Үйлс

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 2

Пентекостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа.
2 Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ.
3 Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа.
4 Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.
5 Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байв.
6 Энэхүү дуу чимээнээр үй олон хүмүүс цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ.
7 Гайхаж алмайрсан тэд—Энэ ярьж байгаа хүмүүс чинь галилчууд биш үү?
8 Гэтэл бид бүгдээрээ өөрсдийн төрөлх хэлээрээ тэдний ярихыг сонсож байх нь юу вэ?
9 Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази,
10 Фруг, Памфул, Египет болон Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд болон шинэ сүсэгтнүүд,
11 кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо гэв.
12 Тэд бүгд гайхшран, алмайрсаар өөр хоорондоо—Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв.—
13 Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нэг нь шоолов.
14 Харин Петр бусад арван нэгийн хамт босож, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглан—Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Энэ нь та нарт тодорхой байг. Миний үгэнд анхаарлаа хандуул.
15 Та нарын бодсончлон эдгээр хүмүүс согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна.
16 Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан
17 “Бурхан айлдаж байна.«Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана.Хөвгүүд, охид чинь эш үзүүлж,Залуучууд чинь үзэгдэл үзэн,Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно.
18 Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээрСүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно.
19 Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч,Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөдЭнэ нь цус, гал, суунаглах утаа болой.
20 Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнөНар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна.
21 Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно»”гэж хэлэгдсэнчлэн болжээ.
22 Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, тэмдгүүдийг бүтээж, энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ.
23 Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан.
24 Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм.
25 Давид Түүний тухай“Би Эзэнийг өмнөө үргэлж харж байсан.Тэр Миний баруун талд байдаг учир би чичирч дагжихгүй.
26 Иймээс зүрх минь баярлаж, хэл минь баяссан.Махан бие минь найдвар дотор оршино.
27 Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй,Өөрийнхөө ариун Нэгэнийг ялзралд хүргэхгүй.
28 Та Надад амийн замыг мэдүүлж,Өөрийнхөө оршихуйд Намайг баяраар дүүргэнэ”гэсэн.
29 Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдсан. Түүний булш өдгөөг хүртэл хадгалагдсаар байна.
30 Тэр эш үзүүлэгч байсан учраас өөрт нь Бурхан андгайлсанчлан түүний удмаас нэгийг нь түүний хаан ширээнд залахыг мэдээд,
31 Христийн амилалтыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй” гэжээ.
32 Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн.
33 Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, Тэр та нарын үзэж, сонсоцгоож байгааг цутгасан юм.
34 Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө“Эзэн миний Эзэнд айлдруун«Миний баруун гарт залар.
35 Ингэхдээ дайсныг чиньБи Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой» хэмээв”гэсэн юм.
36 Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.
37 Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас—Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав.
38 Петр тэдэнд—Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно.
39 Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.
40 Тэр өөр олон үгээр гэрчлэн—Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа.
41 Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.
42 Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.
43 Хүн бүрд айдас байлаа. Элч нар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдгийг үзүүлж байв.[Бүгдийн дээр үлэмжийн айдас байлаа]
44 Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв.
45 Тэд эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг байлаа.
46 Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон
47 Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.