Үйлс

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 5

Гэтэл Ананиа гэгч нэгэн эхнэр Сапфиртайгаа хамт хөрөнгөө зарж,
2 өртгийн заримыг нь өөртөө үлдээж, үлдсэнийг нь элч нарын хөлд тавьжээ. Энэ тухай эхнэр нь бүрэн мэдэж байв.
3 Харин Петр—Ананиа аа, чи газрынхаа өртгөөс заримыг нь нууж, Ариун Сүнсэнд худал хэллээ. Чиний зүрх яагаад Сатанд автах болов?
4 Худалдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдсанаас хойно ч чиний л мэдэлд байгаагүй гэж үү? Ийм юм чиний сэтгэлд яаж төрөв өө? Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв.
5 Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгалаа хураав. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.
6 Залуус босон түүний биеийг нь ороогоод гаргаж оршуулав.
7 Юу болсныг мэдээгүй түүний эхнэр гурван цаг өнгөрсний дараа хүрч ирэв.
8 Петр түүнд хандаж,—Та нар газраа ийм, ийм үнээр зарсан уу? Надад хэлээч гэхэд, тэр эмэгтэй—Тийм ээ, өртөг нь тийм байсан гэв.
9 Петр түүнд—Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулсан хүмүүс энд хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас авч яваг гэхэд,
10 мөнөөх эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж амьсгалаа хураав. Залуус орж ирээд, түүний нас барсныг үзэв. Тэгээд түүнийг авч гараад нөхрийнх нь дэргэд оршуулжээ.
11 Бүх чуулган болон энэ бүхнийг сонссон бүхэн үлэмжийн айдаст автав.
12 Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг бүтээгдэж байв. Тэд Соломоны асарт бүгд нэгэн санаатай байлаа.
13 Бусдаас хэн нь ч тэдэнтэй нийлэхээс эмээдэг байсан боловч ард олон тэднийг өндөр үнэлдэг байв.
14 Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэдэн дээр тогтмол нэмэгдэж байлаа.
15 Тэр ч байтугай ард олон Петрийг ирэхэд ядаж түүний сүүдэр нь тэдний хэн нэгэн дээр тусаасай гэж гудамж уруу өвчтэй хүмүүсийг авчран, дамнуурга болон дэвсгэр дээр тавьдаг байлаа.
16 Мөн Иерусалимын ойр орчмын хотуудаас хүмүүс өвчтөнүүд, эсвэл бузар сүнсэнд баригдагсдыг авчирч байв. Тэд бүгд эдгэж байлаа.
17 Гэтэл атаархалд автсан тэргүүн тахилч санаа нэгт садукайн бүлэглэлийнхний хамт эсэргүүцэн босож,
18 тэднийг барьж аваад нийтийн шоронд хорив.
19 Гэтэл шөнөөр Эзэний тэнгэр элч шоронгийн хаалгануудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь—
20 Өөрсдийн замаар яв. Сүм дотор зогсон ард олонд энэхүү Амийн бүх үгийг яригтун гэв.
21 Үүнийг сонссон тэд үүрээр сүмд орж сургаал зааж эхлэв. Тэргүүн тахилч өөрийн хүмүүсийн хамт ирж, Зөвлөл болон Израилийн бүх ахмадуудыг цуглуулж, нөгөөдүүлийг авчруулахаар шорон уруу хүмүүс илгээжээ.
22 Гэвч шорон уруу очсон цэргүүд тэднийг олоогүй тул эргээд ирж, энэ тухайгаа мэдэгдэв.
23 Тэд—Шорон бат бөх цоожтой, харуулууд нь хаалганы дэргэд байхыг бид харав. Харин бид онгойлгон ороход дотор нь хэн ч байсангүй гэв.
24 Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод, үүнээс үүдэн юу болж болох талаар будилж орхив.
25 Харин хүн ирж тэдэнд—Хараач. Та нарын шоронд хийсэн хүмүүс сүм дотор зогсоод ард олонд сургаал зааж байна гэв.
26 Тэднийг эв зүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа)
27 Ийнхүү нөгөө хэдийг авчирч Зөвлөлийн өмнө зогсоосны дараа тэргүүн тахилч тэднээс ийн асуув.—
28 Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.
29 Харин Петр болон бусад элч нар тэдэнд—Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой.
30 Та нарын загалмайд өлгөж алсан Есүсийг бидний өвөг дээдсийн Бурхан амилуулсан билээ.
31 Нүглүүдийг уучлах, Израильд гэмшлийг соёрхохын тулд Бурхан Түүнийг баруун гарынхаа Захирагч мөн Аврагчаар өргөмжилсөн.
32 Эдгээрийг бид төдийгүй Түүнийг дагагсдад Бурханы өгсөн Ариун Сүнс гэрчилж байна гэв.
33 Гэтэл тэд үүнийг сонсоод уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ.
34 Харин олонд хүндтэй, Хуулийн багш Гамалиел гэгч фарисай хүн Зөвлөлийн дотор босож, тэднийг түр гаргахыг тушаав.
35 Тэгээд зөвлөлийнхөнд хандаж—Израиль эрчүүд ээ, эдгээр хүмүүст аливааг үйлдэхдээ болгоомжтой хандацгаа.
36 Саявтар Тюд гэгч нэгэн гарч ирэн, өөрийгөө хэн нэгнээр өргөмжлөхөд, түүнтэй дөрвөн зуу орчим хүн нэгдсэн. Харин түүнийг алагдахад дагалдагсад нь бүгд тарж, алга болцгоосон.
37 Тэр хүний дараа Галилын Иуда гэгч хүн амын тооллогын үеэр гарч ирэн, хүмүүсийг өөрийнхөө араас дагуулав. Тэр ч бас үхсэн. Дагалдагсад нь бүгд тарсан билээ.
38 Тэгэхлээр энэ удаагийн хэрэгт ч би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаая. Тэднийг зүгээр л явуулчих. Яагаад гэвэл хэрэв энэхүү зорилго, үйлс нь хүнээс эхтэй бол нурж унах болно.
39 Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд
40 тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудан оруулж ирээд, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав.
41 Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа.
42 Тэгээд өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв.