2 Самуел
Бүлэг 11
Хавар хаад дайнд морддог үед Давид Иоабыг зарц нарынхаа хамт болон бүх Израилийг илгээхэд, тэд Аммоны хөвгүүдийг устгаж, Раббаг бүслэв. Харин Давид Иерусалимд үлджээ.
2 Нэгэн үдэш Давид орноосоо босож, хааны гэрийн дээвэр дээгүүр алхалж байгаад, угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй байжээ.
3 Давид хүн явуулж, тэр эмэгтэйн тухай лавлан асуухад, нэг нь—Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв.
4 Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд, өөрийн гэрт буцав.
5 Эмэгтэй жирэмсэн болоод, Давид уруу хүн явуулж,—Би жирэмсэн боллоо гэж хэлүүлэв.
6 Давид Иоаб уруу хүн явуулж,—Хит хүн Уриаг над уруу ирүүл гэж хэлүүлэв. Ийнхүү Иоаб Уриаг Давид уруу явуулав.
7 Уриа түүн дээр ирэхэд, Давид түүнээс Иоаб болон хүмүүсийн сайн сайхан ба тулалдааны байдлын талаар асуув.
8 Тэгээд Давид Уриад—Гэртээ харьж, хөлөө угаагтун гэв. Уриа хааны гэрээс гарч явсанд, хаан түүний араас бэлэг илгээв.
9 Гэвч Уриа хааны гэрийн хатавчинд эзнийхээ хамаг зарц нарын хамт унтаж, гэртээ харьсангүй.
10 Хүмүүс Давидад—Уриа гэртээ хариагүй гэж хэлэхэд, тэр Уриад—Чи аян замаас ирээгүй гэж үү? Юунд чи гэртээ харьсангүй вэ? гэв.
11 Уриа Давидад—Бурханы авдар, Израиль болон Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очиж чадна гэж үү? Таны амьд буйгаар бас таны сүнсний амьд буйгаар тангараглая. Би огтхон ч тийм зүйл хийхгүй гэв.
12 Иймд Давид Уриад—Өнөөдөр ч мөн энд байгтун. Маргааш би чамайг явуулъя гэв. Ингээд Уриа тэр өдөр болон дараа өдөр нь Иерусалимд үлдэв.
13 Давид түүнийг урьж, өөрийн өмнө идүүлж, уулгасаар согтоов. Үдэш Уриа гарч яван эзнийхээ зарц нартай хамт өөрийн дэвсгэр дээр унтав. Харин тэр гэртээ харьсангүй.
14 Өглөө болоход Давид Иоабт захидал бичиж, Уриагийн гараар илгээв.
15 Тэр захидалдаа бичихдээ—Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа.
16 Ийнхүү Иоаб хотыг ажиглан, эр зоригтой дайснууд байгаа гэж мэдсэн газарт Уриаг тавив.
17 Хотын хүмүүс гарч ирэн, Иоабын эсрэг тулалдахад, Давидын зарц нарын дундаас зарим нь алагдсан бөгөөд хит хүн Уриа ч мөн үхэв.
18 Тэгээд Иоаб хүн илгээн, тулалдааны бүх үйл явдлыг Давидад мэдэгдэв.
19 Тэр элчид тушааж,—Тулалдааны бүх үйл явдлыг хаанд хэлж дуусахад,
20 хэрэв хаан хилэгнэж, “Яагаад та нар тулалдахаар хот уруу тийм ойрхон очив? Хэрмэн дээрээс тэд харваж болно гэдгийг та нар мэддэггүй юм уу?
21 Иеруббешетийн хүү Абимелехийг хэн цохиж алсан бэ? Нэгэн эм хэрмэн дээрээс тээрмийн чулууг унагаж, Тебезэд түүнийг алсан бус уу? Яагаад та нар хэрмэнд тийм ойрхон очив?” хэмээн чамайг загнавал чи “Таны зарц хит хүн Уриа ч үхэв” гэж хэлэгтүн гэв.
22 Ингээд элч мордон, Давидад очиж, Иоабын хэл явуулсан бүгдийг мэдүүлэв.
23 Элч Давидад—Дайснууд бидний эсрэг давуу хүчээр байлдан, биднийг довтлон хээр талд гарч ирсэн боловч бид тэднийг хаалганы үүд хүртэл шахав.
24 Үүнээс гадна, хэрмэн дээрээс харваачид таны зарц нарыг харваж, хааны зарим зарц нар үхэж, мөн таны зарц Хит хүн Уриа ч үхэв гэж өчив.
25 Тэгэхэд Давид элчид—Чи Иоабт ийнхүү дамжуул. “Илд хэнийг ч залгидаг учраас энэ хэрэгт санаа бүү зовогтун. Хотын эсрэг довтолгоогоо ширүүсгэж, хотыг арчин хая” гэж хэлж, түүний урмыг сэргээ гэв.
26 Нөхөр Уриа нь үхсэн гэдгийг Уриагийн эхнэр сонсоод, нөхрийнхөө төлөө гашуудав.
27 Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж, тэр эмэгтэйг гэртээ авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв. Гэвч Давидын үйлдсэн хэрэг нь ЭЗЭНий өмнө бузар муу байв.