2 Самуел

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


Бүлэг 19

Энэ нь Иоабт—Одоо хаан Абсаломын төлөө уйлан гашуудаж байна гэж мэдэгдэв.
2 Хаан хөвгүүнийхээ тулд гашуудаж байгааг хүмүүс дуулсан учир, тэр өдрийн ялалт нь хамаг ардуудын эмгэнэл болон хувирав.
3 Дайнаас зугтаж, басамжлагдан доромжлогдсон хүмүүс нууцаар буцаж ирдгийн адил, тэр өдөр хүмүүс хотод сэмхэн нууцаар орж ирэв.
4 Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар—Миний хүү Абсалом. Абсалом оо. Хүү минь. Хүү минь хэмээн орилон хашхирч байв.
5 Иоаб хааны гэрт очин, хаанд—Та өнөөдөр таны амь болон таны охид хөвгүүдийн амь, мөн таны эхнэрүүд болон татвар эмсийн чинь амийг аварсан өөрийнхөө бүх зарц нарыг гутаалаа.
6 Учир нь та өөрийг тань үзэн яддаг хүмүүсийг хайрлаж, өөрийг тань хайрладаг хүмүүсийг үзэн ядлаа. Та өнөөдөр жанжнууд чинь болон зарц нар чинь таны хувьд юу ч биш гэдгийг харуулав. Хэрэв өнөөдөр Абсалом амьд байгаад, бид зугтан, бүгд үхсэн бол энэ нь таны таалалд нийцэх байсныг би энэ өдөр мэдлээ.
7 Тийм учраас одоо босож, гадагш гаран, зарц нартайгаа эвээр яриач. Би ЭЗЭНээр тангараглая. Та гадагш гарахгүй бол, энэ шөнө нэг ч хүн тантай хамт байхгүй. Тэгээд энэ нь таныг залуу байхаас эдүгээ хүртэл танд учирсан ямар ч гай зовлонгоос муу байх болно гэв.
8 Ингээд хаан босож, хаалганы дэргэд суув. Тэд бүх хүнд—Хараач. Хаан хаалганы хажууд сууж байна гэхэд, бүх хүмүүс хааны өмнө ирэв. Израиль хүмүүс тус бүр өөрсдийн майхан уруу зугтааж буцсан байв.
9 Израилийн бүх овгуудаар хүмүүс—Хаан биднийг дайсны гараас, филистчүүдийн савраас аварч гаргасан. Харин одоо хаан Абсаломаас болж газар нутгаасаа зугтав.
10 Бидний тосолж хаан болгосон Абсалом тулалдаанд нас барав. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар дуугаа хураана вэ? гэж маргалдаж байв.
11 Давид хаан тахилч Задок болон Абиатарт хүн явуулж—Иудагийн ахлагчдад ингэж хэл. “Хамаг Израилийн хэлэлцэн байгаа нь хааны чихэнд, бүр гэрт нь хүртэл хүрсэн атал та нар юунд хаанаа ордонд нь буцаан авчрахад сүүл барина вэ?
12 Та нар бол миний ах дүүс, мах цусны минь тасархай. Тийн атал юунд хааныг буцаан авчрахад сүүл барьж байна вэ?”
13 Бас Амасад “Чи миний мах цусны тасархай бус уу? Хэрэв чи Иоабын оронд үргэлж миний цэргийн жанжин эс болбол, Бурхан намайг үүнээс илүү шийтгэх болтугай” гэж хэлүүлэв.
14 Ингээд Давид хамаг иудачуудыг нэг хүний зүрх мэт өөртөө хандуулав. Иудачууд хаанд хүн явуулж—Та болоод зарц нар тань буцаж ирнэ үү хэмээн хэлүүлэв.
15 Тэгээд хаан буцаж, Иордан голд хүрэхэд, иудачууд хааныг угтан, Иордан голыг гатлуулахын тулд Гилгалд ирэв.
16 Бахуримын Бениамин хүн Герагийн хөвгүүн Шимеи, Давид хааныг угтахаар яаран, иудачуудын хамт ирэв.
17 Түүний хамт мянган Бениамин эрс, мөн Саулын гэрийн зарц Зиба ч арван таван хөвгүүн, хорин зарц нараа дагуулан хааны өмнө Иордан голд ирэв.
18 Ингээд тэд хааны гэрийнхнийг гол гатлуулахын тулд болон түүний таалалд нийцэх зүйлийг хийхээр гармаар гаталсаар байв. Герагийн хөвгүүн Шимеи Иордан голыг гаталж байхдаа, хааны өмнө газарт хөсөр унав.
19 Тэрээр хаанд—Эзэн минь, намайг гэмтэй гэж бүү үзээч. Хаантан минь, Иерусалимаас гарч явсан тэр өдөр боол миний үйлдсэн гэмийг бүү зүрхэндээ хадгалан санаарай.
20 Боол би нүгэл үйлдсэнээ мэдэх учир, харагтун, өнөөдөр би Иосефын гэрээс хамгийн түрүүнд хаан эзнээ угтахаар ирэв гэв.
21 Зеруиагийн хөвгүүн Абишаи хариулж—ЭЗЭНий тосолсон хүнийг хараасан тул Шимеи үхэх ёсгүй гэж үү? гэв.
22 Гэвч Давид—Зеруиагийн хөвгүүд минь. Энэ бол миний хэрэг. Та нар өнөөдөр надад дайсагнаж байна. Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдэхгүй учир Израильд хүн алах ёстой гэж үү? гэж хэлэв.
23 Тэгээд хаан Шимеид—Чи үхэхгүй хэмээн айлдаж, түүнд тангараглав.
24 Саулын хөвгүүн Мефибошет хааныг угтахаар ирэв. Тэрээр хааныг гарч явсан өдрөөс эхлэн амар мэнд буцаж ирсэн өдөр хүртэл өөрийн хөлөө арчлалгүй, сахлаа хусаагүй, хувцсаа ч угаагаагүй ажээ.
25 Хааныг угтахаар түүнийг Иерусалимаас ирсэн үед хаан түүнээс—Мефибошет, чи юунд надтай хамт явсангүй вэ? гэж асуув.
26 Тэр—Хаан эзэн минь, зарц минь намайг мэхлэв. Боол би хөлгүй учир “Би илжиг эмээллэн унаж, хаантай хамт явъя” гэж хэлсэн юм.
27 Гэтэл тэр боол намайг эзэн хаанд гүжирдэв. Гэвч миний эзэн хаан Бурханы тэнгэр элч мэт тул та өөрийн тааллаар бологтун.
28 Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулав. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй юм бэ? гэв.
29 Хаан түүнд—Чи юунд өөрийнхөө хэргийг ярина вэ? Чамд болон Зибад газар хувааж өгнө гэж би шийдсэн гэж хэлэв.
30 Мефибошет хаанд—Хаантан амар мэнд гэртээ буцаж ирснээс хойш тэр бүгдийг нь аваг гэв.
31 Гилеад хүн Барзиллаи Рогелимоос Иордан голд хааныг үдэн гаргахын тулд хаантай хамт Иордан гол хүртэл явав.
32 Барзиллаи бол наян настай, их хөгшин хүн байв. Тэрээр ихэд баян хүн байсан учир Маханаимд байх зуур нь хааныг хүнсээр хангаж байв.
33 Хаан Барзиллаид—Надтай хамт гатлан явагтун. Иерусалимд надтай хамт байхад би таныг идэх хүнсээр хангах болно гэв.
34 Гэвч Барзиллаи хаанд—Хаантай хамт Иерусалимд очсон ч би хэдий удаан наслах билээ?
35 Би одоо наян настай болов. Би сайн, мууг ялгаж чадах уу? Юу идэж, уухаа би амталж үзэж чадна гэж үү? Дуучин эрс, эмсийн хоолойг сонсож чадна гэж үү? Ийм учир боол би эзэн хаанд тээр болохгүй гэж үү?
36 Боол би хаантай хамт Иордан голыг гаталж, жаахан яваад буцъя. Хаан яасан гэж надад ийм шагнал хайрлана вэ?
37 Би өөрийнхөө хотод, эцэг эхийнхээ булшны ойр үхмээр байгаа учир боол намайг буцаагаач. Гэсэн хэдий ч таны зарц Кимхам энд байна. Тэр миний эзэн хаантай хамт гатлан яваг. Та түүний хувьд тааллынхаа дагуу болтугай! гэж хэлэв.
38 Хаан—Кимхам надтай хамт гатлан явах болно. Би түүнд чиний таалалд нийцсэн зүйлийг хийх болно. Чи надаас юу хүснэ, түүнийг чинь би биелүүлж өгье гэв.
39 Ингээд хүмүүс бүгдээрээ Иордан голыг гатлав. Хаан ч мөн адил гатлав. Хаан Барзиллаиг үнсэж, түүнийг ерөөхөд, тэр хот уруугаа буцав.
40 Хаан Гилгал уруу явж, Кимхам болон Иудагийн бүх ардууд, израильчуудын хагас нь хааныг дагалдан явав.
41 Гэтэл тэнд израильчууд бүгд хаан дээр ирээд—Бидний ах дүүс болох иудачууд нь юуны тулд таныг булааж, хаан хийгээд түүний гэрийнхэн бас хаантай хамт Давидын хүмүүсийг Иордан голыг гатлуулан авчрав? гэв.
42 Иудагийн бүх хүмүүс израильчуудад—Яагаад гэвэл хаан бол бидний ойрын төрөл юм. Та нар юунд энэ талаар уурлана вэ? Хааныхаас бид хооллосон уу? Эсвэл бид ямар нэгэн зүйл өөрсдөдөө авч үлдсэн үү? гэв.
43 Израильчууд иудачуудад хариулж—Бид хаанд арван хувьтай билээ. Тийм учраас Давидад ч та нараас илүү байх ёстой. Тийн атал юуны учир биднийг үл тоомсорлоно вэ? Хаантнаа буцаан залах гэж эхэлж хэлэлцсэн нь бид бус уу? гэв. Гэвч иудачуудын үг нь израильчуудын үгнээс илүү хатуу байлаа.