Есүс Христийн нигүүлслийг мэднэ. Хэдийгээр Тэр баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болжээ.
10 Энэ нь та нарын төлөө тул би энэ зүйл дээр өөрийн бодлоо хэлье. Нэг жилийн өмнө та нар анхлан үүнийг хийхээр эхэлсэн төдийгүй, мөн ингэхийг хүссэн шүү дээ.
11 Харин одоо үүнийгээ хийж дуусга. Үүнийг хүсэж эхэлсэн шигээ өөрсдийн хэр чадлаараа үүнийгээ дуусга.
12 Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай.
13 Бусдын хувьд хөнгөн болж, та нарт зовлон болоосой гэсэндээ бус, харин тэгш байхын үүднээс ингэв.
14 Өнөө цагт та нарын элбэг дэлбэг байдал тэдний хэрэгцээг хангаж байгаачлан тэдний элбэг дэлбэг байдал бас та нарыг хангах болно. Тэгэхлээр тэгш байх болно.
15 Энэ нь “Ихийг хураасан хүнд нь илүүдсэнгүй, багыг хураасан хүнд нь дутсангүй” гэж бичсэнчлэн юм.
16 Харин та нарын төлөө гэсэн адилхан зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал байх болтугай.
17 Яагаад гэвэл тэр бидний гуйлтыг хүлээн авсан төдийгүй өөрөө ихэд хичээж, сайн дураараа та нар уруу явсан.
18 Бид түүнтэй хамт нэгэн дүүг илгээлээ. Түүнийг сайн мэдээний төлөө бүх чуулганууд магтдаг.
19 Зөвхөн энэ ч биш, мөн бидний хүслийг үзүүлэхийн тулд болон Эзэний Өөрийнх нь алдрын төлөө бидний үйлчилж буй энэхүү нигүүлсэнгүй ажилд хамт явуулахаар түүнийг чуулганууд томилсон.
20 Бидний үйлчилж буй энэхүү өгөөмөр бэлэг сэлтийн ажилд хэн нэг нь биднийг гутаах вий гэснээс ийнхүү урьдчилан сэргийлсэн юм.
21 Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө хүндлүүштэй зүйлсийг ч анхаарч үздэг.
22 Бид тэдний хамт нэг дүүгээ илгээв. Бид түүний зүтгэлийг нь олон удаа зүйл бүрээр сорьсон. Одоо тэр та нарт ихэд итгэдэг тул бүр ч их зүтгэлтэй болсон.
23 Титийн хувьд гэвэл, тэр бол миний анд нөхөр бөгөөд та нарын дунд буй хамтран зүтгэгч мөн. Ах дүү нарын хувьд гэвэл, тэд бол чуулгануудын элч нар бөгөөд Христийн алдар мөн.
24 Иймд та нар өөрсдийн хайрын болон та нарын талаарх бидний сайрхлын баталгааг чуулгануудын өмнө тэдэнд ил тод үзүүл.