Үйлс

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 19

Аполыг Коринтод байх үед Паул уулархаг нутгуудаар явсаар Ефест хүрч ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав.
2 Тэгээд тэдэнд—Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэхэд тэд түүнд—Үгүй. Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв.
3 Тэр—Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд—Иоханы баптисмыг гэжээ.
4 Паул—“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисмыг хүртээж байсан гэв.
5 Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв.
6 Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд олон хэлээр ярьж, эш үзүүлжээ.
7 Тэнд бүгд арван хоёр орчим хүн байлаа.
8 Тэрээр гурван сарын турш синагогт Бурханы хаанчлалын тухай сургамжлан, ятгаж зоригтой ярьж байв.
9 Харин зарим нь цугласан олны өмнө энэхүү Замыг муучлан, дуулгаваргүй, зөрүүдлэх болов. Тэр тэднээс холдож, дагалдагчдыг авч Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ.
10 Ингэсээр хоёр жил өнгөрөхөд Азид суурьшсан бүх иудей, грекчүүд Эзэний үгийг сонсоцгоожээ.
11 Бурхан Паулын гараар дамжуулан ер бусын гайхамшгуудыг бүтээж байлаа.
12 Алчуур, бүсийг нь түүнээс авч өвчтэй хүмүүст хүргэхэд өвчин нь эдгэж, муу сүнснүүд зайлж байв.
13 Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь бузар сүнснүүдтэй хүмүүст Эзэн Есүсийн нэрээр—Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж шившлэг хийхийг завджээ.
14 Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв.
15 Муу сүнс тэдэнд—Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв.
16 Тэгтэл муу сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүчээрээ түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтав.
17 Энэ явдал Ефест амьдардаг бүх Иудей, Грек хүмүүст дуулдахад тэд бүгдээрээ айдаст автав. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа.
18 Итгэсэн хүмүүсээс олонх нь ирж, өөрсдийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч илчлэв.
19 Ид шидийг үйлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ.
20 Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.
21 Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим уруу явъя гэж сүнсээр шийдэн, «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв.
22 Тэр өөрт нь үйлчилж байсан Тимот, Ераст хоёрыг Македони уруу илгээж, өөрөө Азид түр саатав.
23 Энэ үед Замаас болж багагүй үймээн гарав.
24 Мөнгөний дархан Деметр гэгч хүн Артемисын сүмийг мөнгөөр урлаж урчуудад багагүй орлого авчирдаг байв.
25 Деметр дархчуудыг цуглуулаад, тэдэнд—Хүмүүс ээ, бидний сайн сайхан байдал энэ ажлаас хамаардгийг та нар мэднэ.
26 Та нар Ефес төдийгүй бараг бүх Азид энэ Паул гэгч нь гараар хийсэн бурхад нь бурхад биш хэмээн ухуулж, олон хүнийг эргүүлснийг харж, сонсож байгаа.
27 Үүнд бидний дарх муу нэртэй болох аюул байгаа төдийгүй бас их охин тэнгэр Артемисын сүм хэрэггүй гэж тооцогдон, Ази болон дэлхийн шүтдэг охин тэнгэрийн сүр жавхлан буурах аюул байна гэжээ.
28 Үүнийг сонсоод тэд хилэгнэн уурлаж,—Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн хашхирч гарав.
29 Хот үймээн самуунд автан, хүмүүс нэгэн зэрэг Паултай ханьсан Македониос ирсэн Гайос, Аристарх нарыг чирэн жүжгийн хүрээлэнд дайран орж ирэв.
30 Паул цугларагсдын дунд орохыг хүссэн хэдий ч дагалдагчид түүнийг явуулахгүй байлаа.
31 Мөн Паулын анд болох Азийн хэсэг захирагчид хүн илгээн түүнийг жүжгийн хүрээлэнд очихгүй байхыг ятгажээ.
32 Цугларсан олон будилж самуурсан байсан тул нэг хэсэг нь нэг зүйл хашхирч байхад нөгөө хэсэг нь ондоо зүйл хашхирч байлаа. Тэдний олонх нь юуны төлөө цугласнаа ч мэдэхгүй байлаа.
33 Тэгтэл иудейчүүд Александрыг олны өмнө урагш гаргахад Александр хүмүүст чимээгээ намдахыг гараараа дохиод олон түмний өмнө өөрсдийгөө өмгөөлөхийг хүсжээ.
34 Гэтэл хүмүүс түүнийг Иудей хүн гэдгийг таниад бүгд нэгэн дуугаар—Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн бараг хоёр цагийн турш хашхиралдав.
35 Хотын захирагч ирж, цугласан олныг тайвшруулаад ийн хэлэв.—Ефесчүүд ээ, тэнгэрээс унасан дүр, агуу Артемисын сүмийн харуул нь Ефес хот мөн гэдгийг мэдэхгүй хэн байгаа юм бэ?
36 Иймээс энэ нь нэгэнт маргашгүй тул та нар гоомой юм үйлдэлгүй, тайван байх хэрэгтэй.
37 Та нарын авчирсан эдгээр хүмүүс чинь ч сүмийг цөлмөөгүй, охин тэнгэрийг маань ч ер доромжлоогүй юм байна.
38 Тиймээс хэрэв Деметр болон түүний урчууд хэн нэгний эсрэг гомдолтой байгаа бол шүүх хуралдаж байгаа, мөн тэргүүн захирагч ч байна. Тэд гомдлоо авч ирцгээг.
39 Хэрэв үүнээс өөр асуудал та нарт байгаа бол түүнийг чинь хуулийн дагуу хурлаар шийдвэрлэнэ.
40 Өнөөдрийн явдалтай холбоотой үймээн самуун дэгдээснийхээ төлөө бид буруутгагдах аюулд ороод байна. Учир нь үүнд үнэхээр шалтгаан байхгүй бөгөөд энэхүү эмх замбараагүй цуглааныг бид тайлбарлаж чадахгүй гэжээ.
41 Ингэж хэлээд тэр цуглааныг тараасан аж.