2 Самуел
Бүлэг 21
Давидын үед жил дараалан гурван жилийн турш өлсгөлөн болсонд Давид ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгээд ЭЗЭН—Энэ нь Гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв.
2 Тэгээд хаан Гибеон хүмүүсийг дуудан тэдэнтэй ярив. (Гибеончууд бол Израилийн хөвгүүд биш, харин аморичуудаас үлдсэн хүмүүс бөгөөд Израилийн хөвгүүд тэдэнтэй гэрээ байгуулсан боловч Саул израильчууд болон иудачуудад таашаагдахын тулд тэднийг устгахаар эрмэлзэж байв).
3 Тэгээд Давид Гибеон хүмүүст—Би та нарын төлөө юу хийх ёстой вэ? Намайг юу төлбөл, та нар ЭЗЭНий өвийг ерөөж болох вэ? гэхэд
4 гибеончууд түүнд—Саул болон түүний гэрээс алт мөнгө авах хэрэг бидэнд байхгүй. Мөн Израильд ч хэн нэгнийг алах бодол бидэнд алга гэхэд, Давид—Би та нарын юу хүссэнийг хийж өгөх болно гэв.
5 Тэгэхэд тэд хаанд—Биднийг Израилийн газар нутгаас үлдээлгүй устгахаар төлөвлөж байсан хүнийх нь хувьд,
6 хөвгүүдээс нь долоон хүнийг бидэнд тушааж өгөгтүн. Бид ЭЗЭНээр сонгогдсон Саулын Гибеад, ЭЗЭНий өмнө тэднийг дүүжлэн алах болно гэхэд, хаан—Тэднийг та нарт өгөх болно гэв.
7 Гэвч хаан Саулын хөвгүүн болох Ионатаны хөвгүүн Мефибошетыг үлдээв. Давид болон Саулын хөвгүүн Ионатаны хооронд ЭЗЭНд тангарагласан тангаргийн улмаас амьд үлдээжээ.
8 Тэгээд хаан Аиагийн охин Ризпагийн Саулд төрүүлж өгсөн хоёр хөвгүүн буюу Армони, Мефибошет, мөн Саулын охин Мерабын Мехолат хүн Барзиллаин хөвгүүн Адриелд төрүүлж өгсөн таван хөвгүүдийг авч,
9 гибеончуудын гарт өгөв. Тийнхүү тэднийг ЭЗЭНий өмнө, уулан дээр дүүжилж алав. Ингээд долоон хүн хамтдаа үхэв. Тэд арвай хураах үеийн эхний өдрүүдэд алагджээ.
10 Аиагийн охин Ризпа таар авч, хадан дээр дэвсэн суугаад ургац хураахаас авахуулан тэнгэрээс бороо тэдэн дээр орох хүртэл, өдөр нь тэнгэрийн шувууг, шөнө нь хээрийн араатныг үргээн тэдний цогцост ойртуулсангүй.
11 Саулын татвар эм, Аиагийн охин Ризпагийн юу хийснийг Давидад хэлэхэд,
12 тэр явж, филистчүүд Саулыг Гилбоад алсан өдрөө, Бет-Шаны талбайд Саул, Ионатаныг дүүжлэхэд, тэндээс тэднийг хулгайлан авсан Иабиш-гилеадын хүмүүсээс Давид тэр хоёрын ясыг авав.
13 Давид Саулын болон түүний хөвгүүн Ионатаны ясыг тэндээс авчрав. Мөн дүүжлэгдэн үхсэн хүмүүсийн ясыг ч тэд цуглуулав.
14 Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн, Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд оршуулав. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.
15 Филистчүүд дахин Израильтай дайтав. Давид зарц нартайгаа хамт явж, филистчүүдтэй тулалдах зуур Давид эцэж ядарсан байлаа.
16 Рафагийн (Аварга биетний удам) удмын нэг хүн Ишби-Беноб Давидыг алъя гэсэн бодолтой байв. Түүний жадны хүнд нь гурван зуун шекел хүрэл бөгөөд тэр шинэхэн илд зүүсэн байв.
17 Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи Давидад туслан, филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан—Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж өгүүлэв.
18 Түүний дараа Гобд, филистчүүдтэй дахин тулалдаж, куши хүн Сиббекаи Рафагийн (Аварга биетний удам) удмын Сафыг алав.
19 Дахиад Гобд филистчүүдтэй тулалдахад, Бетлехемийн хүн Иаре-Орегимын хөвгүүн Елханан, гит хүн Голиатыг алав. Голиатын жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт байв.
20 Бас Гатад дахин тулалдаан болоход тэнд гар, хөлийнх нь хуруунууд нь зургаа, бөгөөд бүгд нийлээд хорин дөрвөн хуруутай аварга биетэн эр байлаа. Тэр ч мөн Рафагийн (Аварга биетний удам) удам байв.
21 Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах, Шимеигийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж алав.
22 Гатад Рафагийн (Аварга биетний удам) удмынханд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний цэргүүдийн гарт алагдав.