2 Коринт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13


Бүлэг 11

Бага зэргийн мунхаглал дотор минь намайг тэвчихийг хүсье. Намайг хүлцэн тэвчээрэй.
2 Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан.
3 Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна.
4 Учир нь хэрэв хэн нэг нь очоод, бидний тунхаглаж байснаас өөр Есүсийг тунхаглахад, эсвэл та нарын хүлээн аваагүй өөр сүнсийг хүлээн авахад, эсвэл та нарын хүлээн зөвшөөрөөгүй өөр сайн мэдээг хүлээн авахад та нар дуртайяа тэвчдэг.
5 Би өөрийгөө хамгийн эрхэм тэдгээр элч нараас юугаараа ч дутахгүй гэж боддог.
6 Хэдийгээр үг яриагаараа эв дүйгүй ч, мэдлэгээрээ тийм бишээ. Бид үүнийг бүх юмсаар, тал бүрээр та нарт харуулсан.
7 Та нарыг өргөмжлөхийн тулд өөрийгөө даруу болгож, Бурханы сайн мэдээг та нарт үнэгүй тунхагласнаараа би нүгэл үйлдсэн хэрэг үү?
8 Та нарт үйлчлэхийн тулд би бусад чуулгануудыг цөлмөж хөлс авч байлаа.
9 Би та нарын дэргэд байхдаа юмаар дутагдахад хэнд ч төвөг удаагүй. Македониос ирсэн ах дүүс миний хэрэгцээг бүрэн хангасан. Алив зүйлээр та нарт дарамт болохгүйн тулд би өөрийгөө хичээж байсан бөгөөд хичээх ч болно.
10 Христийн үнэн миний дотор байгаачлан Ахайн нутгуудад хэн ч миний энэхүү сайрхлыг болиулахгүй.
11 Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Бурхан мэддэг.
12 Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр өөрсдийнхөө сайрхаад байгаа зүйл дээр бидэнтэй адилхан гэж харагдах боломжийг хүсэж буй хүмүүсээс тэр боломжийг нь би таслах юм.
13 Учир нь ийм хүмүүс бол хуурамч элч нар, зальтай ажилчид, өөрсдийгөө Христийн элч нар болгон хувиргагчид аж.
14 Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга.
15 Тиймээс хэрэв түүний зарц нар бас өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.
16 Би дахин хэлье. Хэн ч намайг мунхаг гэж бүү бод. Хэрэв тэгж бодлоо гэхэд намайг мунхаг мэтээр хүлээн ав. Би бас жаахан сайрхмаар байна.
17 Миний ярьж буй зүйл нь Эзэний дагуу ярьж байгаа бус, харин мунхаг хүн мэт сайрхуу итгэлээр ярьж байгаа юм.
18 Олон хүн махан биеийн дагуу сайрхдаг тул би ч бас сайрхана.
19 Учир нь та нар ухаантай атлаа мунхаг хүмүүсийг баяртайгаар хүлцэн тэвчдэг.
20 Хэрэв хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж өөрийгөө өргөмжилж, нүүрэн дундуур чинь дэлсээд авбал та нар хүлцэн тэвчдэг шүү дээ.
21 Бид мөхөс байсан гэдгээ хэлэхэд надад ичгүүртэй. Харин хэн ч ямар ч юманд зориглодог. Би мунхаглан хэлье. Би ч зориглодог.
22 Тэд еврейчүүд үү? Би бас мөн. Тэд израильчууд уу? Би бас мөн. Тэд Абрахамын үр удам уу? Би бас мөн.
23 Тэд Христийн зарц нар уу? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Хөдөлмөрөөрөө ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд орж байлаа.
24 Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан.
25 Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж байлаа.
26 Ахин дахин аялан явахдаа, гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан бөгөөд
27 хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, олонтаа хоол ундгүй байж, нүцгэрч, даарч хөрч байлаа.
28 Энэ бүгдээс гадна, би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтанд байна.
29 Хэн сул дорой байна, би сул дорой байгаагүйсэн бил үү? Хэн өдөөгдөв, би шатсан байгаагүйсэн бил үү?
30 Хэрэв би сайрхах хэрэгтэй бол өөрийнхөө мөхөс байдлаар сайрхах болно.
31 Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг худал яриагүйг минь мэднэ.
32 Дамаскт Арет хааны захирагч намайг баривчлах гэж дамаскчуудын хотыг цагдаж байсан.
33 Би том сагсан дотор суугаад, цонхоор хана дагуулан буулгагдав. Ингэж түүний гараас мултарсан юм.