2 Коринт
Бүлэг 2
Гэвч та нар уруу дахин уй гашуу болж очихоо больё гэж би хувьдаа шийдлээ.
2 Учир нь хэрэв би та нарыг гашуудуулбал миний гашуудуулсан тэр хүмүүсээс өөр хэн намайг баярлуулах вэ?
3 Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийн баяр баясгалан мөн гэдэгт би та бүгдэд итгэдэг.
4 Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм.
5 Хэрэв хэн нэг чинь гашуудуулсан бол тэр хүн зөвхөн намайг гашуудуулсан бус, харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг ч гэсэн гашуудуулсан байх. Би хэтрүүлж хэлээгүй.
6 Тийм хүнд олонхын зүгээс гарсан энэ шийтгэл хангалттай.
7 Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайвшруулах нь дээр юм.
8 Тиймд түүний төлөө хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя.
9 Та нар бүх зүйлийн дотор дуулгавартай байдаг эсэхийн баталгааг чинь мэдэхийн тулд би ийнхүү бичсэн.
10 Та нар хэн нэгнийг ямар нэгэн юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ.
11 Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш.
12 Христийн сайн мэдээний төлөө намайг Тройд ирэхэд Эзэн өмнө маань хаалгыг нээсэн байсан.
13 Би өөрийн дүү Титийг олоогүйдээ сүнс минь амарсангүй. Харин ч тэдэнтэй салах ёс гүйцэтгээд, би Македонийг зорин явсан юм.
14 Харин Бурханд талархлууд нь өргөгдөх болтугай. Тэр нь биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр анхилуулдаг.
15 Яагаад гэвэл бид аврагдаж буй болон мөхөж буй хүмүүсийн дотор Бурханд зориулсан Христийн анхилуун үнэр мөн.
16 Нэгэнд нь аминаас амь дахь үнэр авай. Нөгөөд нь үхлээс үхэл дэх үнэр авай. Хэн эдгээрт чадвартай вэ?
17 Бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханаас гарсан шиг, Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор ярьдаг.