Үйлс

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 17

Тэд Амфипол, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв.
2 Паул өөрийнхөө заншлаар тэдэн уруу очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Судраас ухуулав.
3 Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод,—Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ.
4 Тэдний зарим нь Бурханаас эмээгч үлэмж тооны грекчүүд бас хэсэг язгууртан эмэгтэйчүүдийн хамт итгэцгээж, Паул, Силас нартай нийлэв.
5 Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг барьж авч олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.
6 Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирэн авчирч хашхиралдан—Дэлхийг үймүүлсэн эдгээр хүмүүс энд бас хүрч ирсэн байна.
7 Иасон тэднийг хүлээн авсан байна. Тэд бүгдээрээ Цезарийн зарлигийг эсэргүүцэж, “Есүс нэртэй өөр хаан байна” гэдэг гэцгээв.
8 Үүнийг сонссон хотын эрх баригчид хийгээд цугласан олныг тэд өдөөн хатгав.
9 Эрх баригчид Иасон болон бусдаас нь баталгаа гаргуулан авч, тэднийг суллав.
10 Ах дүүс шөнөөр Паул, Силас нарыг Берой уруу тэр даруй явуулжээ. Тэнд очоод тэд иудейчүүдийн синагогт оров.
11 Харин тэндхийнхэн Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа.
12 Тэднээс олонх нь Грекийн хэсэг нэр хүнд бүхий эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамт итгэв.
13 Гэтэл Тесалоникийн иудейчүүд Паулын Беройд ирж, Бурханы үгийг тунхаглаж байгааг мэдээд хүмүүсийг өдөөн хатгаж, үймүүлсээр тэнд иржээ.
14 Харин ах дүү нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулав. Силас, Тимот хоёр тэндээ үлдэв.
15 Паулыг гаргаж өгсөн хүмүүс түүнийг Афин хүртэл хүргэж өгөөд, Силас, Тимот нарыг түүн уруу аль болохоор даруй явуулах тушаал аваад буцлаа.
16 Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа шүтээнээр дүүрсэн тэр хотыг харж сүнсээрээ эгдүүцэн байжээ.
17 Тэрээр синагогт иудейчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн, мөн өдөр бүр зах зээлийн газар дээр байсан бүхэнтэй ярилцаж байлаа.
18 Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь—Энэ хоосон чалчигч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө хэсэг нь—Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүс болон амилалтыг тунхаглаж байжээ.
19 Тэд түүнийг барьж Арейпагт авчраад,—Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу?
20 Учир нь чи бидний чихэнд нэг л хачин юм сонордуулав. Тиймээс энэ чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ.
21 (Афинчууд цөмөөрөө болон тэнд зочлон буй гадаадынхан нэгэн шинэ зүйл сонсох, эсвэл ярихад л цагаа зарцуулдаг байжээ)
22 Паул Арейпагийн дунд зогсож ийнхүү хэлэв.—Афины эрчүүд ээ! Та нар алив бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа.
23 Учир нь гэвэл би та нарын шүтдэг зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа “Үл мэдэгдэх бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна.
24 Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар боссон сүмд оршдоггүй юм.
25 Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Өөртөө үйлчлүүлэхгүй.
26 Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь
27 хүн Бурханыг эрж хайх ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олоосой хэмээсэнд болой.
28 Танай зарим яруу найрагчдын “Бид бас Түүний үр удам” гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог.
29 Бурханы үр удам атлаа бид Бурханлаг Мөн чанарыг хүний санаа, урлагийн тусгалыг тээгч алт, мөнгө, эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй.
30 Иймээс ч Бурхан харанхуй балар үеийг харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг Тэр хүмүүст хандан тунхаглаж байна.
31 Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад тэр Хүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүмүүст нотолсон ажгуу хэмээв.
32 Үхэгсдийн амилалтын тухай сонсоод зарим нь дооглоход зарим нь—Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа.
33 Ингээд Паул тэдний дундаас гарч явав.
34 Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон өөр хүмүүс бас тэдэнтэй хамт байлаа.